Н.Батбаяр сайд Б.Шинэбаатараар туг тахиж, шоу хийв үү
2014 оны 6 сарын 30
Н.Батбаяр сайд Б.Шинэбаатараар туг тахиж, шоу хийв үү
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарыг тагнаж, чагнасан гэх мэдээлэл сүүлийн үед гарч, хэн ийм зүйл хийсэн бэ гэдэг нь асуудал болоод байгаа. Түүний хувьд чагнаж, тагнуулах зүйл хийгээгүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэв. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын хэлснээр “Өнгөрсөн баасан гараг буюу зургаадугаар сарын 20-нд ажилдаа ирэхэд өрөөний таазнаас шороо, шохой унасан байдалтай байсан. Ийм тохиолдол өмнө нь 2-3 удаа гарсан. Би үүнийг нэг их анзаарахгүй, цэвэрлэгчээ дуудаад цэвэрлүүлдэг байсан юм. Харин тав дахь өдөр таазнаас шороо унасан байсныг хараад Н.Батбаяр сайдад “Өрөөндөө орохоор шороо, шохой болчихсон байх юм.Үүнийг шалгуулвал яасан юм бэ” гэж утсаар ярьж хэлсэн. Сайд “Наадах чинь ноцтой юм байна. Холбогдох газарт нь мэдэгд, шалгуул” гэсэн. Өгсөн чиглэлийнх нь дагуу Тагнуулын ерөнхий газартай холбоо барихад холбогдох хүмүүс нь ирж үзлэг хийсэн. Үзлэгийн үр дүнд чагнах төхөөрөмж, камер гарсан гэсэн. Миний хувьд камер, чагнах төхөөрөмж мөн үү гэдгийг мэдэхгүй. Үзлэг хийсэн хүмүүс “Өрөөнөөс дуу хураах, дүрс бичлэгийн камер гарсан” гэдгийг батлаад аваад явсан. Энэ бүгд миний өрөөнөөс гарсан. Би төрд насаараа шахуу ажиллаж байна. ОХУ-д Элчин сайдын яаманд, Төрийн өмчийн хооронд ажиллаж байсан. Миний хувьд ямар нэгэн асуудалд холбогдож, шалгагдаж байсан түүх байхгүй. Би төрийн албанд шударгаар ажилладаг гэж боддог. Гэтэл өнөөдөр төрийн албаныхаа хүнийг хувь хүмүүс үү, төрийн байгууллагууд нь чагнадаг уу гэдгийг мэдэх юм алга. Гэхдээ ингэж байгаад нь миний хувьд гайхсан, үнэхээр гомдолтой байгаа. Энэ талаарх гомдлоо Тагнуулын ерөнхий газарт гаргасан. Тагнаж, чагнаад байгаа нь үнэхээр хачирхалтай байна. Чагнах, тагнах ажиллагаа явагдсан нь бодит үнэн гэдгийг хэлэх нь зүйтэй” гэсэн нь бий.

Харин эрхэм Төрийн нарийн бичгийн даргад өөрийг нь хэн чагнаж, тагнасан гэдгийг мэдэх сэжүүр байхгүй байгаа аж. Тагнуулынхан ч Эдийн засгийн хөгжлийн яамныхан дотроосоо чагнах, тагнах ажиллагаа явуулсан эсэхийг шалгаагүй гэдэг. Учир нь бусад өрөөнд үзлэг хийгээгүй юм байна. Гэхдээ Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар дөрвөн сарын өмнөөс өглөө ажилдаа ирэх болгонд таазнаас нь шороо, шохой унасан байсныг анзааралгүй өнгөрүүлсэн гэдэг нь хачирхалтай. Бас л хэнэггүй гэдэг нь ч үүгээр илэрхий байгаа юм. Нөгөөтэйгүүр түүний өрөөнд ямар яриа өрнөдөг байсан нь асуудал болох шиг боллоо. Тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайддаа алтан хошуу хүргэхэд хамгийн түрүүнд “Шалгуул” гэсэн нь олны гайхшралыг төрүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр тагнаж, чагнасан гэх нууц ноёнтон нь ямар ч бохир ажиллагаа явуулдаг юм билээ дээ.

 Чагнасан шиг чагнаж, тагнасан шиг тагнах байсан юм бол шороо, шохой гаргалгүй, ул мөрөө ч үлдээхгүй байхсан. Тэнэг хүн бодсон ч гэсэн ийм л баймаар. Гэтэл ул мөрөө тодоос тод үлдээчихээд байхад эдийн засгийн салбар хариуцсан Төрийн нарийн нь огт тоосон шинжгүй дөрвөн сар зүгээр л явах гэж. Магадгүй энэ нь зохион байгуулалттай, шоу юу гэх асуудал мандааж орхисон нь энэ. Гэхдээ Б.Шинэбаатар “Төрийн албанд олон жил ажиллахдаа улсын ажлыг унагаж байсан түүх байхгүй” гэж өөрийгөө ихэд өмөөрч суугаа. Харин “Б.Шинэбаатар буруутай зүйл хийгээгүй байж болно. Харин энэ асуудлаар Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлаасаа огцрохгүй тулд арга, саам хийж байгаа. Энэ бол түүний ээлжит шоу” гэж үзэх хүн олон байгаа юм. Тэгэхээр Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатараар туг тахиж, өөрийгөө оторлож суугаа юу гэдгийг цаг хугацаа харуулна биз ээ.



С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив