Ц.Нямдорж: Төмөр замыг цэрэг, дайны эрх ашгийн үүднээс харах юм бол юу ч биш болсон. Хэнд ч хэрэггүй
2014 оны 7 сарын 1
Ц.Нямдорж: Төмөр замыг цэрэг, дайны эрх ашгийн үүднээс харах юм бол юу ч биш болсон. Хэнд ч хэрэггүй
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төмөр замын талаар байр сууриа илэрхийллээ.

-Төмөр замын царигийн асуудал маргаан дагуулж байна. Учир нь Х.Баттулга гишүүн урд хөрш руу нарийн царигаар төмөр зам татахыг эсэргүүцсэнээс болж Ерөнхийлөгч дуудаж уулзлаа. Мөн төмөр замын бодлогыг УИХ-аар хаалттай хэлэлцэж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Би “Нээлттэй хэлэлцье, нуух юм байхгүй. Ард түмэнд үнийг хэлэлцэх цаг нь болсон” гэж санал гаргасан ч олонхиороо хаалттай хуралдсан. Харамсалтай нь хаалттай хэлэлцсэн хуралдааны мэдээллийг С.Ганбаатар гишүүн твиттерээрээ нээлттэй дэлгэсэн байна. “Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Г.Батхүү гурав энэ асуудлыг зүтгүүлж байгаад дэмжүүллээ. Бослого гаргацгаая” гэсэн утгатай зүйл бичиж. Тэгэхээр үүний цаана ажил хорлох гэсэн санаа явж байгаа. Дахиад үнэнийг хэлье. 1800 км төмөр зам тавина гэдэг ажил бүтэхгүй. Угаасаа мөрөөдөл байсан. Алтай Таван Богдоос Нөмрөгийн гүүр хүртэл төмөр зам татчихаад түүгээр юу зөөх юм. Малын арьс шир зөөх үү. Яах вэ, баримт бичиг байж болох юм. Гэхдээ 1800 км төмөр замыг ойрын үед тавьж, тээвэрлэлт хийнэ гэдэг бол ээлжит хууран мэхлэлт.

-Тэгвэл одоо яах ёстой вэ?

-Аминд тулчихаад байгаа асуудал бол говийн аймгуудад илэрсэн хоёр, гурван ордоо яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, хэрхэн ашиг хүртэх үү. Яаж зардал багатайгаар бүтээгдэхүүнээ зарах уу, үүнээс олсон мөнгөөрөө ард түмний амьдралын зовлонг хэрхэн нимэглэх вэ гэдэг ганцхан асуудал бий. Монголд хөдөлж байгаа гурав, дөрвөн зүйл бий. Сүүлд Дайчин авсан газрын тосны ажил явж байна. Зүүнбаянд 57 морин толгойтой хөдөлж байгаа жижиг ажил байгаа бол Оюутолгой, Тавантолгой гэсэн хэдхэн ажил өрнөж байна. Харин үүнээс гарсан бүтээгдэхүүнийг хаашаа гаргах вэ гэдэг асуудал байгаа. Хойшоо гаргаж, Баруун Европт хүргэх нь бүтэхгүй. 10 гаруй мянган км явахаар тээврийн зардал гардаг юм байгаа биз. Энэ чиглэлд хувилбар муутай. Яагаад гэвэл, Оросууд багтаж ядсан нүүрсний ордтой. Тэд ч гэсэн юмаа зарж л таараа. Тэгэхээр хөдөлгөөн ойрын 15-20 жилд урагшаа харагдаж байгаа юм. Монгол байтугай дэлхийн том компаниуд эдийн засгаа бодоод урагшаа нүүж байна. Энэ улсыг үзэн ядаад, муу яриа тараасан ч, монголчуудыг Хятадын эрлийз гэж мянга хардсан ч урд эдийн засгийн хөдөлгөөн болж байгаа нь ойлгомжтой асуудал. Урагшаа гарах гарц нь байж байгаа. Ойрын 5-10 жилдээ Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүн урагшаа гарна. Үүний өмнөөс хэн ч, хашаа ч холдож чадахгүй. Аминд тулчихаад байгаа асуудал бол Гашуунсухайт, Нарийнсухайт чиглэлийн төмөр замыг яаж хурдах хөдөлгөх вэ гэдэг байгаа.

-Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнийг урагшаа гаргахад нарийн царигийн төмөр замаар тээвэрлэх нь чухал гэсэн үг үү?

-Төмөр замыг зургаан жил улс төрийн зорилгоор хорлоллоо. Хорлож дуусах болоогүй юм уу гэдэг асуудал бий. Ийм асуудал байгаа учир Засгийн газраас оруулж ирсэн саналыг зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжсэн. “Дэмжихээс өөр хувилбар байхгүй” гэж Ерөнхийлөгч ярьж байлаа. Сүүлийн үед хөгийн юм болоод байгаа. “Төмөр замын царигийг нарийнаар тавьчих юм болбол баахан хятадууд зэвсэгтэй орж ирээд Монголыг эзлээд авчих юм” яриад байгаа биз. XXI зууны монгол төрийн сайд байсан хүн хөгийн юм ярьж, ард түмний тархийг угаана гэж яаж санаад нь ордог байна. Орчин үеийн дайн, байлдаан танкныхаа үеэс аль хэдийнэ гараад авчихсан. Төмөр замыг цэрэг, дайны эрх ашгийн үүднээс харах юм бол юу ч биш болсон. Хэнд ч хэрэггүй. Одоо бол хүнд даацын байлдааны онгоцоор холын тусгалтай пуужин ачиж буулгачихаад түүнийгээ машинаасаа бууддаг. Оросын өмнөөс Якут хүртэл буудаж, жижигхэн амбаарыг газар дээр нь сөнөөдөг ийм тенхикийн түвшинд цэрэг, дайны асуудал хөгжчихсөн юм. Тэгэхээр зэрэг үүгээр айлгаж, төмөр замын бодлогыг УИХ, Засгийн газар хэлэлцэхийг үгүй хийх гэж оролдоод байна. УИХ шийдвэрээ гаргах ёстой. Хувилбар энгийн.

-Ямар хувилбар гэж...?

-Х.Баттулга бид хоёр Засгийн газарт байхад Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэж хүүхдүүд компьютерээр хийсэн жижиг зураг шиг зүйл үзүүлж байсан. Ямар ч тооцоо, судалгаа байхгүй зүйлээ одоо болтол ярьж л байгаа. Харин “Тийм зүйл байхгүй” гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Газарт булагдсан цай нь шороо болоод дууссан. Зургаан жил болж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Аж үйлдвэрийн цогцолбор бий болдог юм аа гэхэд Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнийг тэнд ачиж ирээд боловсруулаад урагшаа гаргахаар болбол нарийн царигийн төмөр замаараа тээвэрлэх. Хойшоо гаргахаар болбол төмөр замын өргөн, нарийн царигийг хослуулж тавьж байгаад Орос руу өргөн, Хятад руу нарийнаар гаргачих бололцоотой. Ийм юм байж л байгаа. Харин төмөр замын төслийг босгоно гэдэг арга хэмжээний хүрээнд өмч, хувьчлалын асар их будлиан гарсан. М.Энхсайхан үүнийг яриад эхлэхэд баахан дайрч байгаад Тавантолгойн станцын төслийн удирдагчаар тавьж, амыг нь хаачихсан.

Сүүлийн үед Монголд юм ярьдаг хүний амыг худалдаж авах амархан болсон. Бие даагчид үг хэлбэл амыг нь албан тушаалаар худалдаад авдаг. Гэхдээ үнэнийг худалдаж авч дийлэхгүй. Төмөр зам ийм л учиртай. Түүнээс биш төмөр зам тавихыг эсэргүүцээд байгаа хүн Монголд байхгүй. Монголчуудын өмнө маш энгийн, жирийн нэг асуудал тавигдаад байгаа. Гарсан бүтээгдэхүүнийг нэг толгойгоор зөөх үү. Нэг толгойгоор 100 вагон зөөх үү гэдэг ганцхан асуултын өмнө Монголын төр зургаан жил зогсож байна. Би үүнийг яриад эхлэхээр “Ц.Нямдорж Тавантолгойд хүнд даацын 300 машинаар нүүрс зөөдөг” гэдэг  мэдээллийг тараасан. Тэгэхэд би юу гэж хэлсэн гээч. “Долоон хоногийн дотор хэвлэлээр миний талаар муу мэдээ явна. Та нар харж л байгаарай” гэж Засгийн газрын гишүүдэд хэлэхэд гурав дахь өдөр нь “Нийгмийн толь” сонинд 300 машины асуудлыг тавьсан юм. Ийм л юм болоод байна. Тийм учраас Монголын төр энэ шийдвэрээ гаргах хэрэгтэй. Алийн болгон нэг хүнээс айж улсын хөгжлийн асуудлыг хойш татах юм. Нэг хүн Монголын төрийг хэдэн удаа хорлож болох вэ гэдэг асуудал үүсчихээд байгаа юм. Энэ нь манай улстөрчдийн арчаагүй байдал. Энэ бүхнийг УИХ-ын гишүүд цөм мэдэж байгаа. АН, МАН-ынхан толгой дараалан бүх баримт бичгийг мэддэг. Харин айгаад хэлэхгүй байгаа юм. Аймхай хүн 10 үхнэ гэдэг байх аа. Эцсийн эцэст үнэнд гүйцэгдэнэ. Одоо тэр байдлаасаа гарах гэж хөгийн юм зохиож, найруулагч нь “Би байсан” гэж зарлаад явж байна. Улс орныхоо эрх ашгийг УИХ-д орж ирсэн гишүүд, улс төрд тодрох зорилготой нөхөд мөн ч их хорлох юм даа. УИХ-д дараачийн Ерөнхийлөгч болох гэж байгаа хоёр хүн бий. Тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс сийхгүй л байна.

-Х.Баттулгад Ерөнхийлөгч болох сонирхол байж гэж бодоход нөгөө хүн нь хэн бэ?
 
-Нэг нь Х.Баттулга. Нөгөө нь бие даагч С.Ганбаатар. Өөрийгөө дараачийн Ерөнхийлөгч гэж шийдвэрлэчихсэн. Түүндээ хүрэхийн тулд улс орныг сүйтгэхээс буцахгүй байна. С.Ганбаатар гэдэг этгээд Оюутолгойг Олон улсын шүүхэд өгнө гэсэн. Шүүхийн шийдвэрээ ард түмэнд танилцуулах хэрэгтэй. Өнөөдөр юу болж байна вэ гэхээр Монголын Засгийн газар ухаан муутай алхам хийсэн болохоор хэв журмынх нь дагуу татвараа авчих юман дээр зогсгүй үйлдэл хийчихсэн болохоор “Рио Тинто” мэдэгдэл хийсэн. “Энэ хууль бус, больчимгүй үйдлээ зогсоохгүй бол далд уурхайн ажил байхгүй шүү” гэдгээ мэдэгдчихсэн байна. Ингэж л улстөрчид улсыг хорлож байна. Харин монгол төрийн төлөө үнэнчээр зүтгэнэ гэж нум сумтай тангараг өгч байсан нөхөд бий. Тэднээс өнөөдөр нэлээд нь УИХ-д ороод ирсэн. Гэтэл ажиллаж байна уу.

-“Төмөр замын энэ бүх маргаан, будлианы ард Х.Баттулга гэдэг нөхөр бий” гэдэг яриа хэдийнэ гарсан. Таны хэлснээр Монголын төмөр зам хэнд ч ашиггүй болж байгаа хэрэг үү?

-2008 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаж байхад төмөр замын газар шорооны ажил эхлэх гэж байсан юм. Тодорхой хугацааны дараа нарийн төмөр замын 51 хувь төрийн мэдэлд очно гэсэн нөхцөлөөр “МАК”, “MSC” зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг гаргуулаад өөрийн хөрөнгөөр тавих гэж байсан юм. Тэр ажлыг Х.Баттулга зогсоосон юм. Ингээд Оросуудтай нийлж өргөн царигийн төмөр зам тавина гэж яриа хэлэлцээрийг элдэв түвшинд хийж, Якунин гэдэг хүн Монголд гурав, дөрвөн удаа ирж, Ц.Элбэгдорж, С.Баяр, УИХ ын дарга гэх мэт хүмүүстэй уулзаж, баахан юм болсон. Засгийн газрын хуралдаанаар Оросуудтай хамтарч төмөр зам барих үүрэгтэй Дэд бүтцийн хөгжил гэдэг хамтарсан компани байгуулна гэдэг шийдвэрийг Х.Баттулга оруулж ирээд зөвшөөрөл аваад гарсан. Дэд бүтцийн хөгжил гэдэг компани байгуулагдаж ТҮЗ-ийн даргаар Орост Элчин сайдаар ажиллаж байсан Хангай, гүйцэтгэх захирлаар нь Морозов гэдэг орос хүн томилогдож байсан. Тэр компанийн үндсэн зорилго нь энэ яригдаад байгаа төмөр замыг барих байсан юм. Энэ компаниар төмөр зам тавиулах гэж баахан юм болоод 2010 оны тавдугаар сард Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. 1800 км төмөр замыг өргөн царигаар барихаар болсон. Тэр бодлогын 6 дугаар зүйлийн 2 гэдэг заалтад “Экспортын зориултын төмөр зам барих ажил гарвал Засгийн газар УИХ-д саналаа оруулж шийдвэрлүүлнэ” гэсэн үг орсон. Ийм ажиллагаа явагдаж байх үед 2009 онд далдуур Монголын сайд Хятадад айлчлаад төмөр замын салбарт хамтран ажиллана гэсэн санал солилцсон. Үндсэндээ 2009 оны гуравдугаар сарын 18 гэдэг өдөр Хятадын Төмөр замын хязгаарлагдмал компанийн захиралтай Х.Баттулга санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр санамж бичигт Хятадын тал мөнгөө босгож төмөр зам барина. Монголын Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах онцгой эрхийг тухайн компанид өгнө гэж гарын үсэг зурсан. Энэ бол 2009 оны гуравдугаар сарын 18-ны өдөр. Үүний дараа долдугаар сарын 22-нд Хятадын Төмөр замын дэд сайд Монголд айлчлаад сайд байгаа А.Гансүхтэй гурван хуудас санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр санамж бичиг дотор нарийн царигийн төмөр замыг Хятадын тал мөнгөөрөө барина гэж маршрутыг заасан. Монголын тал ашигт малтмалын ордуудад урд айлыг оруулах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд оролцоно гэж үзэглэсэн. Ийм юм болсны дараа 2011 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Б.Батзаяа гэдэг хүн Солонгын хамтарсан групптэй төмөр зам Монголд бариулна гэсэн 21 хуудас гэрээ байгуулсан. 21 хуудас гэрээнд Х.Баттулга зөвшөөрсөн гээд гарын үсэг зурчихсан. Тийм гэрээ байгуулсаныг Монголд хэн ч мэдээгүй. Нууцаар хийсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Солонгост айлчилж байх үеийг даламдуулж энэ нууц гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд 1800 км төмөр зам барих гэрээ, хэлэлцээрийг Оросуудтай нэг, Хятадын холбогдох хүмүүстэй, түүний дараа солонгосчуудтай хийгээд цөмийг хуурсан. Үүнээс болж энэ ажил гацсан.

-Тэгэхээр Х.Баттулга “Төмөр замыг хэрэгжүүлэх гэхэд Сү.Батболдын Загсийн газар мөнгө өгөөгүй” гэж ярьж байгаа. Энэ нь хийсэн хуйвалдаанаа нуух гэсэн нэг арга гэж ойлгох уу?

-“Мөнгө өгөөгүйгээс юм хийж чадаагүй” гэж яриад байгаа. Мөнгөө өөрсдөө босгоно гэсэн нөхцөлтэйгээр Оросууд хөрөнгийг нь гаргаад төмөр зам барина гэдэг тайлбарыг тэр үед хийж байсан. Монголын Засгийн газраас юу ч гарахгүй гэж ярьсан. Гэтэл ийм юм хийж будлиан гутгачихаад одоо болохоор нарийн төмөр замаар урд айл руу юм оруулах нь гэж баахан юм бичээд байна. 1435 км нарийн царигаар төмөр зам тавина гэдэг баримт бичигт Х.Баттулгын даалгавраар А.Гансүх гарын үсэг зурчихсан байдаг. Үүнийг юу гэж ойлгох уу. “Ашигт малтмалын ордуудад оруулна” гэснийг бас юу гэж ойлгох уу. Эцсийн дүнд 2010 оны тавдугаар сард УИХ-ын бүх гишүүнд төрийн чухал шийдвэрийг гаргахад өндөр үүрэг гүйцэтгэсэн гэж шилэн хорготой бичиг дурсгаж өгсөн. Энэ нь миний ширээн дээр байж л байна. Түүний маргааш нь “Монголд хоёр жилийн дотор төмөр зам барина” гэсэн Х.Баттулга ярилцлага өгсөн. Үүнийг мартаагүй. Харин одоо юу гэж ярьж байна. Тэгэхээр ийм юм болоод байгаа учир төмөр зам бүтэлгүйтэж байгаа юм. Төмөр замын асуудалд гурван улсыг хуурсан явдал нь Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахад асар их муу нөлөө үзүүлсэн. Бондын мөнгөөр төмөр замын газар шорооны ажлыг өнгөрсөн жилээс хийсэн. 400 сая ам.доллар өгөхөөс 200-г өгсөн. Үлдэгдэл 200-г өгөхгүй байна гэж А.Гансүх мэдэгдэж байгаа. Тэгэхээр энэ янзаараа байвал төмөр замын ажил зогсоно. Хувийн компаниуд өөрийн мөнгөөр төмөр зам тавьчих байсныг зогсоож, замаас нь хорлосноос болж наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгочихоод байна. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив