“Кожеговь”-ийн төлөөлөгч Засаг даргын тамга хулгайлжээ
2014 оны 7 сарын 2
“Кожеговь”-ийн төлөөлөгч Засаг даргын тамга хулгайлжээ
“Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагууд Сүхбаатар аймгийн Онгон сумын малчидтай хамтран тус сумын нутагт зөвшөөрөлгүй байрлаж байсан “Кожеговь” компанийн ажилчдыг хүчээр хөөжээ.

Ингэхдээ орон нутгаас зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн, орон нутгийн захиргаатай байгаль хамгаалах төлөвлөгөөний талаар хэлэлцээгүй, Засаг даргын тамгыг хулгайлж хэрэглэсэн, хайгуул хийж байгаа газрын орчимд хоёр айлд гурав, таван хөлтэй гажигтай тугал төрсөн зэргийг үндэслэл болгосон байна.

Түүнчлэн “Цөмийн энергийн тухай хууль”, “Ашигт малтмалын тухай хууль” зөрчсөн гэж үзэж буй. Ингэснээр манай улсад ураны хайгуул хийж, олборлолт хийхэд бэлэн болчихсон Францын “Арева”-гийн охин “Кожеговь” компанийнхан дахин орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймагт хайгуулын 136, ашиглалтын 40, үүнээс ураны 19 лиценз байгаагаас 16 нь “Кожеговь”, хоёр нь “Монгол ураниум” , нэг нь “Гурван сайхан” компанид байдаг ажээ.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Э.Темөрхуяг “Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани Засаг даргатай зөвшилцөж, Байгаль хамгаалах төлөвлөгөөгөө батлуулах ёстой байдаг. Гэтэл “Кожеговь” компани байгаль хамгаалах төлөвлөгөөгөө Онгон сумын Засаг даргаар батлуулаагүй.

Мөн газрын даамал нь Засаг даргын тамгыг хууль бусаар авч, тамга дарсан байсан. Тиймээс Онгон сумын нэгдүгээр багийн малчид тус компанид үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан албан бичиг өгч байсан” гэлээ. Харин компанийн зүгээс тэдэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй тул ийн хүч хэрэглэхэд хүрчээ.


Э.Отгонтуяа

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ