Н.Батбаяр огцрох өргөдлөө өөрөө өгдөг хүн биш
2014 оны 7 сарын 4
Н.Батбаяр огцрох өргөдлөө өөрөө өгдөг хүн биш
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс төрд хариуцлага байх ёстой. Хариуцлагагүй ажилласан бол түүндээ өөрөө ёс зүйтэй хандах хэрэгтэй” гэж өчигдөрхөн ингэж ярьсан юм. Өөрөөр хэлбэл, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцэн баталснаар УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнаас эхлүүдээд огцруулах, эгүүлэн татах, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болно. Мөн албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Тиймээс эл хууль энэ парламент, засагт хамгийн хэрэгтэй болох нь тодорхой. Учир нь МАН-ын бүлгийнхэн сар гаруйн өмнө нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналаа гаргасан нь үнэн. Гэвч УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлаас хойшлуулсаар байгаа нь өнөөдөр парламент ёс, Дэгийн хууль гэж хэрэгждэг үү гэдэг асуудал өөрийн эрхгүй тулгараад байгаа. УИХ-ын гишүүд, нам, эвслийн бүлгийнхэн саналаа өргөн барьснаас долоо хоногийн дараа байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг заалт бий. Гэтэл УИХ-ын дарга нь энэ асуудлыг хэлэлцэх болохоор гэдийгээд суучихдаг. Үүнээс нь болж цөөнхийн бүлэг нь эсэргүүцэлтэй тулгардаг. Саналаа дахин дахин гаргахад хүлээж авдаггүй гээд энэ парламентад хариуцлага гэхээс илүү соёлгүй байдал ил болчихоод байгаа нь нууц бий. Өөрөөр хэлбэл, Н.Батбаяр гэдэг хүнд хайр зарлаад, толгойг нь илээд ил цагаанаар аваад үлдэх гэж байгаа бол чуулганаараа хэлэлцээд явах баймаар. Харамсалтай нь хариуцлагын асуудал хөндөхөөр эрх баригчид нь хоорондоо тохироо хийж сурсаныг илтгэж байгаа хэрэг.

Харин энэ байдлаас нь болж эрх нь дэндсэн Эдийн засгийн хөгжлийн сайд нь давраад байгаа юм биш үү. Гишүүд рүү дайрч давшилсан үг хэллэг хэлж, чуулганы танхимд уурсан суух нь олон харагдсан. Инээснийг асуу, уйлсаныг бүү асуу гэгчээр түүний уурласныг асуучихвал онгод тэнгэрээр түрий барих биз. Гэхдээ Ерөнхийлөгч төрийн өндөр албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших хуулийн төслийг танилцуулж байгаа нь санаадгүй хэрэг биш юм. Учир нь үгэнд ордоггүй, хариуцлага алдчихаад түүнээсээ зугтаж, бултаж, нам, эвслээрээ түрий барьж өөрийгөө аргацаалан явдаг сайд нарыг цэгцэнд оруулж, номхруулах гэсэн арга явж байгаа нь гэх. Тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн сайд гэдэг нэр зүүчихээд бүхнийг сайхан мэтээр ярьж явдаг энэ хүнд эл хууль хамгийн их зохих учиртай. Тэрбээр өнгөрсөн жил “Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Харин ч хоёр дахин буурсан.15 гаруй мянган өрх орон сууцанд орсон. Валютын нөөцөө алдсан зүйл байхгүй" хэмээн ёстой нэг сайрхаж өгч байсан. Ярьсан хэлснээ мэддэг бол энэ үгийг дахин сануулах хэрэгтэй. Харин бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, хоёр дахин буурчихсан бол иргэдийн амьдрал уруудах биш, сайжрах юмсан. Гэтэл байдал дээрээ эсрэгээрээ байгааг юу гэх билээ. Эдийн засгийн хөгжлийн сайд нь хэлсэн үгэндээ эзэн болоод улс орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг өнгөтэй, өөдтэй болгосон бол түүнийг огцуурлах тухай ярихгүй байсан нь мэдээж. Гэвч хэлсэн үгэндээ эзэн болоогүй учир УИХ дахь цөөнхийн бүлэг асуудал тавиад байгаа нь тодорхой биз.  Харин эрх баригч гэж бүхнийг түрий барьдаг намынхаа нөлөөнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ зун тайван гэгч нь амрах болчихлоо. Өөрөөр хэлбэл, түүнийг огцруулах асуудлыг завсарлагаар хаацайлж, ирэх намрын чуулганд шилжүүлэх нь. Гэхдээ Н.Батбаяр “Огцрох өргөдлөө өөрөө гаргана” гэсэн бор шувуу нисэлдэх болсон нь түүний ээлжит сенсаац болох нь илчлэгдсэн. Гэхдээ Н.Батбаяр огцрох өргөдлөө өөрөө гаргадаг хүн биш. Түүнд тийм соёл байхгүй.


С.МӨНХБАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив