Цөөнхийн бүлэг “анги”-ийнхандаа тааруу дүн тавьж, эрх баригчдад туслахаар болов
2014 оны 7 сарын 7
Цөөнхийн бүлэг “анги”-ийнхандаа тааруу дүн тавьж, эрх баригчдад туслахаар болов
УИХ дахь МАН-ын бүлгээс хаврын чуулганы үйл ажиллагаанд тааруу дүн тавьж, төрийн эрх барьж байгаа эрх баригч хүчин болох АН-ынхан туслахаар шийдвэрлэжээ. Энэ талаар МАН бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нар дараах тайлбарыг хийсэн юм.

С.Бямбацогт: -МАН-ын бүлэг дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 18 удаа хуралдаж, 19 ажлын хэсэг байгуулсан. Чуулганы хугацаанд 71 албан бичгийг холбогдох албан тушаалтнуудад илгээсэн. 11 газраас хариу ирж, 60 байгууллагаас хариу ирээгүй. Бүлгийн гишүүд есөн асуулга тавьснаас зургаад нь хариу ирээгүй. Өнөөдөр эрх барьж байгаа эрх баригчдын үйл ажиллагаа иймэрхүү байдалтайгаа явж, цөөнхдөө хандаж байгаа хандлага ийм л байна. Гэхдээ МАН-ын бүлгийн 26 гишүүн чуулганы хуралдаанд 90 дээш хувийн ирцтэйгээр оролцон асуудалд ажил хэрэгч, бодитой хандаж, зангидсан гарсан гар шиг нэг баг болж ажиллаж чадсан. Энэ чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн тэгш эрх, боломжоор хангах нөхцөл бүрдсэнийг онцлох нь зүйтэй. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр МАН нийт сонгогчдын 40 хувийн саналыг авсан. Харамсалтай нь УИХ дахь байнгын хороонд бүрэн харьяалагддагүй явсаар ирсэн. Энэ чуулган хаагдах үед МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын бусад гишүүний адил хоёр, хоёр байнгын хороонд харьяалагдах бололцоотой болсон. Тэгш байдал, боломж болон ойлголцол, зөвшилцлөөс амжилт, үр дүнг авчирдаг. Тэгш боломжоос хэн нь хэн бэ, юу чаддагаа харуулна. Тэгш байдлаас зөвшилцөл, ойлголцол бий болж, асуудалд үр дүн гарна. Хүч түрсэн, олонхиороо хууль зөрчсөн үйлдлээс ямар үр дагавар гардгийг өнгөрсөн хугацаанд бид бүхэн сайн анзаарсан. Тийм болохоор байнгын хороодод МАН-ын бүлгийн гишүүд тэгш хуваарилагдаж чадсан явдал нь энэ чуулганы томоохон онцлог байлаа. Үлдэж байгаа хугацаанд МАН-ын бүлгийн гишүүд санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай, туршлагатай, тулгатай улс төрийн хүчин болохоо харуулж ажиллана.

1996-2000 онд өнөөдөр эрх барьж байгаа хүчин засгийн эрхийг дангаараа барьсан. Тэр үед Монгол Улсын эдийн засаг яаж уруудаж, ард иргэдийн амьдрал хэрхэн доройтож байсныг мартаагүй. Үүнээсээ сургамж авч, УИХ-ын 2012 оны сонгуулиар олон суудалтай болж, “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтарч засгийн эрхийг бариад авчих болов уу гэж харсан. 2004-2012 онд манай нам АН-тай хамтарч найман жил засгийн эрх барьсан. Энэ үед МАН-ын гишүүдээс, засаг төр барьдаг туршлагаас суралцсан, мэдсэн, бас чадавхжсан байх гэж бодсон, бид. Гэтэл үгүй байна. 2012-2014 оны хагас хүртэл энэ хугацаанд үнэхээр төр барьж чадахгүй, улс орноор тоглож, ард иргэдийн амьдралыг улам доройтуулах юм байна гэдгийг мэдлээ, мэдэрлээ. Сануулж, шүүмжилж байсан боловч бидний үгийг авахгүй юм байна. Тийм болохоор бид өнөдөөр эрх барьж чадахгүй байгаа эрх баригчдад туслах  асуудалд анхаарахгүй бол болохгүй нь. МАН хариуцлагатай, туршлагатай, тулахтай улс төрийн хүчний хувьд үлдэж байгаа хугацаанд эрх барьж чадахгүй байгаа эрх баригчдад туслах талаар санаачилга гаргаж ажиллана. Бид чуулган завсарлаж байгаа хугацаанд амрахгүй. Энэ хугацаанд хууль боловсруулах, санаачлах, ард иргэдтэй уулзах. Улс орны эдийн засгийн хямралыг давах, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах чиглэлээр хийж болох зүйлийг хийхийн тулд эрх барьж чадахгүй байгаа эрх баригчдад туслах санаачилга гаргаж, хариуцлага хүлээж ажиллахаас өөр аргагүй болж байна.

Д.Дэмбэрэл: -УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа үнэндээ зүдэргээтэй явагдаж байна. Яагаад ийм байдалтай байна вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. Ямар хууль гаргачихав гэхээс илүү яаж ажиллаж байна вэ гэдэг байгаа юм. Энэ ажиллагааны байдлаас үзэхэд төслийг ихээхэн хуудуутай, муу боловсруулснаас болж байна гэж манай бүлгээс үзэж байгаа юм. Ялангуяа, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл гологдох, буцах, зармыг нь татаж авахаас өөр аргагүй байдалд олон удаа хүрч байна. Энэ бол нэг зүйлийг хэлээд байгаа юм. Түүнээс гадна эргэлзээтэй концесс, үзэл баримтлалтай хуулийн төслийг оруулж ирж байгаа явдал нь парламентын үйл ажиллагаанд муу нөлөөтэй. Түүнээс гадна энд ажиллаж байгаа намын бүлэг, улс төрийн чиглэлийн байгууллагууд үзэл баримтлалаас болж ихээхэн зөрүү, маргаан гарах явдал их байна. Үүний жишээ бол Газрын хууль. Манай намын бүлэг улс орны хэмжээний өрийг нэмэгдүүлэхгүй байх, ард иргэдээ ирээдүйд өрөнд унагачихгүй байх гэсэн гол шугам баримталж байхад эрх баригчид “Хөгжлийн гол хандлага өрөн дээр тогтдог. Зээл авч байж шийддэг” мэтээр хоосон номнол гаргаж тулгаж байна. Энэ удаагийн чуулганы бас нэг дутагдалтай тал нь иргэдийн амьжиргаа, эдийн засгийн хүндрэлд орчихоод байгаа энэ нөхцөлд холбогдож гарах ард иргэдийн талаар  авах арга хэмжээг ярихгүй өнгөрч байна. Цалин тэтгэвэр, малчдын нийгмийн даатгалын зарим асуудлыг хөнгөлөх, тэдэнд туслах талаар манай намын бүлгийн голдуу санаачилсан хуулиуд хойш сууж байна. Эрх баригчдын хандлага ямар байна вэ гэдэг эндээс харагдаж байгаа байх. Ард түмэндээ нялзах, тэдний амьжиргааг дээшүүлэх, доошоо оруулахгүй байх талаар анхаарал ерөөсөө тавихгүй байна. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс шаарддаг болох нь харагдаж байна.



С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив