Ц.Түдэв: Бид гадаадынханд зальдуулаад байна
2014 оны 7 сарын 8
Ц.Түдэв: Бид гадаадынханд зальдуулаад байна
ШУТИС-ийн профессор, Геологи-эрдэс баялгийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, геобизикч Цэвээнжавын Түдэвтэй ярилцлаа.

-Сүүлийн үед ураны талаар маш их ярих боллоо. Таны хувьд ураныг ашиглах талаар ямар бодолтой байна вэ?

-Хэрэглэнэ гэдэг ашиглана гэсэн үг. Цөмийн түлш болгодог юм уу, эсвэл чулуу, шавраас нь ялгах ийм л процесс ярих байх. Тэгэхээр бид юуны өмнө ураны талаар сайн мэдлэгтэй болох хэрэгтэй. Залуус, малчид, дарга, цэрэггүй л зохих хэмжээний ойлголттой байж үүнийг хэрэглэх үү, үгүй юү гэдгийг ярих юм. Жишээ татахад, гадаадын нэг хүнд хэлмэрчээр ажиллахад зарим нэг мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлаж чадахгүй тохиолдол гарна шүү дээ. Тиймээс тухайн орчуулагчийг дор хаяж долоон хоног сургалтад суулгаж, зохих хэмжээгээр мэдлэг, ойлголт өгснөөр аяндаа мэргэжлийн үг хэллэгээ чөлөөтэй орчуулаад явна. Түүнтэй адил хоёр гурван эрдэмтэн, над шиг цагаан толгойтой хүн ураны талаар яриад асуудлыг шийднэ гэж байхгүй. Тиймээс ураны талаар ойлголт өгөхийн тулд сургалт, сурталчилгааг маш их явуулах хэрэгтэй.

-Хүмүүсийг мэдээлэлтэй болгож мэдлэгжүүлэх нь чухал гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, иргэд ойлголтгүйгээс буруу мэдээлэлтэй байна уу?

-Намайг Орост сурч байхад цацраг идэвхит хайгуулын тухай хичээл ордог байсан юм. 1966 он гэхээр 40 гаруй жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ талаар сургалт явуулж, дор дээргүй мэдэж байх нь чухал юм. Тухайлбал Улаанбадрах суманд гарсан зүйлийг “Ураны үр дагавраас боллоо” гэж байгаа. Харин “Үнэн үү” гэдгийг батлах зүйл алга байна. Ураны хоёр ордыг тойроод малчид суурьшиж байгаа. Тэгэхээр ийм зүйл болж уу гэдгийг ялгаж, салгахад мэргэжлийн хүн хэрэгтэй. Цацрагийн байгаль орчинд тархах зам нь агаар тусал. Ханиад агаар туслаар халдварладаг. Түүнтэй адил. Газар дор байгаа зүйлийн тархах зам нь ус. Тэгэхээр мэдлэгтэй болж байж ураныг ашиглах, ашиглахгүй байх талаар ярилцах нь чухал. Нэг, хоёр хүн яриад юу ч болохгүй.

-Тэгвэл манайхан ураны зөв ашиглалт тал дээр ажиллаж чадаж байгаа болов уу?

-Энэ чиглэлийн мэргэжилтэн байдаг юм уу. Хайгуул, эрлийн чиглэлээр ажилладаг хүмүүс байдаг байх. Харин өөрөө удирдаад оролцож байгаа хүн байхгүй болов уу.

-Хэдийгээр уран гэдэг нэршил Монголд шинэ мэт. Гэвч мэргэжилтнээ бэлтгэснээр ашиглалт, олборлолтоо ярих ёстой биз?

-Хордлого хаанаас бий болж, юунаас гардаг вэ гэдгээс эхлээд ураны талаар ярина. Орос энэ талаар туршлагатай улс. Гэхдээ бид эхлээд мэдлэгтэй болох хэрэгтэй. Улаанбадрах сум руу явлаа гэж бодоход сая миний хэлсэн шиг цахилгаан соронз гэдгийг японоор хэлж мэдэхгүй байж орчуулна гэж явахын хэрэг байхгүй биз дээ. Түүнтэй л адил асуудал.

-Ураны ашиглалттай холбоотойгоор газар нутаг, Үндэсний аюулгүй байдал хөндөгддөг. Төрөөс ураны талалар ямар бодлогоор хэрэгжүүлэх нь зүйтэй вэ. Үүнийг юу гэж харж байна?

-Ураныг нүүрс шиг урагшаа ачуулах юм биш. Дэлхийн гарал үүслийн талаар монгол орчуулгатай танин мэдэхгүйн нэвтрүүлгийг саяхан үзлээ. Тэгэхээр ус, хүчилтөрөгч бүх юм чинь тоосонцор, атами байдалтайгаар солир, сансараас үүссэн байх юм. Ус, чулуу бөөгнөрөөд дэлхийг үүсгэчихсэн, бүтээчихсэн юм биш. Аажмаар сансарын тоос бөөгнөрөөд хүчилтөрөгч, цаашлаад олон зүйл үүсгэсэн талаарх тэрхүү нэвтрүүлгийг үзвэл ураны талаар ойлгоход дөхөм болохоор байлаа. Манайханд зарах зүйл олон байгаа. Заавал ураныг зарна гээд байх хэрэггүй. Тэгэх шаардлагагүй ч байхгүй. Ураны ихэнх зүйлийг ах нар олоод тогтоочихсон. Үүнийг судлаж байгаа болохоос биш шинээр илрүүлчихсэн биш шүү дээ. Оюутолгойг монголчууд нээчихсэн байсан. Мардайг ч ялгаагүй өмнө нь илрүүлсэн. Хэдэн хятад ирээд Мардайг олоод, Оюутолгойг австрали нөхөр ирээд нээсэн юм биш. Орос, Монголын хайгуулын нөхөд энэ бүхнийг олж илрүүлсэн. Ураныг бид одоохондоо ашиглаж чадахгүй. Яаж ашигладгийг хэн ч үзээгүй. Хийж ч байгаагүй. Оросын цөмийн иститутит очиж ажиллаж байсан эрдэмтэд бий. Гэхдээ шавар нь хэр зэргийн цацрагтай байгааг таамагладаг, бэлтгэсэн хүн байхгүй. Бид өөрсдийнхөө мэдлэг, мэргэжилд дээр доргүй, том жижиггүй анхаарчихаад “Франц нь ирээд ашигла, шар нутгаа гаргаж ав. Бид хяналтаа тавъя” гэдэг байдлаар хандах хэрэгтэй.

Харин бид ураны талаар мэдлэггүй байгаагаас гадаадыханд зальдуулаад байна. Алт гэж үнэтэй гэхээс биш нягт нь хэд вэ гэдгийг хэлэх хүн байхгүй л байгаа. Уран гэж хаширгаад  байна. Хүнд, хөнгөн нь хэр байдаг юм. Тогоонд хийвэл буцлах уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Мэдэхгүй учраас жагсаад хашгирахаас өөр юм байхгүй л байгаа юм. Тиймээс миний дахин, дахин хэлээд байгаа уран гэж юу вэ гэдгийг мэддэг, хүмүүс нь мэдлэгтэй болох хэрэгтэй байгаа юм.  

-Ярилцсанд баярлалаа.




Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив