Хоёр Украин, Хоёр Солонгос
2014 оны 7 сарын 8
Хоёр Украин, Хоёр Солонгос
1.
“Нэг улс хоёр систем” гэдэг нэр томъёо ХХI зууны босгонд моод болон яригддаг сан. Энэ нь хувь зохиолын эрхээр хуваагдсан улс үндэстэн нэгдэж амьдрах боломж гэсэн хэрэг. ХХ зууных шигээ бие биенээ дайлаар мордох хэрэггүй гэсэн үг. Жишээлбэл, хоёр Вьетнам шиг, хоёр Солонгос шиг, хоёр Герман шиг дайны үр дүнд бий болсон улс орнууд байдаг. Харин ХХI зууны шинэ улс орнууд энхийн үр дүнд  бий болох нь гэсэн итгэл төрж байв. Өөрөөр хэлбэл хэвшсэн, нэгэнт олж авсан амьдралын хэв загвараа хадгалаад нэгэн гэр бүлд амьдарч болно гэсэн хэрэг юм. Энэ бол Дэлхий дахинаа даяршлалаар амьсгалж байсан үе. Даян дэлхийн улс үндэстнүүд ардчилал хэмээх процессийг л  туулчихвал ард нь Америк шиг амьдрал хүлээж байна гэж төөрсөн гэхэд хаашаа юм гэхдээ мөрөөдсөн үе байлаа.
“Нэг улс, хоёр систем” гэдэг зарчим өдгөө БНХАУ, Гонконг, Макоа зэрэгт хамаарна. БНХАУ-ын Гонконгийн засаг захиргааны тусгай бүс болохын хувьд гадаад бодлого, цэрэг дайны асуудлаас бусад бүхнийг орон нутгийн удирдлага мэднэ. Ингэж дээрх зарчим дээр нэгдэнэ.
Гэтэл өнөөдөр манай дэлхийн өнцөг буланд дайны гал, сөргөлдөөн тэмцэлдээн үүссээр байна. Өнөө даяаршил, ардчилал маань өдөр ирэх тутам цөөн хэлэгдэх боллоо.

2.
Улс орнуудын салалт, нийлэлт, сонголт, учрал холбоог үлгэрт гардаг шиг амархан амар сайханд нь жаргаачихаж болдоггүй ажээ. Өнөөдөр ертөнц бүслүүрээ улам чангалж ч байх шиг. Эсвэл бүслүүрээ суллаж ч байх шиг. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч байх шиг. 
Санаанд ормгүй үйл явдлаар өдөр болгон сандаргаж байна.
Хойд Солонгос.
2014 оны долдугаар сарын 7-н.  
Харилцан заналхийлэл “хүйтэн дайнаа” зогсоож, цаашилбал холбооны улсын зарчим дээр нэгдэж болохыг санал болгов. 
Хэнд вэ? Өмнөдөдөө.
Санаанд багтамгүй алхам ч гэмээр.
Бид Өмнөд нь санал тавиад л Хойд нь хүлээж авдаггүй гэж бодож дасчээ.
Үнэхээр ингэж дассан шиг.
Дөнгөж саяхан Ялон тэнгэст балластик пуужин хаяад дэлхийн чихийг дэлдийлгэж байсан БНАСАУ-ын Засаг захиргаа ийм санал тавьж байдаг. Ингэж хамтран цэцэглэн хөгжихдөө “хоёр систем, хоёр үзэл суртал”-ын зарчим дээр суурилахаа онцолсон байна. Үүний  тулд БНАСАУ “дайсагналцахаас татгалзах, гадаад хамаарлыг дуусгавар болгох, Хойд, Өмнөдийн найрсаг харилцааг сайжруулана” гэжээ. Үнэхээр бодоод байхад хоёр улсын нэг үндэстэн зургаан талт хэлэлцээгээр дамжиж учраа олох нь уг нь маш ойлгомжгүй эд л дээ.
Бид л өөрсдөө дэлхийг ийм хэцүү болгочихсон болохоор одоо яая гэх вэ?!
Тэгээд цааш нь явъя л даа.
Энэ харилцааны үндэс нь БНСУ-ын Ерөхийлөгч Ким Дэ Жун, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн 2000 оны зургаадугаар сарын 15-ны Пхенъяны хамтарсан тунхагт үндэслэгдэнэ гэж ээ.
Солонгосын хойг дээр хоёр улс, хоёр систем оршин тотсоноос хойш бараг анхны гэж хэлж болох цорын ганц эерэг баримт бичиг энэ байх.
Үнэхээр хоёр улсын байдал нэг болгоомжгүй мэдэгдэл, эсвэл үйлдлээс болж залруулж боломгүй байдалд хүрэх хэмжээнд байгаа билээ.
Сайн цаг ирвэл сайн юм сан. Монгол хүн “Муу юм холуур” гэж хэлдэгээс сайн юмыг цаагуур гэж хэлдэггүй.

3.
10-хан жилийн өмнө хоёр Украин байлаа. Зүүн тал нь нилээн үйлдвэржсэн. Нүүрсний уурхайгаас аваад ган үйлдвэрлэл элдэв юмтай. Үүнийг дорнод Украин гэнэ. Орос үндэстэн олонтой. Баруун Украин нь нилээн Европ руу хөл дүрэмхий. Польш, Молдав, Еврей, Словак, Румын, Болгар, Унгар үндэстэн нутгийн оршин суугчид ч чамгүй байх.  Зөвлөлт засгийн үед зүүн, баруун гэдэг нь зөвхөн зүг чигийн ялгаа төдий үг байв.
Харин 1991 оноос Украин улс шинээр бий болсноос хойш энэ зүг чигийн гэмээр ялгаа гүнзгийрсээр байв. Гүнзгийрсээр гүнзгийрсээр өнөөдөр юуны ялгаа болсон нь бүү мэд.
Өнөөдөр дорнод гэнэ үү, зүүн гэнэ үү тэр Украин алга. Хохлы (энэ үгэнд олон утга бий. Үс ноостой холбоотой ч бий. Үг хэлтэй холбоотой ч бий), кацапы (как цап – ямаа шиг гэж доромжилсон хэлбэрээр) дээрээ тулжээ. 
“Бурхан цапыг бүтээсэн, чөтгөр кацапыг бүтээсэн” гэсэн украин хэллэг байдгаас л уншигч Та тунгаагаад бодчих.
Дорнод Украинд Донецкийн Бүгд Найрамдах Улс, Луганскийн Бүгд Найрамдах Улс хоёр бий болов. Уг нь Луганск муж гэхэд 2.3 сая хүн амтай байв. Донецк бүр 4.4 орчим сая хүн амтай байв. Энэ бүс нутагт нийтдээ 1500 орчим хот суурин байдаг байв. Одоо олигтой хотууд нь үнс тоосонд дарагдаж дууслаа. Ийм л 7 орчим сая хүний хувь заяа дээрээсээ доошоо харчихлаа. 
Энд өнөөдөр Обама, Путин, Меркель, Порошенькогийн хэн нь ч амьдардаггүй. Гэвч тэд дайн амьдарч байна. Шууд утгаараа алуулж, талуулж, дүрвэж, зугтааж, баривчлуулж,зодож, зовоож байна. Гаслангийн далай болов.  Амьдын хагацал, үхлийн суманд өртөж байна. Эндхийн жирийн иргэд хүчирхийлэлийн бүх атакт өртөж байна.
 Энэ бол дорнод Украин. Уг нь наад зах нь Запорожьед голио онгоцны мотоор хийдэг. Харцызскэд 1000 мм-ийн диаметртэй труба үйлдвэрлэдэг байв. Немировт дэлхийд нэрд гарсан Немирофф архиа лонхолчихдог. Болоод л байв.
Гэтэл өнөөдөр дорнод Украинд юу ч үйлдвэрлэх нь бүү хэл боллоо.
Реактив пуужингийн тэсрэлттэй галаар тасралтгүй буудна. Хүн байтугай чөтгөрийг ч ялгахгүй. Хөгшин хөвөө, хөрөв нялх цөмийг нь ялгалгүй онилно.
Украины Ерөнхийлөгч Порошенко “Галыг зогсооно” гэж хэдэнтээ амалсан боловч тэсрэлтэт гал энгийн номхон иргэдийн “хоншоорыг тас цохисоор”... Хөөрхий дөө гэмгүй иргэдийн хоншоор ч гэж юу байсан юм.
Ерөхнийлөгч хүн бүх Дэлхийд Ерөнхийлөгч болсноо зарлах нэг өөр хэрэг. Өөрийнхөө сонгогчдыг буудах бас нэг өөр хэрэг. Хоёрдохь нь бол бузар явдал.
Хэргийн учир энэ тэсрэлттэй галыг Порошенкод байгаа биш түүнд захирагддаггүй хэсэг бүлэг нээж байгаа гэх. 
Хэрэв ээ энэ үнэн бол Порошенко ч, Путин ч байг, Обама ч байг, Меркель ч байг хэн нь ч энэ дайнд ямар ч нөлөө үзүүлэхгүй нь ээ. Нойль. 
Хэрэвээ худал цуурхалаар халхавчлан ард түмнээ ангилан устгаж байгаа Ерөнхийлөгч байгаа бол энэ улс дууслаа гэсэн үг.
48 сая гаруй хүн амтай улс орны Крым, Севастополь гээд бараг 3 сая хүн тасраад явчихлаа. Одоо 7 сая орчим хүн ам оршин суудаг орон нутагт гаслан зовлон ундарч байна. Юу болов оо? Энэ Украин.
Эндээс маш гунигтай дүгнэлт л хийж болох нь. Дайнд ард түмэн туйлдаа хүртэл ядраад эцэстээ гал зогсоодог. Тийм л байдал руу орох вий. Энэ бүс нутагт одоо Европын холбоо сайн, Америк зөв, ОХУ аварна, Украины  эрх, шинээр өөрсдийгөө тунхагласан хоёр улсын буруу ч гэдэг юм уу түмэн яриа дүгнэлт яриад хэрэггүй. Яагаад гэвэл энд дайн болж байна. Дайн ямар ч эрүүл саруул санаа бодлыг сонсдоггүй.
Эцэстээ олон ашиг сонирхолтой хүн зон нэг дор эвтэй, амар амгалан амьдарч чадах тэр байдлыг л ардчилал гэдэг юм байна. Эс тэгвээс дайн тэрсэлдээн юм байна.

4.
Орос Украин хоёр үндэстэн дайтна гэдэг ахан дүүс дайтаж байна гэсэн үг. Ахан дүүс дайтна гэдэг шамбалын дайн гэсэн үг. Хэдийбээр оросууд украинаа хохлууд гэдэг, украинууд оросуудыг кацапы гэдэг. Энийг би гэнэн цагаанаар биенээ егөөдсөн хэрэг гэж бодож ирсэн. Гэвч “Үгэн дотор үг, үхэр дотор гиваа” гэдэг энэ бүлгээ. Бидний хийх дүгнэлт үгээ хүртэл бодож хэлж явах цаг иржээ гэсэн дохио. Өнөөдөр бидний зарим нь “Долдугаар сарын нэгэн бол эх орончдын өдөр” гэж хашгирч байна. Энэ бол цөөхөн Монголчуудын хувьд үг сонсохоо байсан үймээн байлаа. Энэ бол хэл үгээ олж чадахаа байсан хүмүүсийн байшинг балгас болгосон сөргөлдөөн байлаа. Муу юмыг хөгжүүлээд байвал дайн самуун. Сайн юмыг хөгжүүлээд байвал энх амгалан. Ердөө энэ. Бидний сургамж.


Х.БҮРЭНТОГТОХ




Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив