Улстөржихөөс өөр ажил хийгээгүй УИХ-д амрах эрх байна уу
2014 оны 7 сарын 9
Улстөржихөөс өөр ажил хийгээгүй УИХ-д амрах эрх байна уу
Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ яг талыг нь туулаад байна.
Бүрэн эрхээ бүтэн хэрэг­жүүлнэ гэж тооцвол ард түмнээс авсан томилолтын хугацааныхаа хугасыг нь авчихсан тэднээс, хариуцлага нэхэх хангалттай үе өнгөрлөө гэсэн үг. Гэвч улстөржилтөөр дүүрэн УИХ-ын хаврын чуулган даанч унхиагүй байлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулган яг гурван сар хуралдсан. Энэ хугацаанд сайдын сандал суудал, Засгийн газрыг огцруулах эсэх гурван асуудалд хамгийн их анхаарал хандуулсан байх юм. Эхнийх нь олны хэлж заншсанаар давхар дээлийг дан болгох асуудал. Ерөнхийлөгчийн өргөн барьсан уг хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганы төгсгөл, энэ хаврын чуулганы эхэн хагас хүртэл төвлөрч ажилласан ч эцсийн үр дүн гэж гарсангүй. Бүтэн хоёр сар тойрч ярьсан асуудлаа батлах эцсийн мөчид Их Хурал хулчийж, “буцаав”.
Ингэснээрээ Монголын парламентын түүхэнд “хууль баталъя” гэсэн эцсийн санал хураалт “унасан” тохиолдол энэ удаагийн УИХ-д бүртгэгдлээ. УИХ өөрөө ийн урагшгүй байгаад зогсохгүй, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллагын зааг ялгааг тогтоож, тогтолцооны зөв голдирлыг “ухаалаг” нэрээр оруулах гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг таслан зогсоолоо. Өөрөөр хэлбэл, 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх хууль санаачлагчийн төслийг улам наашлуулж, эгээтэй л энэ жилээс дагаж мөрдчих юм шиг дүр эсгэсэн УИХ дахь нам эвсэл, бүлэг фракцуудын зөрчлөөс болж ухаалаг төрийн төлөөх Ерөнхийлөгчийн санаачилга байндаа ч оносонгүй, банзанд ч туссангүй. Хууль санаачлагчийн хувьд аргаа барсан Ерөнхийлөгч ирэх намрын чуулганаар дахин өргөн барих бололтой. Ийнхүү Засгийн газрын гишүүд хариуцлагатай байж, засаглалын заагийг энэ удаагийн УИХ биелүүлэхгүй гэдгийг баталж, бас нэгэн тохироо томилгоонд хугацааныхаа гуравны нэгийг барлаа.

Тодруулбал, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга “давхар дээл”-тэй ажиллахгүй хэмээн сайн дураараа сайдын ажлаа өгч байхад, дараагийн томилсон хүн нь дахиад л давхар дээлтэн байх жишээтэй. Хажуугаар нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудалд олон хоног зарцуулж, улс төрийн фракцуудаас эхлэлтэй тохирооноос УИХ дахь намын бүлэг, байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эцсийн мөчид хууль санаачлагч О.Баасанхүү гишүүн төслөө эргүүлэн татах жишээтэй. Төрийн ажлаар ингэж даажигнаж, түмэн олныг ингэж тохуурхаж болох уу. Бас сөрөг хүчнийхэн зүгээр яаж суух уу, бас нэгэн сайдыг огцруулах гэж оролдоостой. Харин өнөөх нь яаж ийгээд бултаастай. Эцэст нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлаар авсан Ардчилсан намын бүлгийн завсарлага дуусч амжилгүй, хаврын чуулганыг хаалаа. Ийнхүү хэлэлцэх асуудал нь давхар дээлийн засварлагаар эхэлсэн хаврын чуулган Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлын завсарлагаар дуусав. УИХ ингэж салан задгай, сандал суудал, тохироо томилгоогоор хоорондоо толхилцсоноос өөрөөр ард түмний амьдрал, улс орны хөгжилд хүч нэмчих юу хийв. Хаврын чуулган хаалтаа хийсэн сүүлийн өдөр бөөндөж баталсан баахан хуулийг эс тооцвол шүү дээ. Энэ өдөр 2014 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл, Шилэн дансны тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулиуд батлагдав. Мөн Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд шил дараалан батлагдсан. Гэхдээ эдгээр хуулиудын хэрэгжилтээр бий болох хойшдын үр дагавар нь ямар вэ гэдгийг одоо хэлэхэд эртэднэ. Хэрэв Их хурал ийм жишгээр энэ хавар ажилласан бол, хэлэлцэхээр баталсан асуудлуудынхаа ард нь гарчих боломж байлаа. Даанч хайран цаг хугацаа, хамаг анхаарлаа сандал ширээний төлөөх дажинд үрж дууслаа. Үүний бас нэгэн жишээ нь Төрөөс төмөр замын талаар баримтлах тогтоолын төсөл. Засгийн газраас өргөн барьсан энэ асуудлыг УИХ ямар нэгэн байдлаар баталсан бол, хаврын чуулганаас харж байсан хүлээлт нэгээр цөөрөх байлаа. Тогтоолд тусгаснаар олон улсад гарах төмөр замын шугамыг долоо байхаар заасан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Гурван царигийг нарийнаар, гурван царигийг өргөнөөр тавих нь зүйтэй” гэсэн зарчмын шийдэлд хүрснийг УИХ дахин нягтлахаар болов. Улмаар Төмөр замын бодлогыг үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт нийцүүлэн оруулж ирэх үүргийг Засгийн газар хүлээсэн юм.
Харин бүрэн эрхийнхээ талд хүртэл хагас эрх эдэлсэн цөөнхийн бүлгийн гишүүд гурав хүртэл байнгын хороонд харьяалагдах “виз”-тэй болсон нь тэдний хувьд чухал шийдвэр. Цөөнх гэдэг сонгогчдын өмнөөс эрх баригчдыг хянаж, бас шаардах тогтолцоо талаас нь харвал ард түмний талд гарсан шийдвэр гэж харж мөн болох юм. Ийнхүү сандал ширээ, томилгоо тойрсон хэрүүлийн “ажлыг” дэндүү сайн хийсэн УИХ-д амрах эрх байна уу, ер нь.

Баталсан

1.     Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан
2.     Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
3.     Засгийн газарт чиглэл өгөх тухай (Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай) УИХ-ын тогтоолын төсөл
4.     Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
5.     Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
6.     Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
7.     Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл
8.     Шилэн дансны тухай хуулийн төсөл

Батлаагүй

1.     Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (Засгийн газраас өргөн бариагүй)
2.     Газрын тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга)
3.     Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
4.     Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
5.    Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл
6.     Мөрдөх албаны тухай хуулийн төсөл
7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
8.     Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
9.     Галт зэвсгийн тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга)
10.     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл (Шинэчилсэн найруулга)
11.     Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл
12.     Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
13.     Худалдааны тухай хуулийн төсөл
14.     Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
15.     Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
16.     Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл

Б.Энхжаргал




Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ