”Ачлал трейд”-ийн М.Билэгт нар халхалж барилга барьж байгааг иргэд эсэргүүцэж байна
2014 оны 7 сарын 16
”Ачлал трейд”-ийн М.Билэгт нар халхалж барилга барьж байгааг иргэд эсэргүүцэж байна
"Ачлал трейд"-ийн гэх тодотголтой М.Билэгтийг иргэд эсэргүүцэж, “Ачлал трейдийн М.Билэгт нар халхалж барилга барихыг эсэргүүцэж байна” гэсэн самбарыг өлгөөд багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах  "Шинэ зуун" хотхоны 24 дүгээр байрны сууринд тулган тус компани барилгын суурь ухаж эхэлснээр энэхүү эсэргүүцэл эхэлсэн гэхэд болно. Ийнхүү барилгын суурь ухаж эхэлснээр тухайн байрны оршин суугчид машин техникийн доргион чичиргээн дунд тайван амьдрах боломжгүй болсны зэрэгцээ хэрвээ тухайн төлөвлөсөн 4-4,5 метр өндөр таазтай 17 давхар нийт 76 метр гаран өндөр барилга босвол ард нь 10 хүрэхгүй метрт байрлалтай 24 метр өндөр уг орон сууцны оршин суугчид хэзээ ч нар үзэхээргүй болж байгаа нь олон нийтийг бухимдах, цаашилбал бослого гаргахад хүргээд байгаа юм.

 Энэхүү байр нь ХСҮТ-ийн ажилтнуудын байр аж. Тиймээс тухайн байрны оршин суугчид ийнхүү эсэргүүцэл зарлаад байгаа бөгөөд "Ачлал трейд"-ийн иргэдэд учруулж буй хохирол үүгээр дуусахгүй. Учир нь байшин барихаар ухаж буй газарт нь 18 дугаар хороог бүхэлд нь цахилгаанаар хангадаг дэд өртөө байрладаг. Гэтэл барилгын төлөвлөлтийн зурганд уг дэд өртөөг харуулаагүйн дээр, хаалга нь ч онгойх зайгүй төлөвлөлтийг нь хотын ерөнхий архитектор батлаад гарын үсэг зурсан байх аж. Ямартай ч “Ачлал трейд”-ийн М.Билэгтэд хууль үйлчилдэггүй бололтой. Учир нь арагшаа орон сууцны барилгын сууринд тулсан, урагшаа төв зам хүрсэн уг барилга баригдлаа гэхэд автомашин зогсох газар бүү хэл, явган хүн ч хажуугаар нь өнгөрөх зайгүй шахам  төлөвлөгдсөн барилга босгож, иргэдийг бухимдуулахад хүргээд байна. Оршин суугчдын мэдээлснээр өнгөрсөн жил 24 дүгээр байрны хажууханд "Ачлал тейд"-ийнхэн Японы хөрөнгө оруулалттай эмнэлгийг байгуулна хэмээн барилга барьж эхэлжээ. Тухайн үедээ оршин суугчид итгээд хэл ам хийгээгүй тул "даварсаар даварсаар давгийн оронд" гэдэг шиг тус компанийхан энэ жил "Япончууд биднийг барилгаа буруу барьсан байна гэсэн. Тиймээс одоо хажууд нь дахиад байшин барина" хэмээн ийнхүү дахин орон сууцны иргэдийг нар үзүүлэхгүй барилга барьж эхэлжээ. Ямартай ч хууль хяналтын байгууллага энэ асуудлыг анхааралдаа авна гэж найдъя.



Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ