Д.Хоролмаа: Б.Нармандахын туслах малчид болох гэр бүлийн хоёр хүн боом өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон
2014 оны 7 сарын 18
Д.Хоролмаа: Б.Нармандахын туслах малчид болох гэр бүлийн хоёр хүн боом өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Хоролмаатай ярилцлаа.

- Хан-Уул дүүрэгт наадмын үеэр боом өвчин гарсан. Энэ талаар тодруулаач?


-Энэ сарын 14-нд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Шувуун фабрикаас цааш Хүйтний хөндий гэдэг газар боом өвчний шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу Нийслэлийн мал эмнэлгийн газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд хамтран тухайн голомтод очиж хяналт тавьсан. Улмаар Төв аймгийн Баянхангай сумын иргэн Б.Нармандахын малд боом өвчний шинж тэмдэг илэрсэн. Тухайн малчин 2000 гаруй малтай, Төв аймгийн иргэн боловч нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа юм. Хоёр нутгийн зааг дээр оршиж байгаа болохоор хяналт муу тавигдаж вакцинд дутуу хамрагдсан гэсэн дүгнэлт гарсан.

-Вакцинжуулалтад дутуу хамрагдсан гэлээ. Ер нь тухайн айлын малд яг аль газраас вакцин хийх ёстой байсан юм бол?


-Төв аймгийн мал эмнэлгээс вакцинжуулалтыг хийх ёстой. Гэвч тус аймагт вакцины хүрэлцээ муу байсан гэж албан ёсны мэдээлэл байна.

-Одоогоор боом өвчний голомтод ямар арга хэмжээ авч авч ажиллаж байгаа вэ. Ер нь хэчнээн мал энэ өвчнөөр өвдсөн бэ?

- Тухайн голомтод Төв аймгийн мал эмнэлгийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Мөн Мал эмнэлгийн шинжилгээний хариуг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/235 дугаар захирамж гаргаж, голомтын бүсийг тойруулан 1,5 км-ийн радиустай дөрвөн пост гарган хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Үүнээс гадна ариутгал хийж байна. Дээрх айлын мал нь 2014 онд вакцинжуулалтад бүрэн хамрагдаагүй байсны улмаас энэхүү өвчин гарах эх суурь нь тавигдсан гэдгийг дээр хэлсэн. Тиймээс дээрх айлын болон ойр орчмын 4000 гаруй малд вакцинжуулалт, ийлдэс тариа хийсэн. Мөн хорио цээрийн бүс тогтоосонтой холбоотойгоор тус газарт Мэргэжлийн хяналтын газрын ажилчид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Анх 16 малд боом өвчин илэрч үхсэн бөгөөд одоогоор нэг ямаа, нэг бяруунд тус өвчний шинж тэмдэг илрээд байна.

-Боом өвчнөөр хүн өвчилсөн гэсэн?
 
- Хүн өвдсөн нь үнэн. Б.Нармандах малчны туслах малчид болох гэр бүлийн хоёр хүн боом өвчнөөр өвчилсөн гэдэг нь тогтоогдсон. Одоогоор нэг хүнийх нь биеийн байдал хүнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх иргэд боом өвчнөөр өвчилсөн малын сэг зэмийг задалж, ойртсоноос болоод боом өвчнөөр өвдсөн гэсэн дүгнэлт гарсан.

-Нийслэлд боом өвчин гарсантай холбогдуулан худалдаа үйлчилгээний газрууд, томоохон захуудад ямар хяналт тавьж байгаа вэ?


-Энэ талд томоохон худалдааны төвүүдэд зөвлөмжүүд хүргүүлж, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хугацаанд хийж байна. Дүүргүүдэд байгаа мэргэжлийн хяналтын байцаагчид тухайн газруудад хүрч ажиллаж байгаа.

-Ер нь нийслэлийн ойролцоо байгаа мал бүхий иргэдийг мал амьтны гаралтай халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлд НМХГ-аас ямар хяналт тавьдаг бол. Нийслэлийн ойролцоо хэчнээн өрхийн хэд орчим мал байгаа вэ?


-Улаанбаатар хотод байгаа мал бүхий иргэдэд хяналт тавих талаар нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн хавар гарсан. Мал бүхий иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж тэдгээрийг халдварт болон янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талд ямар арга хэмжээ авч ажиллах талаар журам батлагдсан. Журмын хүрээнд дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс тухайн дүүргийнхээ нутаг дэвсгэрт байгаа мал бүхий өрх, мал үржлийн нэгжүүдэд журмыг хэрэгжүүлж ажиллах талаар заавар зөвлөмж өгч байна. Мөн нийслэлийн хэмжээнд мал бүхий иргэд төлөвлөгөөт вакцинжуулалтад хамрагдаж байгаа эсэхийг хянаж байна. Нийслэлийн хэмжээнд 600 орчим айл өрхийн 30 мянга гаруй мал байгаа гэсэн тооцоо бий.



-Ярилцсанд баярлалаа.



Б.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ