Баянзүрх дүүргийн Засаг дарга сануулга авсан ч төсвийн мөнгөнд үрэлгэн хандав
2014 оны 7 сарын 21
Баянзүрх дүүргийн Засаг дарга сануулга авсан ч төсвийн мөнгөнд үрэлгэн хандав
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа дүүргүүдийн Засаг дарга нарт “Арга хэмжээ авах тухай” Б/156 дугаар захирамжийг хэдийнэ гаргасан. Учир нь нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн  аудитын дүгнэлтээр  зарим дүүргийн Засаг дарга нар материаллаг шинжтэй зөрчил гаргачихсан явдал бий. Тиймээс тэдний энэ үйлдлийг хаацайлах буюу сануулах арга хэмжээ авахыг үүрэгдээд өнгөрч буй. Өөрөөр хэлбэл,  хариуцлага оногдуулахаас илүүтэй нийслэлийн удирдлагууд засаг ноёдын гаргасан зөрчлийг сануулж суугаа нь хэр оновчтой вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм.

Харин сануулга авсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын жагсаалтын нэгдүгээрт Баянзүрх дүүргийн засаг ноён Д.Пүрэвдаваа тэргүүлж байгаа нь анхаарал татав. Түүний хувьд дүүргийн Засаг даргаар ажиллаж буй энэ хугацаанд шүүмжлэл, хэл ам дагуулсаар ирсэн. Учир нь дүүргийнхээ хороодын дарга нарыг хууль зөрчин томилж, өөрсдийнхөө хүнээр тойрон хүрээлүүлсэн. Энэ эрхмийн хувьд Засаг даргаар томилогдохоосоо өмнө 10 дугаар хороололд караоке баар ажиллуулж байхдаа удаа дараа хууль зөрчиж байсан гэдэг. Сүүлдээ хороололд сүлжээ караоке баар ажиллуулж байхад нь АН-ынхан дүүргийн Засаг даргаар тавьсан явдал бий.  

Тэр байтугай баянзүрхчүүдийг төлөөлж Засаг даргаар суух болсон Д.Пүрэвдаваа нь эрх мэдлээ хэтрүүлж, зөвшөөрөлтэй рекламны самбаруудыг шөнө дөлөөр эвдэн буулгасан үйлдэл гарсныг хэн бүхэн мэдэж байгаа. Түүнчлэн Засаг даргын ажлаа авсан дариудаа дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарыг хоморголон халж, тэднийг АН-ын хүнээрээ сольсон явдал гарсан билээ. Тус дүүрэг 28 хороотой бөгөөд өмнө нь ажиллаж байсан 216 хэсгийн ахлагчийг ажлаас нь халж, шинэ хүмүүсийг томилсон юм. Ингэхдээ залуухан хэсгийн ахлагч нарыг сонгосон гэдэг. Нөгөөтэйгүүр Баянзүрх дүүргийн 22 хорооны Засаг даргыг хүчээр өргөдлийг нь өгүүлж “Хэрвээ ажлаа өгөхгүй бол тэтгэмжийг чинь олгохгүй” гэж тулгасан явдал ч гарсан. Тиймээс 22 хорооны Засаг дарга нь албан шахалтаар өргөдлөө өгч, АН-ынхан энэхүү тэтгэмжээр түрүү барьж ажлыг нь өгүүлсэн явдал бэлхнээ бий.

Гэтэл түүний энэ даварсан үйлдэл төсөв, мөнгө рүү шургалж байгаа нь хачирхалтай. Энэ үйлдэл, зөрчлийг нь нийслэлийн удирдлагууд ч ил болгож, сануулга өгч байгааг юу гэх билээ. Тодруулбал, наадмын 10-ны өдөр тус дүүрэг төсвийн тодотголоо хийхдээ хэмнэлт биш үрэлгэн байдал руу шилжсэн нь хэн бүхний анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бөхийн өргөөний засвар, үйлчилгээнд 29, 48,5 сая төгрөгийг авто машин авах гэж цохон оруулсан нь төсвийн мөнгийг хайр гамгүй зарцуулахаар санаархаж буйн илрэл. Улс орны эдийн засаг хямралтай байхад хаа хаанаа бүсээ чангалах хэрэгтэй болоод байгаа. Гэвч хэлтэс, албаддаа авто машин авч өгөхөөр болсон нь хууль зөрчсөн хэрэг гэж үзэх хүмүүс байна. Тэгэхээр энэ дүүргийг толгойлж суудаг засаг ноён нь хууль зөрчсөн үйлдлээ хэзээ таслан зогсоож, төсөвт хэрхэн хэмнэлт авчирч чадах эсэхийг харах л боллоо.
  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив