Ц.Энхбаяр: Монголын ард түмнийг бос гэж уриалсаны төлөө ямар ял хэлэлцэхийг харъя
2014 оны 7 сарын 24
Ц.Энхбаяр: Монголын ард түмнийг бос гэж уриалсаны төлөө ямар ял хэлэлцэхийг харъя
-Ашигт малтмалын тухай хуулийг батлахаас илүүтэй түрэмгийллээр шийдсэн-

“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяртай ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хязгааралсан зүйл байгаа гэдэг. Танай холбооны зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Урт нэртэй хуулийн журманд өөрчлөлт оруулахаар өнгөрсөн оны есдүгээр 10-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Есдүгээр сарын 16-нд ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болоход эсэргүүцсэнээс болж манай хүмүүст хилс хэргээр ял оноочихоод байгаа. Үндсэндээ Ашигт малтмал, Газрын тухай гээд Монголын газрын баялаг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд илт заналхийсэн хууль зэрэг орж ирсэн. Хэдийгээр төмөр замын асуудал, Газар, Ашигт малтмалын тухай хууль тус, тусдаа асуудал боловч нэг үүрэг зориулттай байсан. Яагаад гэвэл, Монголын газар нутгийг эзэнгүйтүүлнэ гэж “Гал үндэстэн” холбоо харж байсан. Гэхдээ ард түмний эсэргүүцлээс айхдаа Газрын тухай хуулийг татаад авчихсан. Урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг зогсоосон хэдий ч хаврын чуулганы төгсгөлд Ашигт малтмалын тухай хуулиа баталлаа. Ашигт малтмалын тухай хуульд “Гал үндэстэн” холбооны нэг бүрэлдэхүүн болох Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс олон санал гаргасан ч зөрөлдсөн.

-Баталсан хуульд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс гаргасан санал ороогүй гэсэн үг үү?

-Оруулсан зүйл байгаа. Гэхдээ 5.3, 5.4, 5.5 гэсэн заалтыг энэ намрын чуулганаар ярьж болох юм гэдгээр хойшуулсан. Магадгүй өөр зүйл, заалтыг нийт эсэргүүцвэл “Харгалзаж үзнэ” гэсэн. Харин 5.3, 5.4, 5.5 гэсэн заалтад өөрчлөлт оруулах асуудалд байгаль орчны төлөө явдаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж, анхаарлаа хандуулна гэсэн байр суурьтай байгаа. Ямар ч байсан намрын чуулганыг хүлээж байна.

-Ашигт малтмалын тухай хуулиараа орд газруудаа гадаадынхан тавиад туучихлаа гэж үзэх гишүүд байна. Ингэж улайраад, зүтгээд байгаа асуудлыг юу гэж харж байна?

-Ашигт малтмалын хуулийг батлахаас илүүтэй түрэмгийллээр шийдсэн. Өглөө нь анхан шатны хэлэлцүүлгийг хийгээд үдээс хойно баталж байгаа нь түрэмгийлэл. Яагаад гэвэл, Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд, төр хамгаалалтдаа байлгана гэж заачихсан. Эдийн засгийг унагаж байгаа нь гадаадынханд биднийг эвгүй байдалд оруулах гэсэн сонирхол байна. Өөрөөр хэлбэл, газрын баялгийг үнэгүй авахаар санаархаж байна шүү дээ. Төр эдийн засгаа авч явж чадахгүй, унагачихаад бурууг бултаас хайгаад байгаа юм. Харин үүнээс гарах ганцхан арга зам нь  ард түмний өвчийг хулгайлж заръя, эвсэл газраа хувааж худалдая гэснээс өөр зүйл тархинд нь буухгүй байна. Үнэндээ 10 гаруй жилийн өмнөөс Монголын төр төр шиг байхаа больсон. Монголын ардчилал ч байхгүй. Зөвхөн ардчилал гэж ярьж, биднийг баясган чихэр өгнө гэж цаасаар гордоогоод байгаа болохоос С.Зориг агсантай хамт тэр өдөр булшинд орсон байхыг үгүйсгэхгүй болоод байна.

-Ардчилал үгүй болж, Монгол төр нь төр шигээ байхаа больчихлоо гэлээ. Тэгвэл одоо яах ёстой вэ?

-Одоо Монголын ард түмэн босох ёстой. Намайг “Монголын ард түмнийг бос” гэж уриалсаны төлөө ямар ял хэлэлцэхийг харъя. Үнэхээр бид эх орон, газар шороо, үндэсний аюулгүй байдал, ирээдүй, хойч үеийнхээ төлөө өнөөдөр тэмцэхгүй л юм бол энэ төрд маргааш гэж харагдахгүй байна.

-Сонгуулиар эрх баригч нам, “Шударга ёс” эвсэл Монголын баялгаа тэгш хүртээхээр олон сайхан амлалт өгсөн. Гэтэл энэ бүхнээсээ ухрах алхмыг хийсэн зүйл бий гэх?

-Бүх нам “Ашигт малтмалыг ард түмэнд ашигтайгаар явуулна” гэж хэлсэн. “Та нарт ашиггүй, бид нар хулгайлна” гэж аль ч нам яриагүй. Сонгууль бол зүгээр тоглоом. Харин 2016 оны сонгууль болох уу, үгүй гэдэг эргэлзээтэй байгаа. Надаад 2016 оны сонгууль харанхуй л байна.

-Иргэний нийгмийн байгууллагууд ард түмнийхээ дуу хоолой болоод гарахаар нухчин дардаг байдал бий болчихлоо гэдэг шүүмжлэл нэлээд гарч байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Илт байгаа. Иргэний нийгмийн байгууллага энэ төрийн алдааг гаргаж ирдэг. Уг нь бид “Хамтраад явъя, засаач” гэдгийг Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн долоо, Онги голын хөдөлгөөн 12, “Гал үндэстэн” холбоо таван жил хэлсэн. Төр, ард түмэн цул байсан үедээ монголчууд дэлхийн түүхийг бүтээлцэж, бодлогыг нь тодорхойлдог. Одоо бол ард түмэн, төр хоёр хуваагдсан учир хүчгүй болоод ийм байдалд орчихоод байна. Тиймээс учраас иргэний нийгмийн байгууллагаад “Нэгдье” гэхээр төр “Үгүй. Бид ганцаараа шийднэ. Та нар хэн ч биш. Талбай дээрээ орил. Чаддаг юм бол буугаа бариад ир. 21 жил шоронд хийнэ” гэдэг иймэрхүү юм яриад сууж байна. Зандалчин, балмад  төрийн эсрэг ард түмэн зэвсэг барин босохыг болиул гэдгийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал, иргэний болон улс төрийн эрхийн пактинд Засгийн газарт даалгасан. “Ард түмэн зэвсэг барьж босвол та нарын буруу. Ийм байдалд оруулахгүйг та нар хариуцана” гээд олон улсын пакт, бичгэнд заагаад өгсөн. Бүр арга ядахад хүн амьдралынхаа төлөө тэмцэх нь тухайн хүний эрх, үүрэг. Заяагдмал эрхээ зөрчүүлвэл түүнийхээ төлөө юу ч хийж болно. Байгаль орчиндоо эрүүл, аюулгүй амьдрах нь заяагдмал эрх. Үндсэн хуульд заасан хүний эрхийн 19 зүйл заалтыг энэ төр зөрчсөн. Өнөөдөр төрд гомдоогүй, хохироогүй нэг ч өрх айл Монголд байхгүй гэдгийг баталгаатай хэлж чадна. Баяжсан байгаа 200 гэр бүлийг эс тооцвол шүү дээ. Бусад нь хүнд байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив