Н.Цогтсайхан: Алх алга болсон асуудлаар хэн нэгнийг халж солиогүй
2014 оны 8 сарын 27
Н.Цогтсайхан: Алх алга болсон асуудлаар хэн нэгнийг халж солиогүй
БНХАУ-ын дарга Си Зиньпин  өнгөрсөн долоо хоногт манай  улсад төрийн айлчлал хийгээд буцсан.  Тэрбээр айлчлалынхаа хоёр  дахь өдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож, үг хэлсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хүндэтгэлийн чуулганыг нээх үеэр алх алга болсон асуудал гарсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга чуулган нээснийг мэдэгдэж, алх цохисноор баталгаажуулдаг учиртай. Гэсэн ч УИХ-ын даргын цохих учиртай алх алга болсон нь өнгөрсөн өдрүүдэд багагүй шуугиан дэгдээсэн. Тэр дундаа твиттер, фэйсбүүкээр алх алга болсон асуудал өнөөдөр ч хуучраагүй сэдэв хэвээр яригдсаар байна. УИХ-ын даргын ширээн дээрх алх хаачсан талаар УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Н.Цогтсайханаас тодрууллаа.

-БНХАУ-ын дарга Си Зиньпинийг манай улсад айлчлах үеэрээ хүндэтгэлийн чуулганд үг хэлэхийн өмнө УИХ-ын даргын цохих ёстой алх алга байсан нь  багагүй шүүмжлэл дагуулаад байна.  Ер нь тэр алх ямар замаар УИХ-ын даргын ширээн дээр очих ёстой байдаг юм бэ?

-Тэр яахав, жижиг процессын алдаа л гарсан. Гурван хүний гараар дамжиж байж УИХ-ын даргын ширээн дээр байрлах учиртай юм. Гэвч тэр өдөр цаанаас авчирч байсан хүн нь замдаа жаахан саатсанаас болоод л УИХ-ын даргын ширээн дээр аваачиж амжаагүй хэрэг. Өөрөөр хэлбэл, авчирч амжаагүй байхад л З.Энхболд даргын хэлэх  үг дуусаад алх цохих болчихсон гэсэн үг.

-Алх авчирч өгөөгүй хүмүүст хариуцлага тооцсон уу. Зарим нэг хүнийг халсан гэх мэдээлэл гадуур цацагдаад байна л даа?

-Юм болгонд хариуцлага яриад, хүн халж солиод байж болохгүй шүү дээ. Бид тэр алхны асуудлыг дотооддоо яриад ойлголцчихсон. Хэрвээ тэр асуудлаас болоод хэн нэгэнд хариуцлага тооцсон бол жишээ нь би өнөөдөр ингээд ажлаа хийгээд явж байхгүй шүү дээ. Манай алба, хэлтсийнхэн ч мөн бүрэн бүтнээрээ байгаа. Аливаа асуудлыг дэвэргэж, хариуцлага тооцож байгаа нь энэ гээд халах солих асуудал ярьдаг байж болохгүй.

-Дэгийн хуулиар УИХ-ын дарга алх цохисноор хуралдаан эхэлж, баталгааждаг. Гэтэл  хүндэтгэлийн чуулганыг нээхдээ алх цохиогүй учраас энэ чуулган албан бус гэх хүн ч байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Дэгийн болон бусад холбогдох хуульд  УИХ-ын дарга заавал алх цохисноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан зүйл байдаггүй. Харин алхны тухайд дотоод журмаараа зохицуулсан байдаг. Өмнө нь ийм асуудал үүсч байгаагүй, сая л нэг ийм жижиг алдаа гарчихлаа.

М.Өнөрөө


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ