А.Жасрай: Юмны үнийг нам өсгөөд байгаа юм биш
2014 оны 9 сарын 3
А.Жасрай: Юмны үнийг нам өсгөөд байгаа юм биш
Арьдчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчдын нэг А.Жасрайтай цөөн хором ярилцлаа.

-Энэ засгийн хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг харлуулж байна гэж ардчилсан хувьсгалыг эхлүүлж явсан ахмад гишүүд үзэж байна. Чухам ямар зүйлийг нь харлуулаад байна вэ?

-Юмны үнэ нэмэгдэж, ам.долларын ханш өслөө гэж байна. Зах зээлийн жамаараа л ам.долларын ханш өсч байгаа. Үүнийг АН-ын нөхөд өсгөөд байгаа юм шиг яриад байна. Өмнөх засгийн үед Хятадаас зээл авч, нүүрсээ үнэгүй шахам борлуулж байгаа зүйл бий. Тэгэхээр ард түмэнд үүнийг ойлгуулах ёстой. Дөрвөн жилд төлж гүйцэхгүй өр тавьчихаад сүүлд нь АН-ынхан хийсэн мэт яриад байна. Энэ бол харамсалтай хэрэг. Ам.долларын ханш өсөхөөр импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өөр арга байхгүй. Юмны үнийг нам өсгөөд байгаа юм биш. Зах зээлийнхээ зарчмаар бий болж байгаа зүйл. Өнөөдөр монголчууд их хар энергитэй болсон байна. “Тэр тэгсэн гэнэ билээ” гэхээр хүн болгон муугаар боддог болж.

-Эрх баригчдын хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн хувьд ахмад гишүүд ямар байр суурьтай байна вэ?

-Манай намын нэрийн өмнөөс УИХ-д сууж байгаа нөхдүүд эв эеийг хичээж, энэ Засгийн газрыг бүрэн ажиллуулах ёстой. Засгийн газар унавал аль ч улс орон сайн явдаггүй.

-Бодлого, шийдвэрийн хувьд хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйл байна уу?

-Энэ Засгийн газар эдийн засгийн хямралтай үед болох чинээгээрээ ажиллаж чадаж байгаа. Эдийн засгийн хямралыг бий болгоод өгсөн хүмүүс “Юм хийсэнгүй” гэж шүүмжлээд байгаа юм. Өмнөх Засгийн газрынхаа өрийг төлж хүчрэхгүй байгаагаас ард түмнээ тэжээж чадахгүй асуудал байна.

-Энэ засгийн алдаатай бодлогоос болж ард иргэдийн амьдрал хүнд байна гэж харах хүмүүс бий. Та үүний талаар ямар бодолтой байна вэ?

-Үүний эсрэг байна. Би 10 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг. Хүүхдүүдээ ганцаараа өсгөөд болгож байна. Харин гудамжинд гараад харахаар маш олон машин хөлхөж байна шүү дээ. Ингээд бодохоор хүмүүсийн амьдрал дээрдэж байгаа хэрэг. Мөнгөтэй хүн баар, ресторанд орно. Тэгэхээр цөөн тооны, амиа тэжээж чадахгүй байгаа нийгмийн тодорхой давхарга байна. Гэхдээ жилээс жилд иргэдийн амьдрал дээрдэж байна гэж боддог.

С.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ