МАН-ын бүлэг санаачилгаа тоолууртай ажиллуулаач
2014 оны 9 сарын 9
МАН-ын бүлэг санаачилгаа тоолууртай ажиллуулаач
Энэ төр засгийн ааш араншин нь хэзээнээсээ тогтворгүй эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хуйсгануур салхи мэт. Одоогоос хоёр жилийн өмнөх үйл хөдлөл, үйлдлийг нь эргэн сануулбал хөх инээд хүрмээр. Ерөнхий сайд Н.Алтанхуяг жилийн өмнө “Манай Засгийн газар энэ улс орны төлөө чардайж ажиллаж байна. Бидний хийж байгаа зүйлийг үгүйсгэж, муухай харагдуулах гэсэн оролдлого хаа сайгүй гарч байгаа. Тэгээд муухай дээр нь улцан гэгчээр валютын өсөлт гараад ирлээ. Үүн дээр тоглолт хийж, улстөржих гэсэн хүмүүс олширсон. Угаасаа шатахуун, татварын үнэ нэмэгдэхгүй. Энэ Засгийн газрын хийсэн сайн зүйлүүдийг яагаад ярьж болохгүй гэж. Ер нь бол манай Засгийн газар энэ Монгол Улсыг үлдсэн гурван жилд “галзуу” хөгжлүүлнэ. Санаа зовохгүй байж болно” гэж хэлсэнийг хариуцлагатайгаар сануулах хэрэгтэй. Мартсан нэгэнд нь ч мартагдуулахгүй тулд ой тойнд нь дахин кодлуулъя. Гэхдээ ард түмэн энэ үгийн хариуг хүлээж байгаа нь мэдээж.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа. Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Харин ч хоёр дахин буурсан. 15 гаруй мянган өрх орон сууцанд орсон. Валютын нөөцөө алдсан зүйл байхгүй. Монгол Улс эдийн засгаараа дэлхийн толгой арван улсын тоонд багтдаг” гээд өнгөрсөн хугацаанд амнаас нь гарах үг болгондоо сануулж байсан. Гэтэл тэрбээр өнөөдөр яагаад таг дуугүй болчихов. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлдэг Засгийн газар Монгол Улсыг яагаад “галзуу” хөгжүүлж чадахгүй байна вэ. Нэг үгээр хэлбэл, Монголын эдийн засагт хар утаа хэдийнэ суунаглаж, хөрш орнуудыг царайчилж суух гэж.

Саяхан урд хөршийн төрийн тэргүүн айлчилж, манай улсын хөгжилд гэрэл гэгээтэй зүйл авчрах нь гэж хэн хэнгүй баярлан хүлээж байгаа. Гэвч тэр бүхэн зөвхөн цаасан дээрх гэрээ, хэлэлцэл хэдий ч энэ бүхэн хэзээ ажил болж, Монгол Улс “галзуу” хөгжихийг таашгүй. Харин энэ Засгийн газар 2016 онд ажлаа дуусгавар болгохдоо Монгол Улсаа хөгжүүлсэн шиг хөгжүүлээд, хэлсэн ярьсандаа хүрч чадвал тэр үед нь алга таших хэрэгтэй байх. Гэхдээ Монгол Улс хөгжиж чадах нь үлгэр мэт байгаа нь энэ засгийн саваагүй байдал харуучихлаа гэхэд болно. Учир нь валютын ханшны огцом савалгаа бий болсноор яг нэг жилийн ойтойгоо золгож байна. Харамсалтай нь өнөөдрийг болтол ам.доллар, валютын ханшаа тогтворжуулж чадахгүй байсаар. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэн иргэдийн худалдан авах чадвар тартагтаа тулж, гадаад зээлийн өр, хүүний төлбөртөө баригдлаа. Монгол Улсыг чиглэх гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж, гадаад хөрөнгө оруулалт огцом буурсан гээд сайнаар хэлэх зүйл нэг ч байхгүй боллоо гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр энэ засгийн хийсэн зүйлийг нь сайнаар хэлэх гэхээр тоочих зүйл хомс, болохгүй, бүтэхгүй нь олон байгаа нь өөрсдийнхөө алдааг харахгүй байгаатай холбоотой. Ингэж явснаар тэд ч алдсанаа одоо нэг ухаарч суугаа биз. Яагаад гэвэл бодит байдал хийсвэр биш бодит зүйлийг харуулдаг учир тэр биз.

Харин УИХ дахь цөөнх буюу МАН-ын бүлэг энэ бүхнийг эртнээс сануулж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь цөөнхийн бүлгээ дарамталж, үгүйсгэж явснаар өнөөдрийн буруу алхамд хүрсэнийг үгүйсгэх арга байхгүй. Тэр ч утгаараа МАН-ын бүлэг одооноос гаргасан санаачилгадаа тоолуур ажиллуулж эхлэвэл эрх баригч хүчин болох АН-ын амыг нэхэх нэг шалгуурт орох учиртай. МАН-ын бүлгээс Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулж Ерөнхий сайд Н.Алтанхуягт санаачилга хүргүүлсэн байна билээ. Уг санаачилгадаа:
1. Ази, Европыг холбосон эдийн засаг, бизнесийн гүүр улс болох боломжоо бүрэн ашиглаж дэд бүтэц, эрчим хүч, нефть болон хий хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих асуудлыг шийдвэрлэх;
2. Монгол Улсаас ОХУ-д экспортлох бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах;
3. АНУ болон Европын холбооны орнуудаас ОХУ-ын импортын үхрийн махны 60 орчим хувь буюу 600 мянган тонныг нийлүүлж байсан зах зээл нээгдэж байгааг онцгой анхаарч ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцлийг эрчимжүүлж, экспортын махны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг үр дүнтэй ашиглах;
4. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдолтой уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхлүүлэх;
5. Мал аж ахуйн гаралтай хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах орчин үеийн технологи бүхий хамтарсан үйлдвэрийг барих асуудлыг шийдвэрлэх зэрэг таван асуудлыг хөнджээ. Тэгэхээр энэхүү санаачилга ажил хэрэг болгох нь Засгийн газрын тэргүүний асуудал боловч улс орны хэмжээний чухал шийдвэрт хүрэхийн тулд хэрэгжүүлэх учиртайсан. Харин эсрэгээрээ хэрэгжвэл түүнд хариуцлагатай хандах биз.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив