Шударга сонгуулийн анхны мессеж
2012 оны 5 сарын 24
Улс төрийн нам, хүчнүүдийн дунд үргэлжийн хардлага дагуулдаг нэг сэдэв бол сонгуулийн шударга байдал юм. Ялагч болоод ялагдагчийн хооронд эргэлзээ болон үлддэг ээдрээтэй асуудал мөн л сонгууль шударга болсон уу, үгүй юу гэдэг мөнхийн асуулт байсаар ирэв. Сонгогчдын хувьд ч ялгаагүй, өгсөн санал нь улс төрийн намуудын хууль бус олз болсон уу, эсвэл төрөө сонгох шударга итгэл хэвээр үлдсэн үү гэдгийг мэдэхийг эрмэлздэг.

Тиймээс ч 2012 оны сонгуулийн дүнд эргэлзсэн эргэлзээ халуун сэдэв болон өрнөж, нийгмийн сонорыг дэлдсээр удлаа. Үнэн хэрэгтээ алаагүй баавгайн арьс хиймэл  үү, жинхэнэ “ориг” уу гэдгийг олон хүн мэдэхийг хүсэв. Олон нийтийн эргэлзээн дээр улс төрийн тоглолт хийж, “Баавгайн арьс хиймэл үстэй байна” хэмээн гишүүн С.Эрдэнээс эхлээд хашгирсан нь ч цөөнгүй.

Харин энэ бүх ойлгомжгүй байдалд цэг тавьж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шударга сонгуулийн анхны мессежийг нисгэлээ. “Энэ удаагийн сонгууль шударга болох нь гэсэн итгэл төрлөө” гэсэн түүний үгийг сонсоод сонгогчдын сэтгэл цэлмэв. Улс төрийн  намууд ууршаад байсан уушгиа хямгадав. Ц.Элбэгдоржийн хувьд ч ялгаагүй, эргэлзээгээ эцэс болгосон ач холбогдолтой алхам болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь шударга сонгуулийн тухай сүүлийн 10 жил тасралтгүй ярьж буй тэрбээр Ерөнхийлөгчийн хувьд, бүрэн эрхийнхээ хүрээнд, ажил үүргийнхээ дагуу анх удаа УБЕГ болон СЕХ-ны ажилтай танилцаж байгаа нь энэ.
УБЕГ-ын дарга Л.Амар­санаагийн хэлж буйгаар энэ сарын 1-ний байдлаар нийт 1,9 сая иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагджээ.

Тус газрынхан сонгогчдын нэрсийн жагсаалтыг www.burtgel.mn цахим хуудсанд байршуулж эхэлсэн бөгөөд, өдөр тутмын зарим сонин үүнийг цуврал байдлаар хэвлэн олонд хүргэх болжээ. Сонгуулийн насны иргэд энэ хаягаар орон, өөрийгөө сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа, эсэхийг шалгах боломжтой аж. УБЕГ-аас 1,839,984 сонгогчийн нэрийг СЕХ-нд хүлээлгэн өгөөд байна. Иргэд хурууны хээгээр санал өгөх болсон нь сонгууль будилаангүй болно гэдгийг баталж байгаа.  Үүнийг СЕХ-ны дарга Н.Лувсанжав Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулж, элдэв булхай, луйвар гарах үндэсгүй гэдгийг онцолсон.

УБЕГ, СЕХ-ны ажилтай танилцсаныхаа дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өөрийн¬хөө бүх баримт бичгүүдийг шалгаж үзлээ. Саналаа өглөө. Бүртгэл болон машин болж байна. Тийм учраас энэ удаагийн сонгууль шударга болох нь ээ. Би эндээс олж харахыг хүссэн итгэл үнэмшлээ олж авлаа” гэж мэдэгдлээ.

Сүүлийн үед УБЕГ болон дарга Л.Амарсанаагийн талаар таагүй мэдээллүүд хэвлэлээр гарах болсон. МАН сонгуулийг луйвардахаар өөрийн хүмүүсээ УБЕГ-т шургуулсан мэтээр гүтгэсэн тохиолдлууд ч бий. Гэвч энэ бүхэн худал гүтгэлэг байсан гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр шалгаж баталлаа.

УИХ-ын гишүүн С.Баяр Ерөнхий сайд байхдаа гаргасан даацтай санаачилгуудын нэг нь иргэний бүртгэлийг шинэчлэх явдал байв. Энэ санаачтлгыг С.Батболдын Засгийн газар хэрэгжүүлж, УБЕГ-ыг цахимжуулан, иргэдээ шинэчлэн бүртгэснээс гадна гадаадад амьдарч буй монголчуудыг ч үлдээлгүй хамруулсан билээ.Үүний үр дүн 2012 оны сонгуульд бүрэн итгэлтэй орох нөхцлийг ийнхүү хангажээ. УБЕГ-аас БНСУ-тай хамтран иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн гэсэн  гурван төрлийн бүртгэлийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үр дүн нь удахгүй гарах гэнэ.

УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуулийг хурууны хээгээр санал авах байдлаар явуулахаар төлөвлөж буй нь цахим үнэмлэхийг “монголчлон” орлуулж буй явдал аж. Цахим үнэмлэх “Бодь” группийн халаасанд гацсан гэх ямар ч улстөржөөгүй шударга мэдээллийг УБЕГ-ын дарга Л.Амарсанаа Ерөнхийлөгчид танилцуулж сонсогдсон.

Цахим үнэмлэхгүй боловч хурууны хээгээр саналыг баталгаажуулан, сонгуулийн луйвраас хамгаалах арга хэмжээ авах нь цагаа олсон алхам болох учиртай. Сонгуулийн шинэ хууль анх удаа хэрэгжиж байгаатай холбоотой тойрог, хэсгийн хороодын тоог нэмжээ. Мөн УБЕГ-аас УИХ-ын чуулганы хуралдаанаар гурван тогтоолын төсөл батлуулахаар төлөвлөжээ. Энэ нь хуучин үнэмлэхээр санал өгөх тухай, иргэний шинэчилсэн бүртгэл буюу хурууны хээг ашиглах, иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн 64900 иргэнд цахим үнэмлэх амжиж олгохыг хуульчилсан тогтоолууд байх аж.
Энэ мэтээр удахгүй бо¬лох сонгуулийг шударга явуу­лахын төлөө УБЕГ болон СЕХ шуурхай ажиллаж байна.

Ямартай ч сонгууль ойр­тож буй энэ үед шударга сонгуулийн төлөө их, багагүй хөдөлж эхлэв. Үүнийг баталгаажуулан, УБЕГ, СЕХ-ны хийсэн ажлыг Ерөнхийлөгч үнэлэн, шударга сонгуулийн анхны мессежийг ард түмэндээ хандаж илгээлээ. Ингэснээрээ нэг нэгнийгээ хардсан улс төрийн намуудын хор шарыг бут цохив. Одоо зөвхөн сонгуульд идэвхтэй оролцон, саналаа өгөх л үлджээ.

Р.ЭМҮЖИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...