Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
2014 оны 9 сарын 15
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
“VIPerson”-ны энэ удаагийн зочноор Чунтын Чулуунбаатар уригдсан юм. Ноён Ч.Чулуунбаатар нь 1990 –ээд оноос Монголын социал демократ намын нарийн бичгийн дарга, “Үг” сонины эрхлэгч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын Хэвлэл мэдээллийн албаны дарга. Монгол, Английн хамтарсан Үнэт цаасны үйлдвэрийн захирал, Ерөнхий сайд Ж.Наранцацралтын зөвлөх, Тагнуулын Ерөнхий газрын Тамгын газрын дарга, тэргүүн дэд даргын албыг хашиж байсан. Эдүгээ ҮАБЗ-ийн дэргэдэх Стартеги судалгааны хүрээлэнгийн дэд захирлын албыг хашиж байна.

Хобби: Шатар. Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч. Шатрын спортын мастер.

-Ноён Чулуунбаатар, тантай шатрын спортын талаар яриа дэлгэх гэж байгаадаа  баяртай байна. Норвегид болсон Дэлхийн шатрын олипиадад  та Монголын эмэгтэй багийн “ командын капитан”-аар яваад ирлээ. Дэлхийн шатрын олимпиад хэрхэн яаж болж өнгөрөв. Энэ тухай манай уншигчид чих тавин хүлээж суусан байж таарна?

-Норвегийн Тромсе хотод энэ оны наймдугаар сарын 1-15-ны хооронд Дэлхийн шатрын 41 дүгээр олимпиад боллоо. Шатар бол оюуны спорт болохоор бидний мэддэг олимпоос тусдаа өөрийн  олимпиадыг зохион байгуулдаг юм.Шатрын  олимпиад нь хоёр жилд нэг удаа болдог .

-Шатрын олимпын тоглолт гэж ойлгож болно биз дээ?

-Бараг тэгж хэлж болно. Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь тусдаа болдог. Энэ олимпиадад оролцох улс болгон эрэгтэй, эмэгтэй тус тусдаа дөрвөн үндсэн тоглогчтой очиж багаараа тоглодог юм. Ухаандаа, Монголын баг Испанитай таарлаа гэхэд манай дөрвөн тамирчин  тэдний дөрөвтэй тоглож хожоод, цаашаа хожсон өөр орны нэг  багттай тоглоод явах жишээтэй. Дөрвөн үндсэн тоглогчоос гадна нэг нөөц тоглогч бас явна.

-Нөөц тоглогчийн ач холбогдол ?

-Үндсэн тоглогч өвдөх ч юм уу, эсвэл амжилт нь тааруу бол нөөц тоглогчоо оруулдаг. Ингээд таван хүн. Дээр нь та “командын капитан” ч гэнэ үү нэг томъёолол хэллээ. Энэ бол багийн ахлагч. Энэ хүн нэмэгдэнэ. Мөнгө төгрөг сайтай, шатартаа анхаарал тавьдаг шатрын өргөн уламжлалтай улс орон бол эмчтэй, сэтгэл зүйчтэй, дасгалжуулагчтай олуулаа явна.

-Тэгвэл Та багийн ахлагч, эмч, сэтгэл зүйч, дасгалжуулагч гээд өнөө “Говийн зэрэглээ” киноны Арслангийн үүргийг гүйцэтгэж ээ дээ. Арслан монтёр, слесарь, моторчин, мужаан, гагнуурчин гээд гарч өгдөг биз дээ?

-Манай одоогийн бололцоо л тэр.Гэхдээ хошигнолыг чинь хошигнолоор хариулахад  биднийг дэмжиж  Олимпиадын нээлтээс хэд хоногийн дараа Лундаажанцан гишүүн очсон л доо.Эрхэм гишүүн шатарт элэгтэй, шатарт дуртай нэгэн учраас өөрөө очсон хэрэг.Наргиан болгож гишүүнийг багийнхаа сэтгэл зүйн засалч гэж нэрлэсэн дээ.

-Монгол Улс олимп, дэлхийн аваргатай орон. Хүчний спортын сайхан тамирчидтай.  Гэхдээ дэлхийн улс үндэстний нэг бахархал болсон оюуны спорт шатар аль зэрэг хөгжиж вэ гэдгээр нь улс үндэсэний оюун ухааны царааг нь  хардаг гэх яриа бий. 41 дүгээр олимпиадад 136 орны эмэгтэй баг  оролцжээ. Жишээ нь, Уганда улс бол яавч эхний 20, 30-д ороогүй байх гэж бодож байна. Манай орон ер нь ямар түвшинд явна вэ. Та бидний сайн мэдэх Санжаасүрэнгийн Зориг та хэд 1990-ээд оноос хойш л шатрын холбоотой зууралдлаа. Энэ утгаар нь асууж байна шүү?

-Ер нь бол тухайн улс орны оюун ухааны царыг шалгадаг нэг хэмжүүр  нь  шатрын спорт. Шатрын спортод  эрэгтэй нь нэг өөр шалгууртай байхад  эмэгтэй нь бас өөр байх жишээтэй. Манай эмэгтэйчүүд бол дэлхийн түвшний баг болсоноо баталлаа.

-Яагаад?

-136 орны эмэгтэй шатарчдын багаас манай баг  эхний 16-д орж шөвгөрлөө.

-Бас л овоо байна шүү. Нөгөө эрэгтэйчүүд маань?

-Ойролцоогоор 40 орчимд л орж байгаа юм. Энэ чинь дэлхийн 200-аад орноос 40-д гэдэг тийм ч муу үзүүлэлт биш л дээ?

-Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдхүүнээрээ 100-120 орчимд ордгийг бодвол бас ч гэж  гайгүй ээ. Өнөө л дэлхийн 200 дотроо шүү дээ.

- Тэгэхдээ л эрэгтэй шатарчдын  хувьд чамлалттай үзүүлэлт л дээ. Бидний өмнө орж байгаа улсууд арга байхгүй л шатрын уламжлалтай улсууд. Энэ жил энэ 40 дүгээр байрнаасаа ухарсан. Эрэгтэйчүүд муу тоглосон гэдгийг хэлэх ёстой. Мэдээж эрэгтэй, эмэгтэй  хоёр багаа хоёуланг нь сайн тоглоосой л гэж дэмжинэ шүү дээ.Харин  өнөө ээждээ хайртай юу, аавдаа хайртай юу гэдэг шиг (инээлдэв.)  нуулгүй хэлэхэд, эмэгтэйчүүд нь илүү байсан учраас тэдэнд жаахан илүү хандсан тал бий. Эмэгтэй тамирчид маань итгэл сайн даасан. 

-Энэ сайхан амжилт гаргасан эмэгтэйчүүдийг нэрлээч. “Ореn door” сонины уншигчид маань бахархаг!

-Одоо хэлж өгье. Дөрвөн тоглогч бол эрэмбэлэгдчихнэ. Нэгдүгээр ширээний тамирчин, хоёр, гурав, дөрөвдүгээр ширээнийх гээд. Манай шатрын хэлээр. Монголын нэгдүгээр ширээний тамирчин  Гүржийн нэгдүгээр ширээнийхтэй л тоглоно. Хоёр дугаар ширээний тоглогч нь өрсөлдөгч талынхаа мөн л хоёр дугаар ширээтэй тоглоно.

-Аа за.

-Нэгдүгээр ширээнд их мастер Батхуягийн Мөнгөнтуул. Хоёрдугаар ширээнд  Түвшинтөгсийн Батчимэг. Гуравдугаар ширээн дээр Москва хотын эдийн засаг статистикийн дээд сургуулийн оюутан, мастер Баярмаа, дөрөвдүгээр ширээнд Монгол улсын энэ жилийн аврага Лхамсүрэн тоглосон. Нөөц тоглогчоор  мастер Анхчимэг тоглосон.

-Таныг аль зэрэг мундаг командын капитан гэдгийг шалгая. Та таван тамирчныхаа эхний хоёрын овгийг хэллээ. Сүүлийн гурвын овгийг эрхбиш хэлж хэлж чадна биз дээ?

-(инээлдэв.) Овгийг хэлэлгүй яах вэ. Баянмөнхийн Анхчимэг гэдэг. Харин хоёр залуу мастерийн овгийг сайн санахгүй байна. Цаашид энэ тал дээр бас анхаарах юм байна шүү.

-Ямар ч  60 хувьтай л байна ...

-  манай баг 11 өрөг тоглосооос  долоо  хожиж,  нэг  тэнцэж, гурав хожигдсон байна. Олон багийг 4:0-оор хожсон. Энэ үнэхээр өндөр үзүүлэлт шүү.

-16 дугаар байрнаас урагшаа ахих бололцоо байсан уу?

- Тийм бололцоо байсан. Статистик хэлье л дээ. Манайхтай яг адилхан долоо хожиж, нэг тэнцэж, гурав хожигдсон Румын улсын баг гэхэд 11-д орж байх жишээтэй. Бусад коэффицент үзүүлэлт нь илүү учраас тэр. Гэтэл 7-д орсон Европын аварга баг болох Польш, 8-д орсон Америкийн баг гэхэд долоо хожиж хоёр тэнцэж хоёр хожигджээ.Үүнээс харахад бид нэг хожигдолоо тэнцэж гарсан бол долоо юм уу, наймд зогсож байх байжээ. Долоод багтсан Польштой бид таарч 2,5: 1,5 – аар хожигдсон. Ний нуугүй хэлэхэд  бидэнд Польшийг 3,5: 0,5 –аар хожих боломж гарч ирсэн ч алдсан. Энэ бүхнийг дурьдаж буйн учир нь дараагийн олимпиадад нүдээ аниад орж болохгүй, судалгаа, анализ чухал шүү гэдгийг сануулах үүднээс л хэлсэн хэрэг.Одоо тамирчдынхаа тоглосон байдлыг хэлье. Мөнгөнтуул 10 тоглоод есөн оноо авсан. Энэ нь найм тоглоод хоёр тэнцсэн хэрэг. Нэгдүгээр ширээнд тухайн улсын  хамгийн хүчтэй , лидер тоглогч нь  суудаг ширээ. Жишээ нь, дэлхийн аварга асан Р.Фишер Америкийн багийн нэгдүгээр ширээнд  л суудаг байсан. Хоёр дугаар ширээнд суувал  асуудал үүсч болно...

-Уучлаарай. Ямар асуудал гэж...

- Америкийн  багт тоглохгүй ээ гэж. Америкийн их мастер Решеский тэр хоёрын тийм асуудал тухайн үед үүсч байсан байдаг.Манай Б.Мөнгөнтуул энэ ширээн дээр гайхамшигтай сайн тоглосон. Тэрбээр дэлхийн хэмжээний  шатарчин болжээ гэдгээ дахин нотолсондоо . юм. Тухайлбал, Унгарын багтай тоглоход харагдсан л даа. Унгар бол эгч дүү Полгар гэж байхад олимпиадад аварга болж байсан баг. Полгарууд одоо эрэгтэй шатар луу шилжсэн. Оронд нь шинэ залуу шатарчин бүсгүйчүүд тоглож байна. Тэгээд Унгарын нэг номерийн тамирчин нь  вьетнам угшилтай, Европын аварга болсон бүсгүй. Гэтэл Б.Мөнгөнтуул Европын аваргыг ямар ч хүндрэлгүй дарж байх жишээтэй.

-Манай Б. Мөнгөнтуул бас иймэрхүү олон өндөр түвшний шатарчдыг хожжээ дээ.
-Тийм. Түрүүнд би Польшийн багийн тухай дурьдсан.Мөнгөнтуул Польшийн багийн лидер, дэлхийн томоохон тоглогчдын нэг их мастер Сочког ямар ч боломж өгөлгүй  буулгаж авсан. Супер шүү. Ер нь  багт тоглох бол илүү хариуцлагатай. Дангаараа тэмцээнд тоглоод хожигдоход, шатарчин хүн өөрөө л шанална.Харин багт тоглоод хожигдоход багаараа шаналдаг.Үүнтэй нэгэн адил хожил нь ч нэгэн хүний ялалт бус, нийт хамт олны баяр хөөр болж хувирдаг.  Нэгдүгээр ширээний тамирчин хожигдоод байвал  багийн сэтгэл зүйд сөрөгөөр  нөлөөлдөг. Иймд Б.Мөнгөнтуул маань үүргээ онцсайн гүйцэтгэсэн. Лидер тамирчин эсрэг талын багийнхаа нэгдүгээр ширээний  лидер тамирчинг хожиход, өрсөлдөгч багт    сэтгэл зүйн хүчтэй цохилт болдог.  Тиймээс Мөнгөнтуулын гайхамшигтай ялалтууд манай багт маш том сэтгэл зүйн дэмжлэг болж байсныг онцолж хэлье.Тэрээр шууд л Олимпиадын дараа Польшид болсон Дэлхийн оюутаны аваргад мөнгөн медаль хүртлээ.

-Б.Мөнгөнтуул локомотивийнхоо үүргийг онц гүйцэтгэжээ. За ингээд амжилттай сайхан яваад иржээ.

-Хүүе, та болоогүй цааш нь би бусад тамирчдаа хэлэх гэж байна шүү дээ. Хоёрдугаар ширээнд Т.Батчимэг тоглосон. Манай Т.Батчимэг авъяаслаг их мастер. Гэхдээ миний бодлоор энэ удаа нэг л тоглолтын ир нь орж өгсөнгүй. Тоглолт нь орж өгөхгүй, нэг л өөр Батчимэг болчихоод байсан. Үүндээ тэрээр дотроо их шаналж байх шиг санагдсан. Ялангуяа Мөнгөнтуулд дэм болж чадахгүй байгаадаа сэтгэл нь тун гонсгор байсан..Түүний энэ байдлыг ойлгож байсан тул айхтар зэмлэх шаардлагагүй байлаа. Тэмцээний төгсгөлд  байдал нь дээрдсэн л дээ.Словенитэй тоглоход Батчимэг багт хамгийн чухал оноог авчирсан. Дэлхийн хүчтэй шатарчдын дунд Гран при гээд цуврал тэмцээн болдог юм. Яг олимпиадын дараа  наймдугаар сарын 24-ноос  9 дүгээр  сарын 7 –ныг дуустал явагдаж буй энэ тэмцээнд манай Т.Батчимэг тоглож байна. Энд Дэлхийн аварга, Хятадын нэрт тамирчин Хо Юу Фан, Хятадын номер хоёр тамирчин Жу Вэньжу  хоёрын ард гуравт явж байна. Тэнд чинь дэлхийн хүчтэй экс  аваргууд тоглож байгаа шүү дээ. Энэ амжилтаа тэмцээний төгсгөл хүртэл хадгалж чадвал Монголчууддаа барих  маш том бэлэг болно.

-Хүрч байгаагүй амжилт гэсэн үг үү?

-Тийм.

-Ер нь манай эмэгтэйчүүд чинь 90 оноос хойш эрчүүдээ авч явах нь элбэг боллоо шүү дээ. Нийгмийн амьдралд ч тэргүүлж байна. Бид ч балрах нь ээ. (инээлдэв.)

-Ер нь бол саяхан  Дэлхийн аваргын жүдогийн тэмцээн ОХУ-д боллоо. Монгол охидууд мөнгөн медаль багаараа авч байх жишээтэй. Манай эмэгтэйчүүд чинь оюуны спортоор ч дэлхийд байр сууриа олчихож. Үүнийг урагшлуулах нь чухал.

-Уухайс, нэгэнт тэд маань чадаж байгаа учир атаархаж суухаар ядаж дэмжих ухаанаа олъё гэдэг утгаараа, тийм үү ?

-Тэгэхээр шатрын эмэгтэй тамирчид маань дараагийн ээлжинд эхний наймд орох бүрэн боломжтой. 41 дүгээр олимпиадаар  алтыг ОХУ-ын эмэгтэйчүүдийн баг тамирчид авч байна. Хоёрт, Хятадын баг. Манай хоёр талд чинь дэлхийн шатрын хоёр супер гүрэн байж байна шүү дээ. Бид  16-д байна. Тэгэхээр Орос, Хятад хоёр тамирчдаа л хожих хэрэгтэй.

-Тэгвэл Олимпиадын аварга болох нь байна.

-Үгүй ядаж энэ хоёртойгоо тэнцэж сурах хэрэгтэй. Тэгвэл Дэлхийн шатрын ертөнцөд эхний гуравт явах нь ээ дээ. За, тэгээд үндсэн юм руугаа оръё.  Москвагийн оюутан Баярмаа сайн тоглосон. Авьяаслаг сайн охин байна. Хариуцлагатай. Чухал, чухал тоглолтод  гол гол  шаардлагатай оноог авчирч чадсан. Багийн хоёр тамирчин хожчихсон байхад нэг тал оноо авчрах хэрэгтэй шүү дээ. Дөрвөн хүний хоёр нь хожоод, хоёр нь хожигдвол нэмэргүй шүү дээ. Нэг тал оноо авчирвал 2,5-аар хожлоо гэсэн үг. Жишээ нь, бид  Вьетнамын багтай 2:2-оор тэнцсэн. Азийн бүсэд бол Хятад, Казахстан , Энэтхэг, Вьетнам  гээд сайн  багууд байна. Эхлээд  манай нэг, гурав дугаар  ширээ  хожсон. Тэр үед Лхамсүрэн маань цагаа мартаад унагачихсан. Тэгээд хожигдол авсан. Батчимэг илүү явж байгаад хожигдсон. Олимпиадад нэг тал оноо тухайн багийн байрыг 5-аас 8-аар урагшлуулж байдаг. Миний бодлоор Лхамсүрэн маань ер нь Батчимэг шиг байсан. Уг нь авъяастай сайн хүүхэд.

-Тэгээд ямар алдаа гаргав?

-Байрлалаа илүү авчихсан хэрнээ хожиж чадахгүй байх жишээтэй. Цагаа унагачихдаг ч юм уу. Нэг л болж өгөөгүй. Лхамсүрэн  өөрийнхөө боломжоос тааруу тоглосон. Нөөц тоглогч сайн тоглосон. Анхчимэг  найм тоглоод зургаа хожиж, нэг тэнцэжнэг хожигдсон. Багийн гишүүдийн аль нэг нь тааруу тоглоод байвал нөөц тоглогчоо оруулна шүү дээ. Анхчимэг үүргээ ёстой сайн гүйцэтгэсэн. Унгартай тоглоход тэнцсэн нь чухал болсон. Хамгийн сүүлд Польштой тоглоход хожигдсон. Манай Анхаад олон олимпиадад орсон туршлага нь их хэрэг болсон.

-Урд өмнө нь манайхан 16 дугаар байр эзэлж байгаагүй юу?

-Манай эмэгтэйчүүд ер потенциалаа бүрэн дайчилвал  наймаас тавд багтах бололцоотой.

-Энэ бололцоог хангахад юу хэрэгтэй вэ?

-Бидэнд зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна.

-Жишээн дээр яривал илүү ойлгомжтой болов уу. Вьетнам тамирчдаа яаж бэлтгэж байна?

-Би Вьетнамын дасгалжуулагчтай танилцсан. Маш олон хүнтэй танилцлаа. Зөвлөлтийн үед байсан том их мастерууд одоо энд тэндгүй гол дасгалжуулагч нар болчихсон байна. Вьетнамд Узбекстанаас их мастер Каюмов  ажиллаж байна. Түүний ярьснаар, Ханойгоос хол спортын лагерьт тамирчдаа тусгайрлачихдаг юм байна. Үздэг юм нь шатар. Каюмов гуай бол зөвхөн виз хөөцөлдөх гэж л Ханойд орж ирсэн байх жишээтэй. Тэр лагерьтаа бүх хангамж нь байдаг гэнэ. Тэнд зургаан сар болсон гэнэ. Тэнд спортын цогцолбор байдаг тул тамирчид бие бялдараа хөгжүүлэх, амрах, ачааллаа зохицуулах бүрэн боломжтой гэнэ.

-Эхний наймд орсон улсуудыг нэрлэвэл...

-Орос, Хятад, Украйн, Гүрж, Армен, Казахстан, Польш, Америк. Жишээ нь Казахстан сүүлийн жилүүдэд их сайжирч байгаа юм. Энэ Назарбаев өвгөн Казахстан улсынхаа шинэ имижийг бий болгоно гээд спортод их анхаарч байна шүү.

-Та яагаад Назарбаев өвгөн гэв?

-Назарбаев Ерөнхийлөгч 75-тай хүн шүү дээ. Тэрбээр бүх спортод анхаарч байна. Манайхан тэднээс суралцах хэрэгтэй. 2000, 2002, 2004 онд ОХУ-ын эмэгтэй багийг олимпиадад алтан медаль авахуулж байсан их мастер Юрий Якович гуайг Казакстан эмэгтэй багийнхаа дасгалжуулагчаар ажиллуулж  байна. Якович гуайтай уулзахад Назарбаев ерөнхийлөгч шатартаа маш их  анхаардаг гэж байна билээ.

-Жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Баттулга жүдод их анхаарсан нь манай амжилтын салшгүй хэсэг болсон гэж ярьдаг л даа.

-Х.Баттулгын хувьд бол Монголын жудо бөхийг дэлхийн түвшинд хадахад үнэхээр юм хийсэн. Ийм санаачлагыг мэхийн хүндэтгэх ёстой. Тэр монголчуудыг бахархах спорттой болгосон шүү дээ . Одоо бид шатартаа анхаарах  хэрэгтэй. Шатрын хувьд манайд  тэр үнэтэй гадаадын дасгалжуулагч хэрэггүй л дээ. Үндэсний нөөц манайд хангалттай байна. Их мастерууд байна. Тэд эмэгтэйчүүдээ дасгалжуулчих хэмжээнд байна. Сая гэхэд их мастер Шаравдорж, Гүндаваа нар  маань эмэгтэйчүүддээ тоглолтод нь бэлтгэхэд  тусалсан.

-Манайх үнэхээр шатрын нөөцтэй, уламжлалтай гэдэгтэй санал нэг байна. Би шатраас хөндий хүн гэхэд Чунтын Чулуунбаатар, “Үнэн” сонины эрхлэгч Баасанжавын Ганболд гээд хоёр шатрын мастерийг л лав мэдэх юм.

-Бидэнд наймд орох хамгийн энгийн боломж байна. Түүний дараа  гуравт орох боломж байна. Ингэж шат шатаар явах хэрэгтэй л дээ.

-Бяцхан Гүрж гэхэд л Майя Чибурданидзегээр эмэгтэй шатарчид нь дэлхийд алдаршсан юм шиг ээ. Түүний үед Гүржийн эмэгтэй шатарчид таны яриад байгаа олимпиадад дөрвөн удаа түрүүлсэн юм билээ. Майя өнөө нэгдүгээр ширээ гэдэгт л суусан байх даа?

- Майя одоо ахмад их мастер болсон. Түүний оронд шижигнэсэн залуу их мастерууд тоглож байна. Гүрж бол угаасаа шатрын орон. Чибурданизегээс ч өмнө. Бөхийн ч орон, шатрын ч орон.2018 онд Гүржид дэлхийн шатрын олимпиад болно.

-Монгол бол бөхийн орон. 10 жилийн дараа шатрынх болчихсон ч байх юм бил үү?

-Авъяастнууд бол байна. Тэднийг дэмжиж, хөгжөөх асуудлыг төр хийх хэрэгтэй. Манай дарга нар элитүүд авъястнуудаа дэмжиж сурах хэрэгтэй. Өөрсдийгөө эхэлж бодох нь зүйн хэрэг ч илүүчилж сурах нь бас чухал .

-Илүүчлэх гэснээс Санжаасүрэнгийн Зориг агсны гоё үг байдаг. “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж. Тийм ч учраас 90-ээд оны эхээр шатарчдыг гадаадад тэмцээнд явуулах гэж машинаа зарж байсан гэдэг. Монгол хүний саруул ухаан гэдэг түүнийхээр маш том ухагдахуун байсан байх. Би лав тэр үед ч, одоо ч тэгж чадахгүйгээ баттай мэдэж байна. Та бол С.Зориг агсантай ойр байсан хүн.

-Монголд анхны их мастерийг төрүүлэхийг бид хүсдэг байсан. Хатанбаатар, Шаравдорж нар байна л даа. 1994 онд Монгол Улс маань өөрөө хэцүү байлаа шүү дээ. Тэр үед Монголд Олон улсын шатрын тэмцээн зохион байгуулсан. С.Зориг агсны машинаа зарж санхүү босгодог зэрэг тэрэнтэй холбоотой юм. Манай С.Зориг ингээд гроссмейстертэй болъё гэдэг зорилго тавьсан. Тэгээд анхны гроссмейстерүүд төрсөн юм даа.

-Уучлаарай, ноён Чулуунбаатар. Энэ гроссмейстер, их мастер хоёр чинь нэг ойлголт биз дээ?

-(инээв.) Та юу гэж бодож байна?

-Нэг ойлголт гэж бодож байна.

-Тэгээд асуудал юунд байна.

-Юунд ч алга.

-Одоо манайд зургаан их мастер байна. Ер нь саяын олимпиадад ажиглаж байхад гадны дөрвөн тамирчид дөрвүүлээ их мастер байх нь элбэг байна. Одоо бид эмэгтэй их мастерүүд төрөх замыг нээх хэрэгтэй. Хоёр жилийн дараа Бакуд очихдоо олимпиадад дөрвөн их мастертэй байх  хэрэгтэй.

-Сайн л тоглож байвал их мастерийн ач холбогдол юу байна? Ямар манай үндэсний бөх шиг их цолтой нь бага цолтноо барьж аваад унагаад байна гэх биш?

-Энэ бол спортын агуулгаараа чухал. Хоёрт сэтгэл зүйн хувьд чухал. Чиний эсрэг их мастер сууж байна гэдэг маш том сэтгэл зүйн дарамт. Өнөөдөр их мастер тааруухан тоглосон ч хамаагүй энэ бол сэтгэл зүйн хувьд давуу тал авах асар том боломж. Чи надад итгэ. Энэ үнэн. Шатрыг манай бөхтэй харьцуулах аргагүй. Дөрвөн ширээний ард дөрвөн их мастер байж байвал сэтгэл зүйн маш том давуу тал. Гялалзсан дөрвөн их мастер. Сая хоёр их мастертай очлоо шүү дээ. Манай эмэгтэй баг наймд орохын тулд дөрвөн их мастертэй байх нь чухал байхгүй юу.

-Төр дэмжих хэрэгтэй гэлээ. Яг яах ёстой вэ?

-Миний бодлоор төр, засаг Монголын эмэгтэй шатарчдад үүрэг өгөх ёстой. “Та нар наймд ор оо” гэж үүрэгдэх. Үүргийнхээ дагуу хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Шатрын холбоо энэ шинэ боломж бололцоог сайн зохион байгуулах ёстой. Бидний сул талын нэлээн хэсэг нь спортын менежмент, зохион байгуулалтандаа байна. Авьяастай хэрнээ зохион байгуулалтаасаа болж нурж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Зөвхөн шатарт ч биш. Аль ч салбарт. Хатуухан шаардлага, зарчимч арга барил хэрэгтэй байна. Эдгээр ажлыг хийвэл манай эмэгтэйчүүдийн наймд орох асуудал зорилго биш зүгээр л зам зуур хийх ажил гэж харагдаж байна.

-Та дараагийн наймд орсон улсуудыг нэрлэ дээ. Тэндээс манай эрхэм Уншигчдад ямар нэг дүр төрх харагдах байх.

-Герман, Энэтхэг, Румын, Франц, Испани, Болгар, Нидерланд тэгээд Монгол. Энэ улсууд бол шатрын эртний уламжлалтай. Хүн ам нь хэдэн арав, зуун саяар яригддаг, амьдрал нь боломжийн улс гүрнүүд байгаа шүү дээ. Тэгэхэд хөөрхий, манай Монголын тамирчдын оюун ухааны чадал тэнхээ өндөр байна. Үүнийг зөв зохион байгуулахад амжилтанд хүрэх хол биш байна.

-Манайд уламжлал бий байх аа. Миний хамаатан  Бажиг ах гэдэг хүн байсан. Халцгай Цэнд гэдэг хүн л дээ. Одоогоос 100 жилийн өмнө төрсөн хүн. Лам хүн. Тэр өнгөрсөн зууны аль 70, 80-аад оны үед л сав л хийвэл шатар тоглоод байж байдаг байсан. Ямар ч шагнал урамшил, зорилго байсангүй, тэр үед. Бүр хүүхэд байхын тоглодог байсан гэдэгсэн.

-Ер нь шатрыг амьдруулдаг амин булаг нь хүүхэд. Манай хүүхдүүд өөрсдийнхөө насны Дэлхийн тэмцээнд сайн тоглож байгаа. Бид энэ хүүхдүүдийг сайн зохион байгуулаад нэг биш, хоёр биш, гурав, дөрвөн олимпиадын дараахийг харж хүүхдүүдээ зохион байгуулах хэрэгтэй. Тэгэх юм бол бид эмэгтэйчүүдийн хувьд Дэлхийн эхний наймаас буудаггүй, тэгээд медалийн эзэн улс орон болж болно шүү дээ.

-Ноён Чулуунбаатар, би Таныг бага залуугаас тань мэднэ. Таны аав Чунт гуай миний аавын багш. Та шатрын сэтгүүл, ном сугавчилсан надаас 4-5 ах хүүхэд байсан. Та багаасаа шатарт явсан мөртлөө нэг их сүрхий явсангүй. Шатрын хувьд шүү?! Бусдаар мундаг л байх?

-Ер нь хүн бүр өөр өөрийн зам мөртэй, хувь тавилантай. Шатарчин бүхэн  шатараараа амьдардаггүй юм. Шатар зарим нэгэнд нь амьдрал нь болж байхад, заримд нь хоёр, гурав дугаар зэргийн зүйл болдог. Одоо харин  шатраар амьдарч болох боломж бий болжээ.

-Дэлхийн шатрын холбооны тэргүүн, ноён Кирса́н Илюмжи́нов Монголын тамирчдад сайхан ханддаг гэдэгт би итгэж байна.

-Маш элгэмсэг ханддаг. Монгол тамирчдын амжилтанд бол таашаалтай байгаа нь мэдрэгддэг. Бид чинь угсаа гарал нэг хүмүүс шүү дээ. Олимпиадын үеэр дэлхийн шатрын холбооны конгресс  болсон. Эндээс ерөнхийлөгчөө тодруулдаг. Тэр хурал дээр ОХУ-ын иргэн Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров, Кирсан Илюмжинов хоёр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн. Конгрессийн үеэр шатар тойрсон улс төрийн асуудал халуухан байлаа. Манай сонгуулийг санагдуулж байна лээ. Мөнгө тараадаг л гэнэ. Улс орнуудын саналыг хамахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг л гэнэ. Каспаровын штаб ингэлээ, Илюмжиновынх ингэлээ гээд. Каспаровын хар пиарын хэсгээс ч гэх шиг яриа яваад л. Энэ тэмцэл яагаад ч юм надад их танил санагдлаа. Гэхдээ огт таалагдсангүй. Дэлхийн шатрын холбооны сонгуулийг шүүмжилдэг том том шатарчид олон бий. Би тэрнийг хувь хүмүүсийн сэтгэгдэл төдий хардаг байсан. Очоод харахад биш юм аа. Манай Их хурлын сонгуулиар мөнгө тараадаг шиг хачин юм гардаг юм байна. ФИДЕ-гийн сонгуулиар. Каспаров Азийн орнуудыг өөртөө татах гэж мөнгө тараалаа ч гэх шиг. Хачин юм сонсогддог юм байна. Эндэхийн муухайг тэнд сонслоо.

-Каспаров чинь ОХУ-таа майданчин гээд зарладагсан юм биш үү. Тэр бол шатарчин. Шатарчин хүн орон тооны бус алиалагч болох нь аргагүй байдалд орсны л шинж  байх даа. Аав нь армен хүн. Ээж нь еврей. Цөөн үндэстнийг мэдэхээр амьтан. Гэтэл энэ нөхөр 1989 онд Монголыг Хятадад худалдах тухай санааг анх зарласан юм. Та нөхөд гэхдээ яаж хандав?

-Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөө аль аль тал л ажилласан. Каспаров Монголчуудад хандахад төвөгтэй байсан нь ойлгомжтой.

-Өөрөө нүүргүй  амьтан чинь төлөөний хүн энэ тэрийгээ явуулна биз дээ?

-Өөрөө шууд хандахад хэцүү байсан байх. Гэхдээ та нар Каспаровыг яагаад дэмждэггүй юм. Гайгүй залуу шүү дээ гээд л Сингапурын Лёонг гээд хүн ирсэн шүү дээ. Азийн шатрын нэлээн том зүтгэлтэн хүн л дээ. Лёонг гуай  биднээс та нар Каспаровыг дэмжчихгүй юм уу? Каспаровын мөрийн хөтөлбөр их сайн мөрийн хөтөлбөр шүү дээ ч гэх шиг юм ярьсан. Би нэг  тийм хариулт хэлсэн. Монголчуудын хувьд Каспаровыг сонгох нь шатрын асуудал биш ээ. Энэ нь улс төрийн асуудал гэж хэлсэндээ. Тэгээд яагаад түүнийг Монголчууд сонгохгүй байгааг Та надаас бүү асуу. Каспаровоос өөрөөс нь асуу. Тэр хүн өөрөө хариултыг нь сайн мэдэж байгаа гэсэн.

-Тэгээд дахиад Лёонг гуайтай уулзана биз дээ?

-Уулзсан. Каспаровыг сонгоогүй нь дэмий боллоо гэж Лёонг гуай хэлж байна лээ. Тэгэхээр нь би “Сингапурыг Малайзад өгөх тухай яриа явбал танд ямар санагдах вэ ”  гэж хэлсэн. Өвгөн толгой сэгсрээд юу ч хэлж чадахгүй байж байгаад яваад өгсөн.

-Хувь заяаны шоглоом гэж сонин юм даа. Илюмжинов ялж л байдаг.

-Лёонг гуай ойлгосон байх даа. Юу ч хэлээгүй.

-Монголчуудын ой санамжийн уртыг Лёонг гуайд ойлгуулсанд ноён Чулуунбаатар Таныг би бахархалтайгаар харж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Би жишээ нь Дэлхийн хөл бөмбөгийн аваргаар Францыг дэмжсэн. Сайндаа ч биш тэр үеэр нэг юм уншиж байсан чинь миний өвгөд дээдэс 1946 онд анх НҮБ-д элсэхээр өрөгдөл өгөхөд Барууны хүчирхэг орнуудаас ганц Франц л дэмжсэн байдаг. Тэгээд миний хувьд хөл бөмбөг ч гэж юу билээ, Францыг л дэмжлээ. Энэ бол хэтэрхий мэргэн жараахайнуудад бол цэцэрлэгийн хүүхдийн тоглоом шиг л санагдах байх л даа. Гэвч би ийм гэнэн хүн. Зарим нь ухаантай байж, зарим нь тэнэг байх нь ертөнцийн явдал биз дээ. Би тэнэг. Харин тэр өдөр Франц харин ялсан шүү. (инээлдэв.)

-Өөрийгөө зөвтгөх аргатай байх сайхан шүү.(инээлдэв.)

-Та бол бас л эртний хүн. Таныг нэрт шатарчин Үйтүмэнгийн шавь ч гэдэг. Жаахан эртний шатрын талаар яриач.

- Шавь нь  гэвэл ч арай ахадсан хэрэг болох байх. Харин ойр дотно явсан гэвэл өөр хэрэг.Юм их сонин. Жишээ нь, Хятад улс  саяхнаас л шатрын том гүрэн болж байна л даа. Сая Хятадын эрэгтэй нь алтан медаль аваад, эмэгтэй нь мөнгөн медаль авч байна. Хятад бол 80-аад оноос л шатарт том ач холбогдол өгч ирсэн улс. 1950-аад онд Улаанбаатарт Олон улсын шатрын тэмцээн зохион байгуулаад манайхан БНХАУ-аас шатрын тамирчин ирүүлээч гэсэн байна. Тэр үед Хятадтай харилцаа холбоо сайн байсан үе. Гэтэл Өвөр Монголоос Төмөр гэж шатарчин ирсэн. Манай хууччуул Хятадад олигтой шатар тоглодог хүн байхгүй байжээ гэж ярьцгаадаг юм. Гэтэл маш богино хугацаанд хятад хүний оюуны түвшин өндөр түвшинд гэдгийг дэлхийд нотолчихлоо доо. Гэтэл тэр үед л манайд олон улсын мастер байжээ, Үйтүмэн гуай. Үйтүмэн мастер дэлхийн аварга Фишертэй тэнцэж байсан шатарчин.  Би 90-ээд оны эхээр Үйтүмэн гуайгаас та зөвхөн Фишертэй тоглож байсан дурсамжаа ярь гээд бичиж тэмдэглэж  аваад үлдсэн зүйл байдаг юм.Үйтүмэн гуай бол монголын шатрын гэрэлтсэн сайхан од байсан. Энд маргаан байхгүй.

-Мягмарсүрэн гуай ямар хүн байв?

-Мягаа ах бол Монголын шатрыг дэлхийн тавцанд гаргасан хүн. Ази дотроо Монголын Мягмарсүрэн гэж гайхдаг байв. Тэр үед Азид шатрын хөгжил сул байсан л даа. Гэхдээ Үйтүмэн, Мягаа ах хоёр гайхагдаж байсан. Яах аргагүй Дэлхийн түвшинд тоглосон нь энэ хоёр. Үүний араас Лхагва, Батын Нямаа зохиолчийн ууган хүү Төмөрхуяг гээд явна шүү дээ.

-Одоо их мастер Батчимэгийн өндөр ах нь юм аа даа?

-Тийм. Их сургуулийн Оросын утга зохиолын багш хүн байсан шүү дээ. Оросоор сайхан ярина.

-Шатрыг бас дээхэн үедээ анхаарч байжээ. Лхагва ах чинь манай аавын ангийн хүү. Дундговь аймгийнх. Аав маань 60-аад оны сүүлээр Киевт УААА-н дээд сургууль төгссөн. Гэтэл ангийнх нь хүү Лхагва Москвад Биеийн тамирын дээд сургуулийн шатрын ангид сурч байж. Манай нутгийнхан шатраар таван жил сурдаг юм аа, ямар учир байна аа гэж гайхдаг байсан гээд аав маань инээдэгсэн. Харанхуйдуухан л үе байж дээ. Гэхдээ саяхан болтол шүү.

-Ер нь бол шатрын спортоор Биеийн тамирын дээд сургуульд суралцсан, Москвагийн школ мэдсэн хүн гурав л байна.

-Зуун жилдээ?

-Лхагва ахаас хойш. Жигжидсүрэн. Лхагвасүрэн.

-Лхагвасүрэн миний үеийн Москвагийн оюутан л даа.

-Сайн дасгалжуулагч бол шатрын бүхэл бүтэн үеийг сургаж, хүмүүжүүлж чаддаг л даа.Харин муу дасгалжуулагч бүхэл бүтэн авьяаслаг үеийг булшилж магадгүй.

-Шатарт хүмүүжил чухал биз?

-Ер нь амьдралд ч хүмүүжил чухал шүү дээ. Шатрыг хөгжүүлэхэд хамгийн чухал нь дасгалжуулагч хэрэгтэй. Манайд шинэ залуу авьяаслаг дасгалжуулагчид бий болж байна.

-Та бол блиц шатрын маш том төлөөлөгч юм гэнэ лээ. Тэр Норвегид үндсэн тэмцээний хажуугаар багийн ахлагч нарын бага наадам шиг юм болно биз?

-Олимпиадын том тоглолтоо дагаад туслах чанарын арга хэмжээнүүд бий болно. Хурдан тоглолтын тэмцээн ч гэдэг юм уу зөндөөн  арга хэмжээнүүд  тэр шатрын ертөнцийг дагаад бий болно. Нэг тэмцээнд нь би хоёрдугаар байранд орсон.

-Танд баяр хүргэе. Та бид улс төр ярихгүй гэсэн. Жишээ нь, та бол социал демократ намыг үүсгэн байгуулагчдын нэг. Тэр үед юугаа бодоод энэ намыг байгуулахад оролцов. Энэ бол улс төрийн гэхээсээ түүх судлалын чанартай асуулт болов уу?

-Тэр үед нийгмээ өөрчлөх хүсэл эрмэлзлэл сэхээтнүүдийн дунд их байлаа. Ламжав багш шатрын мастер хүн шүү дээ.

-  Та Тагнуулын Ерөнхий газрын тэргүүн дэд даргаар нилээдгүй жил ажилласан хүн. Тагнуулын Ерөнхий газар  улс төрчдийн талцалд хуваагдсан гэж яригдах боллоо. Ийм байж болдог юм уу?

- Мэдэхгүй байна.Тагнуулын байгууллагад  улс төрчид  гараа хэтэрхий  дүрж болохгүй гэдэг дэлхийн соёл иргэншсэн зарчим байна. Аливаа улсад улс төрийн газар хөдлөлтөнд автахгүй байгууллага байдаг. Тэр нь тусгай албад байдаг. Соёл иргэншилт ертөнцөд шүү дээ. Африкийн жунглид юу болдгийг би сайн мэдэхгүй байна. Тусгай алба  тухайн орны үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болдог. . Энэ байгууллага өөрийн  хуультай. Энд зөгийний үүр шиг байвал тэр улс орон зөгийн үүрээс дор болно.

-Та ардчилсан хөдөлгөөний партизануудын нэг. Партизан гэдэг нэг өнцгөөс харахад хорлон сүйтгэх, гүүр, төмөр зам дэлбэлдэг төрлийн л хүмүүс юм шиг  сэтгэгдэл төрүүлдэг юм биш үү. Ардчиллын партизанууд гээд яриад байх юм. Энэ чинь ардчилалтайгаа хамт ойлголт яг мөн үү?

-Энэ бол миний бодлоор оновчтой үг биш. Дайн байлдаан ч болсон биш. Үгээ сонгохдоо зөв сонгоогүй учраас түүндээ ороогдоод байх шиг байна. Түүнээс ардчиллыг дэмжсэн анхдагчдын буруу юу байх вэ. Хүмүүсийн алдрыг тодруулахаар хэн нэгний хэлсэн үг явжээ. Оновчтой үг биш.

-Та бол тагнуулын байгууллагын кадр. Тэгтэл одоо даргыг нь солиод л, дэд дарга нарыг нь өөрчлөөд, заримыг нь өөрчлөөд л. Ийм цэцэрлэгийн хүүхдийн гэмээр шилжилт хөдөлгөөн байж болох юм уу. Энэ бол улс орон тогтворгүй байна гэсэн мессеж мөн үү?

- Тэгж үймүүлээд байх  шалтгаан байхгүй. Хууль, дүрэм ёсоороо ийм. Ер нь тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг фракцын хэмжээнд удирдах гээд байдгийг би ойлгохгүй байна.  Бүлэг, фракц гэж өөрийг нь үггүй дагаж явдаг бүлэг  хүмүүсийг хэлээд байх шиг. Төр  “Алтан гадас” фракц биш.  Тэр тусмаа төрийн тусгай алба өөрийн хуультай. Тэнд байдаг хүмүүс нь өөрийн тусгай үүрэгтэй, өргөсөн тангарагтай улс.

-Тусгай алба бол хамгийн сүүлийн найдвар биш үү?

-Тусгай алба бол хамгийн сүүлийн опор.

-Та улс төрийн спектрээр яривал  ямар хүн бэ?

-Ер нь барууны үнэт зүйлийг хамгаалагчид байхгүй болчихсон юм биш үү. Бүгд зүүнтнүүд боллоо. Бүгд л популизм, нийгмийн хамгаалал ярьдаг болчихож. Улс оронд аль аль үзэл санааг нь дагасан тууштай намууд байвал дээр байгаа юм л даа. Улсаа хөгжүүлэхэд энэ бол үнэхээр хэрэгтэй. Бүгд зүүний нам болчихвол үнэхээр төвөгтэй. Е¬рөнхий хандлага ийм байна. Бага залуугийн бяцхан найз минь ингээд шатрын асуудлаараа л бүхнийг дуусгая даа, тэгэх үү.

-Ноён Чулуунбаатар, танд баярлалаа.

-Би бас танд баярлалаа. Амжилт хүсье.


Х.БҮРЭНТОГТОХ

Эх сурвалж http://www.info.mn
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
Ч.Чулуунбаатар: Тусгай албыг Ерөнхий сайд өөрийнхөө  бүлэг, фракцийн хэмжээнд удирдах гээд байдгийг ойлгохгүй байна
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив