Сэлэнгийн тариаланчид улаан буудайгаа ачаалж эхэллээ
2014 оны 9 сарын 17
Сэлэнгийн тариаланчид улаан буудайгаа ачаалж эхэллээ
Тариагаа ангилж, нуруулдсан байв

Намрын энэ л өдрүүдэд тариаланчдын ургацаа хураах их ажил эхлэдэг. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сум, тариалангийн гол бүс нутгийг зориход тариа хураалтын ажил ид эхэлж, хүчит комбайны нүүргэлээн дуугаар угтав. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал тогтворгүй, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ гэсэн мэдээг дуулсан тариаланчид тариан түрүүгээ ангилж, нуруулдчихсан байв. Энэ нь цочир хүйтрэх, хур тунадас ороход тариа хураалтын ажилд саад учрах нь бага. Тэр ч үүднээсээ тариаланчид энэ жил болц сайн байгаатай холбогдуулж ургац хураалтын ажлаа эрт эхлүүлсэн нь энэ.

Энэ онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 293.4 мянган га-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, 14.5 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 434.5 мянган га-д тариалалт хийсэн юм. Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа авахаас 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ жил хүн амын гурил төдийгүй төмсний хэрэгцээг давуулан хангана гэсэн таатай мэдээтэйгээр тариаланчид их ажлын ард гарахаар шамдаж байна.

“Сэлэнгэ” салбарт анхны буудайн ачилтыг “Товхон хан” компани эхлүүллээ


Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ аймаг дахь салбарт анхны буудайн ачилт “Товхон хан” компаниас эхэллээ. Тус компани “Сэлэнгэ” салбарт 200 тонн улаан буудайг хүлээлгэн өгөх юм. Өөрөөр хэлбэл, улаан буудайн эхний дээж ачигдаж эхэлсэн нь энэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан үндсэн таван элеватортой. “Хөтөл”, “Сэлэнгэ”, “Угтаал”, “Хархорин”, “Булган” салбарын багтаамжийн хувьд 146 мянган тонн улаан буудайг хадгалах, нөөцлөх боломжтой. Тэгвэл Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ намрын ургац хураалтын ажлаас эхний ээлжинд өр, авлагыг барагдуулах нөхцлөөр 25.7 мянган тонн улаан буудай хүлээж авах юм байна. Өнөөдрийн байдлаар “Сэлэнгэ” салбараас гадна “Хөтөл”, “Булган”, “Угтаал” будаагаа аваад эхэлжээ. Энэ сарын 11-ний байдлаар 800 тонн будаа аваад байгаа юм байна. Харин Улсын хэмжээнд 43 мянган тонн улаан буудай авахаар төлөвлөжээ.

Сэлэнгийн тариаланчид тариа, будааныхаа 50 хувийг “Сэлэнгэ” салбарт нийлүүлнэ

“Сэлэнгэ” салбарын элеваторын хүчин чадал 28 мянган тонн. Сэлэнгэ аймгийн хойд талын ес сумын тариалан эрхлэгчид будаагаа тушаадаг юм. Харин хаврын тариалалтаар энэ салбарынхан 39,8 тэрбум төгрөгийн шатахуун, үр, бордоог тариаланчдад зээлээр олгожээ. Тэгвэл энэ жилийн хувьд “Сэлэнгэ” салбар “Товхон хан” компаниас улаан буудайн анхны дээжээ авч байгаагаар онцлов. Харин тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих санд будаагаа өгснөөр олон боломж, нөхцөл эдэлж байгааг дуулгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, 2015 оноос будаагаа нийлүүлсэн тариалчдын тээврийн зардлыг үнэгүй байлгах, үр бордоог 100 хувийн дэмжлэгтэй өгснөөр урамшууллын нөхцөл олон талаар нээлттэй байх тогтоол гарчээ. Сэлэнгэ аймгийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын захирал Б.Дашзэвэг сайн үрийн будаа өгснөөр сайн буудай гарна хэмээн ярьж байсан юм. Сэлэнгэ аймгийн хойд талын есөн суманд 94 компани, аж ахуйн нэгж тариалан эрхлэдэг аж. Энэ жилийн хувьд Сэлэнгийн тариаланчид тариа, будааныхаа 50 хувийг “Сэлэнгэ” салбарт нийлүүлэхээ мэдэгджээ.

Сэлэнгийн тариаланчид улаан буудайгаа ачаалж эхэллээ
Сэлэнгийн тариаланчид улаан буудайгаа ачаалж эхэллээ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив