Түүх, соёлын дурсгалаа хадгалах бус устгах сэтгэл өвөрлөгчид
2014 оны 9 сарын 19
Түүх, соёлын дурсгалаа хадгалах бус устгах сэтгэл өвөрлөгчид
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлыг нь дүгнэхэд хялбархан. Мөн бүтээн байгуулалт, хотын өнгө төрхөд ихэд анхаарч буй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хэрхэн хайр найргүй хандаж байгаа нь ч тодорхой. Өөрөөр хэлбэл, энэ хоёр эрхмийн үйлдлээр нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалыг илтгэх хуучны барилга, хөшөө дурсгал үгүй болж байгаа бэлхэн жишээ байсаар байна. Үнэн хэрэгтээ тэд хуучны гэх зүйлүүдийг хадгалж, хамгаалж үлдэх бус устгуулах чин сэтгэл өвөртөлчихсөн мэт. Тухайлбал, Э.Бат-Үүл хотын даргын ажлаа авсан дариудаа “Лениний хийсэн үйл хэрэгт хамгийн их хохирсон улсын нэг нь Монгол. Монголд 1930-аад оны үед 3-5 жилийн дотор 40-өөд мянган хүнийг шашин шүтсэний төлөө, гарал үүслийн төлөө нь буудаж хороосон. Хөнөөх хүний тоо гүйцээгүй гээд мал маллаж явсан хоёр хүүхдийг буудаж байсан гэж түүхэнд бичсэн. Лениний хөшөөг буулгаж буй үйл явдал бол тэмдэглэлт өдөр” хэмээн цагаан хоолойгоор зарлаж байгаад “Улаанбаатар” зочид будлын өмнөх талбайгаас буулгасан. Гэхдээ энэ бол зөвхөн хөшөө бас дурсгал. Тухайн хүний үйл хэрэгт хорсож явдгаас энэ бүхийг хийсэн ч хөшөө дурсгалтай тэмцсэн нь хачирхалтай.

Э.Бат-Үүл даргын хуучны гэх бүхнийг устгаж буйн нэг илэрхийлэл бол энэ байсан юм. Бас ч болоогүй өнгөрсөн хагас зууны туршид их хотын үүд болж байсан Цагаан хаалгыг нураасан. Учир нь бүтээн байгуулалтын ажил явуулахад саад болоод байна гэдгээр буулгаад өөр газар шилжүүлж барина гэсэн ч өнөөг хэр нь хэрэгжээгүй л байна. Харин Хан-Уул дүүргийг илтгэх Нисэхийн цагаан хаалгыг нураачихаад Улаанбаатарт Бээжин гэдэг нэртэй гудамжтай болгож, үүдэнд нь дэлхийд алдартай "China Town" буюу Хятад хорооллын дааман хаалгыг босгож байгаа нь харамсалтай хэрэг биш гэж үү.  

Үүгээр ч зогсохгүй “Гудамж” төсөл гэдгээр Энэбишийн хөшөөт дурсгалыг буулгачихсан. Гэвч энэ бүхнийг буулгаж, өөр газар шилжүүлэхэд өмнөх жишиг, хуучин хэвээр нь барьж чадах уу. Хариулт нь үгүй гэж гарах ч энэ бүхэнд санаа зовон суух хүмүүс байгаа юм. Яагаад гэвэл, Үүл даргад хотын өнгө үзэмж сайхан харагдаж байвал хааных ч хамаагүй будгаар өнгөлсөн шинэ байгууламж хэрэгтэй. Үнэн хэрэгтээ хуучны гэдэг зүйлийг хадгалж, хамгаалж үлдэх сэтгэл, бодол байхгүйгээс түүхэн дурсгал гэдэг зүйл алдагдахад хүрээд байгаа юм. Үүнийг холбогдох байгууллагууд нь ч үгүйсгэхгүй байгаа юм.

Харамсалтай нь нийслэлийн Засаг даргын энэ бүх шийдвэрийг соёлын салбар хариуцсан сайд нь дуугүй харж, бодлогогүй шийдвэрүүдийг нь өмгөөлж буй мэт байсаар байна. Түүнд дуугарах эрх бий. Яагаад гэвэл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалаа устгуулах бус хамгаалж үлдэхээр бодлого шийдвэрээ гаргаж суумаар. Гэтэл тэр хоёр жилийн хугацаанд нэг ч удаа соёлын дурсгалыг устгаж байгаа байдалд үг хэлсэнгүй. Энэ нь түүнд бас хотын даргад соёлын дурсгалаа хадгалах бус устгах сэтгэл байна гэсэн үг.

Нийслэлд түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох хөшөө, хэрэгсүүр, барилга байшин ховордсоор байгаа. Өөрөөр хэлбэл, хэн дуртай, бас мөнгөтэй нэг нь буулгаж нураагаад түүний оронд нь орд харшаа сүндэрлүүлсээр буй бодит жишээ бий. Харин түүх, соёлын дурсгалыг мэргэжлийн байгууллагаар сэргээн засварлуулах, бүртгэн баримтжуулах ажил нийслэл, дүүргийн хэмжээнд уялдаа холбоогүй, хангалтгүй түвшинд байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж байгаа юм. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг нийслэл, орон нутаг, улсын хамгаалалтад бүртгэж авдаг. Гэвч хамгаалалт ямар байгааг шалгахад “Гоожингийн өндөр” гэх түүхэн дурсгалт барилгын газрыг хэн эзэмшдэг, хадгалалт, хамгаалалтыг хэрхэн явуулдаг нь тодорхойгүй байжээ. Эцэстээ дүүрэг, орон нутагтаа бүртгэлтэй ч иргэн хүний эзэмшилд байгаа нь холбогдох газрууд нь хангалтгүй ажиллаж байгаагийн тод жишээ. Харин иргэн хүн түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг явуулахгүй байгаагаас өнөөдөр нурах аюултай байдалтай байна. Нурсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авах эрх зүйн орчин дутагдалтай байгаа нь түүхэн дурсгал устаж, эзэнгүй орхигдож байгаагийн илрэл юм.  

Хэдийгээр нурах дээрээ тулсан энэхүү “Гоожингийн өндөр” гэх түүхэн дурсгалт барилга нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр дунд сургуулийн зүүн хойно байрласаар ирсэн. 1913 оны үед Сайн ноён хан Намнансүрэн Дунд голын урд бариулсан хоёр байшингийн нэг “Гоожингийн өндөр”. 1916 онд Сайн ноён хан Намнансүрэнг нас барсны дараа уг байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, Хятад цэргийн штаб байрлах болсон гэдэг. Дараа нь Сангийн яамны мэдэлд очиж, Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч Козин амьдрах болсон ажээ. Козин хэмээх нэр олны ам дамжин дуудагдаж явсаар "Гоожингийн өндөр" хэмээн нэрлэх болсон гэх нь бий.

“Гоожингийн өндөр" хэмээх эл барилга өдгөө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамгаалалтад байдаг гэх ч ямар учраас хувь хүний мэдэлд очсон нь эргэлзээ төрүүлсээр байна. Магадгүй нэг л өдөр нураагаад оронд нь өөр барилга сүндэрлэхийг үгүйсгэхгүй байгаа юм. Харин хуучин төрхөөр нь сэргээн засварласан удаа байхгүй. Хотын даргын нүдэнд өнгө үзэмж нь тохирохгүй, соёлын сайдын түүхэн дурсгалаа хамгаалахгүй байдлаас болж 100 гаруй жилийн түүхтэй уг байшин хэзээ нэгэн өдөр газрын хөрснөөс арчигдах дээрээ тулчихаад байна.








Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив