Сархад савнаасаа хэтэрвэл хор
2014 оны 9 сарын 29
Сархад савнаасаа хэтэрвэл хор
Согтууруулах ундаа буюу архинаас үүдэлтэй хэдхэн жишээг дор дурдая.

1.12-18 насны сурагчдын 26.5 хувь нь согтууруулах төрлийн ундааг ууж үзсэн

2. Хотын сурагчдын 45.1, хөдөөгийн сурагчдын 40.5 хувь нь 14, түүнээс доош насандаа согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байна

3. Нийт сурагчдын 8,9 хувь нь сүүлийн сард нэг ба түүнээс олон хоногоор согтууруулах төрлийн ундааг хэрэглэдэг

4. 15-64 насны монгол хүний 49,6 хувь нь согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг

5.2002-2013 оны байдлаар жилд дунджаар 561 хүн архины хордлогын шалтгааны улмаас нас барсан

6.Дэлхий дээр жилд 3.3 сая хүн архинаас үүдэлтэйгээр нас барж байна.

Хэдийгээр энэ нь тоо, судалгаа хэдий ч аймшагтай сонгогдож байгаа нь лавтай. Тэр бүү хэл ирээдүй болсон өсвөр үеийнхэн 14 болон түүнээс доош насандаа согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь бор дарс гээч энэ хорт зуршилд автаж буй нь эмгэнэлтэй хэрэг. Нөгөөтэйгүүр 15-64 насны монгол хүний 49,6 хувь нь согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэсэн нь бас л харамсаар. Учир нь энэ бүхнээс нас баралтын шалтгаан, халдварт өвчнөөр өвчлөх хамгийн том эрсдэлт хүчин зүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгмийг бүхэлд нь архины хортой хэрэглээнээс татгалзах, мөн хэрэглээг бууруулахад төр засгийн зүгээс анхаарах хэрэгтэй байгааг холбогдох байгууллагууд нь анхааруулсаар ирсэн. Тиймээс тэд архины үйлдвэрлэлийг төрөөс хянах хэрэгтэйг сануулж байгаа юм.

Манайд мэдрэлийн ядаргаа, сэтгэцийн хямрал зэрэг шалтгаанаар эмчлүүлж байгаа эмэгтэйчүүдийн 75 хувь нь архичин нөхрөөсөө болж өвдсөн байдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн архинд донтох өвчний улмаас бэлгийн замын халдварт өвчинд өртөмтгий болох, үргүйтэх, үр зулбахад ч хүрдэг. Бүр цаашилбал, генийн гажгийн шалтгаан болдог.  Тэгэхээр хүн амын нөхөн үржихүйд архидалт маш муугаар нөлөөлдөг нь тодорхой. Олон улсын хэмжээнд ч ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэх шалтгаан нь архидалттай холбоотой гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан нотолдог. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү улам холдсоор байгаа нь архи, тамхи хэрэглэсэнтэй холбоотой гэж үздэг. 25-64 насныхны дундаж нас баралтын тэргүүлэх шалтгаан нь архины улмаас үүсэх элэгний церроз болж байгаа гэдэг. Энэ насныхны 60 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс байдаг гэж судалгаагаар нотлогдсон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 7800 дэлгүүр согтууруулах ундаа борлуулж, 2900 байгууллага согтууруулах ундаагаар үйлчилдэг. Энэ нь 280 хүн тутамд нэг архины цэг оногдож байна гэсэн үг. Энэ нь олон улсын дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Тэгэхээр согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулах шаардлагатай гэдэг нь тодорхой. Үүний зэрэгцээ сархад савнаасаа хэтэрвэл хор болж буй буруу зуршлаас иргэдийн хандлагыг өөрчлөхөд хаа хаанаа анхаарч, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх нь шаардлага биз ээ.

С.БАЯСГАЛАН 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив