Тэдэнд хууль өмчлөх эрх байхгүй
2014 оны 9 сарын 29
Тэдэнд хууль өмчлөх эрх байхгүй
-Мянга сайн хууль гаргаад хэрэгжүүлэхгүй байгаа нь хөөрхийлөлтэй-

Хууль санаачлах эрх нь төрийн түшээдэд бий. Харамсалтай нь өнөөдрийн нийгэмд хэн нэгний эрх ашигт нийцүүлэх, эсвэл өөрсдийн ашиг хонжоонд тааруулан хууль санаачилж, түүнийгээ нэг өдрийн дотор батлуулдаг гээд буруу жишиг багагүй бий. Үүнийг хаа хаанаа мэддэг ч ногоон гэрлээр явуулж байгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бишгүй шүүмжилсээр ирсэн. Харин хууль тогтоох дээд байгууллага болох УИХ нь баталсан хуулиа эргэж хардаггүй, хэрэгжилтийг нь хянадаггүйгээс гажуудал үүссэн нь үнэний ортой. 2012 оны сонгуулиас бүрдсэн УИХ эрх баригчдын шинэчлэлийн бодлогын хүрээнд олон хуулийг батлан гаргаад байгаа. Гэтэл баталсан хуулийн зарим нэг нь алдаатай, зөрчил дутагдалтай байгааг хэрэгжүүлэгч байгууллагууд нь үгүйсгээгүй. Нөгөөтэйгээр хуулийн хэрэгжилтээ хянадаггүйгээс болж иргэдийн зүгээс өөгших байдал газар авч байгаа нь бодитой. Тухайлбал, 2009 онд “Агнуурын зарим амьтдыг агнаж барихыг түр хориглох тухай” тогтоолын дагуу тарвага агнахыг хориглосон ч хууль бусаар ан хийх явдал гарсаар байгаа нь Монголын хууль гурав хоногийн хүчинтэй гэх яриаг баталж байгаа мэт. Гэвч шүүх, цагдаагийн байгууллагын тухай хууль, тогтоомж нь иргэддээ хэтэрхий хатуудсан, харгис хэрцгий байдгийг сануулдаг. Гэвч гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, зөрчил дутагдал байнга гарч байгаа нь хуулиа сурталчилж таниулахгүй, иргэдийн мэдээлэл дутагдмаг байгаатай холбоотой. Тиймээс хууль санаачилж, баталж байгаа эрхмүүд хуулийн хэрэгжилтдээ анхаарах болсныг харуулж байгаа юм. Тэгэхээр хуулийг сурталчлахад ажилд УИХ-ын 76-д тогтсон хуваарь гаргаж өгөх хэрэг биз.

Харин УИХ-ын 76-д хууль өмчлөх эрх байхгүй. Учир нь З.Энхболдын ангийнхан дунд хууль батлуулснаараа талцалж, “Минийх, чинийх” дээрээ тулж өөрийн өмч мэт аашилж байсан тохиолдол бий. Үүний тод жишээг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тодорхой харуулсан. Тамхины хяналтын тухай хуульд О.Баасанхүү гишүүн тамхи татах цэг байгуулах асуудлаар өөрчлөлт оруулах гэхэд Л.Эрдэнэчимэг гишүүн элдэв байдлаар саам хийсээр буцаасан. Харин тамхи татдагаараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга "Тамхи татдаг хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Би тамхины өөр хуулийн төсөл санаачилна" гэсний дагуу дахин нэгэн хуулийн төслийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбат гишүүн утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхой байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар тусгасан ч Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хуулийг ганцаараа баталчихсан, өөрийн өмч мэт зүтгэсээр байгаад буцаасан. Нэг ёсондоо хууль өмчлөх асуудал Л.Эрдэнэчимэг гишүүнээс улбаатай. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэхэд алдаа, дутагдал байхад “өмчлөл”-дөө хэн нэгнийг гар дүрүүлэхгүй гэж байгаа нь хууль тогтоогчдын зүй ёсны асуудал мөн үү. Нэг ёсондоо хүлээлт үүсгээд байгаа Өршөөлийн тухай хууль Х.Тэмүүжингийнх болж. Тамхины хяналтын тухай хууль Л.Эрдэнэчимэгийн автортой явах нь хэр зүйтэй вэ. Магадгүй бас л хүлээлт үүсгээд байгаа Татварын өршөөлийн тухай хуулийг С.Дэмбэрэл гишүүн “Минийх” гээд явах л байх. Энэ мэт арчаагүй байдлыг УИХ-ын гишүүд нь гаргах тусам асуудал өөрөөр эргэнэ. Мөн өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хүссэн болгоныг хийдэг парламент болж хувирсаныг сануулах хэрэгтэй.  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив