АН нэр хүндээ алдсаныг нөхөд нь үгүйсгэсэнгүй
2014 оны 9 сарын 29
АН нэр хүндээ алдсаныг нөхөд нь үгүйсгэсэнгүй
Суудал ганхуулсан бас халуунхан уур амьсгалтай эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулган хаяанд туллаа. Нэг ёсондоо эрх баригч хүчний лидерүүдийн “тоглолт”-оор нээлтээ хийх чуулганыг ямар үр дүн хүрэх бол гэж гайхаж суугаа хүн олон бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөж, АН-ынхны эрх ашгийн зөрчилдөөн хурцдах уу, хуйвалдаан дунд өрнөх үү гэдэг нь анхаарал татаж байгаа асуудлыг нэг. Мэдээж хэрэг эрх баригч хүчин болох АН-ынхан фракци гэх зөрчилдөөний хэсэг бүлэг хүний нөлөөнд оршдогийг хэн бүхэн мэдэж байгаа. Эцэстээ фракцийнхаа нөлөөнд засаглал нь бүрэн орж, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх хуулийг батлахаас АН-ынхан зугтсан. Гэхдээ энэ хуулийг эртхэн баталсан бол Засгийн газар иргэдээс оноо авах алхмаа бүрэн хэрэгжүүлж чадах байсныг намын нөхөд нь ч үгүйсгэхгүй байна.

С.Ламбаа: -Намд тогтсон буруу жишиг фракци байгуулах сонирхлыг төрүүлж байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр батлагдсан ч Засгийн газрыг огцруулахгүйгээр асуудлыг шийдэж болох гарц байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэх явцад Ерөнхий сайдаас гадна Үндсэн чиглэлийн яамны сайд УИХ-ын гишүүн байж болно гээд санал хураалтаар шийдсэн байсан. Энэ тохиолдолд хуулийг баталчихаад дараа нь иргэдийн хүлээлтэд нийцүүлэн эсвэлд нэгдсэн намтайгаа тохиролцоод Засгийн газрын бүтцийг өөрчилж, Засгийн газраа шинээр эмхлэн зохион байгуулаад явчих байсан юм. Ингэж чадсан бол АН сонгогчдоос үндсэндээ хоёр том оноо авах байсан. Хамгийн гол нь манайхан бие биедээ бүрэн итгэж чадаагүй л дээ. Сая Засгийн газрын тэргүүн бүтцийн өөрчлөлт хийж, сайд нарыг сэлгэх алхам хийнэ гэдгээ ард түмэндээ зарлачихлаа. Ердөө л энэ л алхам шүү дээ. Уг нь тэр үед ийм алхам хийчихсэн бол цаг хугацаа хожих байсан. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй АН-ын нэр хүндэд ч хэрэгтэй байсан юм.

Ц.Оюунгэрэл: Манай намд үгээ хэлэх эрх нь нээлттэй. Үгээ хэлэх зөндөө хүн байна. Үүнээс болж намаа хуваах эсвэл хавчигдах, хэн нэгнийг намаас гаргах тухай асуудал хөндөхгүй. Ямар асуудал хөндөх вэ гэхээр зөв нийгмийг залуучуудад хүлээлгэж өгмөөр байна гэж хэлмээр байна. Нам дотроо нэр хүндтэй байх нь чухал биш. Харин ардчилагчдын тэмцэж авчирч өгсөн эрх чөлөө бидний гараар дуусчихвий гэдэг түгшүүр надад байна. Үүнийг ойлгох гишүүн олон байгаа байх. Засаг бүрдүүлэхэд фракци гэдэг зүйл их чухал байсан. Хэн хэнийгээ гомдоохгүй байх, аль аль талынхаа сонирхлыг ижил тэгш хүргэх гээд фракци нь чухал байдаг юм билээ. Харин одоо ажлаа хийгээд эхэлчихсэн, намаараа нэгдсэн дүн авах энэ үед фракци гээд хуваагдаад байх хэрэггүй. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив