Гадаадынханд найр тавьж, Үндсэн хуулиа уландаа гишгэх гэж үү
2014 оны 10 сарын 1
Гадаадынханд найр тавьж, Үндсэн хуулиа уландаа гишгэх гэж үү
-Өөрийн орны хуульд өөр улсаас санал авах нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд харшилна-

Төрийн эрхэнд гарсан эрх мэдэлтнүүдийн шийдвэр, бодлого гэж завхарсан асуудал болж байх шиг. Манай төр засгийн тэргүүнүүд улс орныхоо эдийн засгийн хүндрэлийг шийдэж гэж толгойгоо гашилгаж суугаа. Гэхдээ энэ бүхнээр гадаадынханд найр тавьж, тэр байтугай Үндсэн хуультайгаа харшилдсан нэгэн хэлэлцээрийг батлахаар улайрч байгааг ойлгоход бэрх. Өөрөөр хэлбэл, маргааш нээлтээ хийх гэж байгаа УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр"-ийг хэлэлцэж, соёрхон батлахаар төлөвлөсөн юм. Гэхдээ чуулганы нээлтээс өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог өнөөдөр нэгэнт хуралдуулж, энэ хэлэлцээрийн төслийг яаран хэлэлцүүлэхээр болсон нь эргэлзээтэй.

Харин энэ хэлэлцээрт дурдагдсан зарим заалт нь манай улсын Үндсэн хуультай харшилдаж байгааг судлаачид харсан нь олзуурхууштай. Энэхүү хэлэлцээрт манай УИХ аливаа хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд англи хэл дээр хөрвүүлж, АНУ-ын талаас саналыг нь авч байхаар тусгагддсан нь гол анхаарал болж байгаа юм. Угтаа Үндсэн хуулийн 26.2-т "Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна" гэж заасан байдаг. Нэг ёсондоо энэ бол зөвхөн Монгол Улсын иргэд, байгууллагад л хамаарах заалт. Бусдаар бол өөрийн орны хуульд өөр улсаас санал авах нь тусгаар улсад байж боломгүй үйлдэл гэмээр. Гэсэн ч хэлэлцээрт ийм л агуулга тусгаад байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үгүйсгэх, бас харшилж байгааг анхаарах хэрэгтэй болоод байна.

Улаанбаатар хотноо 2007 оны гуравдугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр Монголын тал анх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан байдаг. Харин АНУ-ын тал Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах саналыг ирүүлсэн. Энэ дагуу уг хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2013 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны тавдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Улмаар хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээр”-т 2013 оны есдүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан байна. Нөгөөтэйгүүр гарын үсэг зурсаны дараагаар АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох албаны хүмүүс “Хоёр орны хооронд байгуулагдаж буй “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын хэлэлцээр” нь Монголын талд харьцангуй ашигтай, иймээс энэхүү хэлэлцээрийг батлах нь зүйтэй” гэсэн агуулга бүхий мэдээллийг нисгэх болсон нь нууц биш. Тэр утгаараа дээрх хэлэлцээрийг соёрхон батлахаар яарсан ч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэлэлцээр далимдуулж өөрийн орны хуульд өөр улсаас санал авах нь гарцаагүй асуудал. Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд харшлах зүйл болох нь ч гарцаагүй. Тиймээс худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж байгаа болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа гэх энэхүү хэлэлцээр эцсийн дүндээ Монгол улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл гаргаж байгааг сануулах хэрэгтэй биз ээ.  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив