Ж.Баясах: Чи монгол хүн. Монгол бичгээ сурна аа
2014 оны 10 сарын 3
Ж.Баясах: Чи монгол хүн. Монгол бичгээ сурна аа
“VIPerson” булангийн энэ удаагийн зочноор Жамсрангийн БАЯСАХ уригдсан юм.

Ноён Ж.Баясах нь 1982 оноос МУИС-д багшилж иржээ. 32 жил. Үүнээс өмнө Шинжлэх ухааны академид ажиллаж байжээ. Эдүгээ МУИС-ийн ОУХНУС-д багшилж байна. Профессор, шинжлэх ухааны доктор хүн юм. Энэ хүн бүх л амьдралаа шинжлэх ухаанд зориулжээ. Энэ хүн залуу цагийн найз нөхдөөрөө их бахархах юм. Манай ангид (дунд сургууль. Орос 3 дугаар сургууль. Ред.) “МТ”-ийн Р.Ганзориг, Жасрай гуайн хүргэн Д.Аюуш миний сурагч үеэс найз нар. Зэргэлдээ ангид Ерөнхий сайд асан С.Баяр байлаа. Бид бие биенээ сайн мэднэ. “Ганзориг чинь танай Москвагийн Энергетикийн дээд сургууль төгсөө биз дээ?” гэж асууж байна. Ийм нэг задгай сэтгэлгээтэй шигээ задгай яриа хөөрөөтэй сайхан эрдэмтэн хүнтэй ярилцсандаа баяртай байв.

-Ноён Баясах, Таныг манай нэртэй судлаач гэдгийг шинжлэх ухаанаас хол хөндий хүн ч мэдэх байх. Учир нь Та хэвлэл мэдээллийн  хүндтэй зочны нэг. Гэсэн хэдий ч хятад судлалаар хэдэн жил ажиллав. Ямар намтар түүхтэй хүн бэ? Хэрхэн энэ мэргэжлийг сонгов гэх мэтээ ярьсан нь ховор байж магадгүй л дээ. 
-Манай аав Жамсран нэртэй түүхч хүн. Түүхийн сурах бичиг бичсэний учир ажлаас цомхотгогдоод 1970-аад онд хэлмэгдсэн. 1995 онд цагаадсан. Иймээс би Ардын нам болоод Ардын хувьсгалт намд дургүй.

-Тэгвэл аль намд нь дуртай юм бэ дээ?
-Ямартай ч Ардчилсан намын гишүүн. Гэхдээ туг дарцгийг нь барьж яваагүй юм болохоор бялуу хүртэхэд оролцдоггүй тийм гишүүн. Манай аав Бээжингийн их сургуулийг 1962  онд төгссөн. Тэнд сүүлд гэр бүлтэй болсон хэдхээн том эрдэмтэд сурч байсан. Гүнжийн Сүхбаатар түүхч, Ч.Жүгдэр философич. Н.Ишжамц гуай нар байлаа. Одоо Ишжамц гуайн хүү Саруул Архивын ерөнхий газрын дарга байна.

-Гүнжийн Сүхбаатар гуай, танай аав Сүхбаатар аймгийн улсууд юм аа?

-Дарьгангын хүмүүс.

-Г.Сүхбаатар, Л.Жамсран “БНМАУ-ын түүхийн дээж бичиг” 1968 он гэсэн номыг харж байсан. Сүхбаатарын хүмүүс түүх судлах нь их байдаг гэсэн  бодол төрлөө л дөө.

-Ер нь Ардын засаг тогтонгуут буриадууд боловсролтойд тооцогдож байсан. Оросын буриад гаралтай эрдэмтэд их байсан. Цэвээний Жамсран, Банзарын Дорж гэхчилэн. Зарим нь орос, франц хэлтэй том сэхээтнүүд байж. Одоо Дорж Банзаров гуайг Буриадын Ломоносов гэж ярьдаг. Дараачийн үед шалгараад гарсан нь Сүхбаатарын улс байдаг. Эрдэмтдийнхээ тоогоор бусад аймгаас толгой цохиж явдаг байхгүй юу.

-Сүхбаатар аймгийнхан уу?

-Тийм. Тухайн үед 13 сайд байсны 11 нь Сүхбаатар аймгийнх байсан түүх бий.

-Одоо жишээлбэл хэн хэн байна вэ?

-Тухайн үед сэхээтний төөрөгдлөөр ихэнх нь тэрэнд холбогдоод хэлмэгдсэн хүмүүс. Одоо энэ киноны Солонгын ааваас эхлүүлээд хэлмэгдсэн хүмүүс зөндөө л дөө.

-Тийм байж. Та ямар сургууль төгсөв. Жишээ нь, Баасанжавын Ганболд, таны найз “Үнэн” сонины эрхлэгч тэрээр таныг их магтдаг юм л даа. “Манай Баясах хятад хэлэндээ мундаг л байх. Гэхдээ орос хэлэндээ бол ус цас шүү” гэдэг.

-Би орос сургууль төгссөн.  Намайг 4 дүгээр ангид байхад аав: “Чи монгол хүн байна. Монгол бичиг сурна аа” гэсэн. Ингээд Монгол бичиг сурч эхэлсэн. Зун хүүхдүүд хөлбөмбөг өшиглөөд, гар бөмбөг тоглоод явна аа даа. Надад бол тийм зав байгаагүй. Монгол бичгээ хуулж бичээд алдаагаа засуулна.  Аав ээжийг ажлаас ирэхэд нь хоолыг нь бэлдсэн байх жишээтэй. Тэгээд л миний өдөр дуусдаг байсан. Тухайн үедээ их гомдоно оо. Ааваас л болж тоглох ч зав алга гээд. Манайх хашаандаа хэдэн ногоо тарьчихсан. Завсраар нь түүнийгээ усла гээд даалгавар өгнө. Өглөө 6 цагт босгоод өвөөгийнхөөс шинэ өрөм аваад ир гээд хөөгөөд явуулчихна.

-Нилээд шаггүй байж...

-Сэлбэ голын хавьд манай эмээ өвөө үхэр малтай. Очиж өрөм авна. Надад хариуд нь тогооны хусам л ирнэ. (инээлдэв) Миний бага нас ингэж л өнгөрсөн. Сургуульд ороод 4 дүгээр ангиас Монгол бичиг заалгав. 5 дугаар ангиас аав “Юм орчуулж сур!” гэсэн. Хүүхдийн “Мурзилка” сэтгүүл, “Пионерская правда”, “Комсомольская правда”-гаас юм орчуулна. Арав төгсө-хөд би гучаад материал орчуулсан.

Түрүүч нь 3-р нүүрт

-Ямар ч зорилгогүй орчуулах уу?

-Яалаа гэж. Намайг орчуулгын хэлэнд сургаж байгаа нь тэр. Орчуулснаа ааваараа засуулаад сонинд гаргаад 15 төгрөг авна. Тэр үедээ бол асар их мөнгө шүү дээ. Том хүн кино үзэхэд нэг төгрөг байлаа. Хүүхдийнх тавин мөнгө. Мөнгөтэй хүүхэд байсан. Тэрэнд их урамшаад бараг сар бүр юм орчуулж өгдөг. Эсвэл үгийн сүлжээ зохиодог. Бас шүлэг оролдсон боловч  авьяас нь байсангүй.

-10 жилийн найз нар гэж бий биз?

-Танай Москвагийн Энергетикийн их сургуулийг төгссөн Р.Ганзориг байна. Жасрай гуайн хүргэн Д.Аюуш. Манай нөгөө ангид Ерөнхий сайд асан С.Баяр байсан. Зөндөө, зөндөө.

-Тэгээд 10 дугаар ангиа төгслөө. Хаа нэгтээ явах хэрэг гардаг байлаа шүү дээ, тэр үед

-Орос 10 жилээ төгслөө. Аав: “Миний хүү Орос явахгүй ээ. Дотооддоо сурна аа” гэв. Түүхч болох гэтэл 1973 онд Их сургуульд түүхийн анги  байсангүй. Багшийн дээдийн түүхийн ангид оруулдаг юм. Таван төгрөгийн дэвтэр гээд зуун хуудастай дэвтэр байлаа. Тэрэн дээр конспектоо бичээд ааваар засуулна. Орос сургууль төгссөн болохоор эхлээд л улаан алаг юм болно. Хос эгшиг, богино эгшигэн дээр алдана. Нэг жилийн дараа засуулсан чинь гуравхан үг алдсан. Тэгж л миний аав намайг бэлдсэн. Багшийн дээдийн манай ангийнхан гээд  хэвлэлийн ажилтнууд. Сунагар сунагар авгай нар байдаг. Би ганцаараа орос хэлтэй. Оросоор гарсан номыг надаар уншуулна. Тэгээд нэг жил онц сураад төгссөн юм. Тэгэнгүүт аав: “За нэг жил чи дотооддоо сурлаа. Одоо чамайг гадагшаа явуулна” гэсэн. Тэгээд Академийн нэр дээр Ленинградын их сургуульд хятадын түүхийн ангид явсан. Явахын өмнө үүрэг амлалт авч байгаа юм. Очоод ямар сурах уу, долоо хоног бүр гэр лүүгээ захиа бичнэ. Пиво, тамхи хэрэглэхгүй гэнэ. Хамгийн гол нь хамгийн их зурлагатай гурван хятад ханз бичүүлээд: “Цээжилбэл чамайг явуулна” гэв. Тэгэхээр нь хамаг оюун ухаанаа дайчлаад яг дуурайлгаад л бичээд өгсөн чинь: “За чи хятад хэл сурч чадах юм байна. Миний хүү” гээд. Өөрөө түүхч байсан. Хятадад сурч байсан. 1973 онд Монгол-Хятадын харилцаа муу байсан.

-Уучлаарай  ноён Баясах та айлын том хүүхэд үү? Монгол хүн том хүүхдэдээ их ач холбогдол өгдөг юм шиг ээ?

-Тийм. Том хүү.

-Таны ярьж байгаа энэ үе аавын тань хэлмэгдсэн үе үү. Хэлмэгдэхээс өмнөх нь үү?

-Хэлмэгдэхээс өмнө. Аав Ази-Африкийн хэлтэст. Академийн тэргүүлэгчдийн газар хятад судлалыг хариуцаж байсан. Төгсөж ирээд 1979 онд Дорно дахины судлалын хүрээлэнд орлоо. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар хагас жил ажиллав. 1980 онд Улс төрийн товчооны 70 дугаар тогтоол гараад аав намаасаа хөөгдлөө. Тэгээд хөөрхийг минь, хөдөлмөр зохион байгуулалтын инженер болгоно гэдэг. Нийгмийн ухааны хүн. Тэгээд одоо миний юу буруу байгааг хэлж өг гээд зарга бичдэг ажилтай. Сүхбаатар гуай тэр хоёр зарга бичээд л байдаг. Болж өгвөл Улс төрийн товчооны хэн нэгэнтэй уулзчих санаатай. Нөгөөдүүл нь уулздаггүй.

-Аврал хайгаад л яваад байгаа юм байна.

-Юмаа л тайлбарлах гээд байхгүй юу.

-УТТ-ны тогтоолд юугаар буруутгах вэ. Сурах бичиг бичлээ. Өөр яав?

-Тогтоолд Хятадын ном зохиол ашигласан гэдгээр буруутгасан. Монголын түүхэнд хятад юм ашиглахаас өөр аргагүй. Маркс, Энгельсээс иш татсангүй гээд байдаг. Энэ хоёр чинь азийн түүх мэддэг хүмүүс биш шүү дээ. (инээлдэв.) Монголын эртний түүх. Маркс, Энгельс тэр үед төрөө ч үгүй байсан. Гэтэл залуу үеийг хятадаар хордуулсан гээд байдаг. Хятадын тал барьсан түүхчид гээд буруутгасан. Тэгээд хагас жил хамт ажиллаж байтал аав маань “эсэргүүн” болдог юм байна. Тэгээд намайг намнаж эхлэнэ дээ. Энэ хүүхэд нь ямар алдаа гаргах нь уу гээд. Нэг удаа найзынхаа урилгаар Чех явах гэсэн цагдаагийнхан явахын өмнө орж ирээд л паспорт хураагаад авчихсан. “Эсэргүүний хүүхэд баруун руу оргох” гэж байна гээд.

-Энэ л илүү үзэгдэл байсан юм. Уг нь Чех чинь социалист...

-Тэгээд намайг гурван жил оролдлоо. Тэгэхээр нь хамт ажиллаж байсан хүмүүсээсээ дутуугүй ажиллана гээд 20 гаруй өгүүлэл бичлээ. Нам, засгийн “Үнэн” сонины дагавар өгүүлэл ч бичлээ. Тэгээд байхад цомхотгол гээд намайг гаргачихлаа. Тэр үед хятад судлал хийдэг газар нь Академи байсан юм. Аргаа бараад Чой.Лувсанжав багштай очиж уулзлаа. Манай аавтай хамт сурч байсан юм. Ээжтэй багшийн дээдийн тоо физикийн анги хамт төгссөн, Тэгээд Бээжинд хэл шинжлэлийн ангид сурсан.

-Танай аав чинь Бээжинд сурсан шүү дээ.

-Бээжингийн их сургуулийн аспирантурт таван жил сурсан. Доктор хамгаалсан гуравхан хүн байдаг юм. Тэрний нэг. Тухайн үеийн дэд эрдэмтэн л дээ.

-Аан за, за.

-1979 онд төгсөж ирсэн. 1982 он хүртэл гайгүй юм хийлээ. Тэгээд сүүлд нь цомхотголд орлоо. Тухайн үеийн Намын Төв Хорооны намын хянан шалгах хороонд аав бид хоёр юм бичлээ. Ямар учраас ингэв? Ажил доголдолтой байсан бол тэрийг нь хэлж өг гээд зарга бичдэг юм.

-Сүүлийн үед санкц гэдэг үг их моодонд орлоо. Түүн шиг аав, хүү хоёр санкцинд оржээ дээ.

-Тэгээд тэр Төв хороо залхсан юм шиг байгаа юм. Нөгөө Жамсран чинь хүүхэдтэйгээ нийлээд өргөдөл бичээд байна яршиг яршиг тэр хүүг нь Их сургуульд нь өг гээ биз. Тэгээд миний хөдөлмөрийн дэвтэр, Төв хорооны шийдвэрээр Монгол Улсын Их сургуульд хятад судлалын багшаар ор гэлээ. Их сургуульд оролдох улс нь гайгүй. Тэр үед Хятадын түүх, уран зохиол, эдийн засгийн газар зүй заана. Мөн эртний хятад хэл, үгсийн сан гэсэн хичээл заана. Зөвхөн түүхээр мэргэшсэн хүн чинь тал талын мэдлэгтэй болж байгаа юм. Тэгээд Лувсанжав багш хэлж байна аа. 1982 оны намар. “Чи Зөвлөлтөд Их сургуульд Хятад судлалын анги байгаа. Сургалтын төлөвлөгөөг нь ол! Сургуульдаа Хятад судлалын анги байгуулъя. Утга зохиол, эртний судлалыг нь чи хариуц!” гэв. За тэгээд Зөвлөлтийн сургалтын төлөвлөгөөг нь авлаа. Монголын нэгдүгээр курс төгссөн оюутнуудаас хятад гаралгүй хүүхдүүдийг сонгож авлаа. Тухайн үед сургалтын программыг оросоор бичдэг, хичээл заадаг хүн бол их магтуулна аа. Намайг Москвагийн Их сургуулийн сургалтын төлөвлөгөөг ашигласан гэж үнэлээд тэргүүний багш болгочихдог байгаа. (инээлдэв.)

-Оросоор дамжуулж Хятад судлалыг мандуулж байна аа даа, янз нь.

-Ер нь бол энэ төлөвлөгөөний дагуу Хятад судлал гэдэг юмыг зүгшрүүлж өгсөн. Түүнээс хуучин дан ганц хэл заагаад л орхичихдог байлаа шүү дээ. Түүх, газар зүй, уран зохиол, эдийн засаг, улс төр гэсэн ерөөсөө ойлголт байхгүй.

-Бээжингийн их сургуу-лиас ашигласан бол аав шигээ буруутан болох нь...

-Буруутан болно. Тэгж байтал Зөвлөлтөд перестройка боллоо. М.Горбачёв гарч ирлээ. Хабаровскт уулзалт боллоо. Орос, Хятадын харилцаа үндсэндээ сайжирлаа. 1986 онд Монгол, Хятад хоёр соёлын хэлэлцээрээ сэргээгээд  анхны хоёр хүн явсан. Төв хорооны нарийн бичгийн дарга нарын хуралдаанаар ороод явсан хоёр хүний нэг нь би.

-Ноён Баясах, хятадуудыг бид сайлдаг ч, бас муулдаг. Хөршүүд угаасаа тийм. Өнөөдрийн хятад маягийн модель гэж юу байна. Энэ талаар ярьж өгөхгүй юу. Жишээлбэл би саяхан нэг ном уншлаа. Тэнд Ли Шэньмин, Ван Личан, Фу Цюньшэн, Цао Сухун гээд хятадын нийгмийн ухааны том эрдэмтэд бичжээ. Ерөнхий утгаараа тэд Зөвлөлт Холбоот Улс задарсанд их харамсдаг бололтой юм. Социализмын сайн элемэнтүүдээ хадгалаад явсан бол тухайн ард түмэн хохирохгүй байсан гэх дүгнэлтүүдийг их хийсэн юм шиг.

-1921 онд Хятадын Коммунист намыг байгуулсан.  Гол гавьяатай хүмүүс нь Чэнь Дусю, Ли Дажао, Ван Мин нар юм. Тэгээд Мао Зэдүн бүгдийг нь цааш нь түлхчихсэн. Харин тэд нар бол жинхэнэ марксист үзэлтэн байсан. Мао бол  Марксизмыг тоодоггүй. Ленинтэй барьцдаг. Ленин бол Марксаас ялгаатай нь дэлхийн хувьсал гаргаснаараа алдаршсан. Харин Маркс бол нэмүү өртгийн капиталаараа алдартай. Хятад бол хөдөө аж ахуйн орон. Ийм учраас 80 хувь нь тариачид. Иймээс Мао Зэдүн эсрэгээр нь хувьсгалыг тариачид хийнэ гэсэн. Тэрийгээ Маогийн үзэл санаа буюу Маоизм гэж нэрлэсэн.

-Хятад хөгжлийн моделийг элемэнтлээд жирийн хүн ойлгох тайлбар хэлэхгүй юу. 
-Хятад тэмцэлдэж арван хэдэн улсын хэмжээний кампанит ажил явуулсан. Күнзийг шүүмжлээд л. Цинь Шихуандиг шүүмжлээд. Энэ үед Мао Зэдүн бүх өрсөлдөгчдөө цааш нь харуулсан. 100 сая хүн хэлмэгдсэн гэсэн тоо байдаг. Тэгээд пролетарийн агуу их хувьсгал эхэлсэн. Тэр нь 1966 оноос 1976 оны хооронд үргэлжилсэн. Энэ хооронд Маогийн үзэл бас буруу юм аа гэдгийг Жоу Эньлай засаж залруулсан. Жоу Эньлайн бодлогыг Дэн Сяопин авч явсан юм. Тэгээд дөрвөн шинэчлэл хийсэн. Тэр нь хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, мал аж ахуй, батлан хамгаалах дөрөв. Өвөрмонголчууд одоо ч ярьдаг төрийн шинэчлэл 1975-1985 оны хооронд тодорхойгүй явсан. 1985 оноос гараад ирсэн гэж. Мао Зэдуны онолоор дэлхий ертөнцийг 3 хуваачихсан. “Гурван ертөнцийн онол” бий.  Капитализм, Коммунизм, Хөгжингүй орон гэж үзсэн. Тэгээд хөгжингүй орны нэг нь Хятад юм аа гээд өөрсдийгөө зарласан. Одоо ч гэсэн Хятад өөрсдийгөө хөгжингүй орон гэж хэлдэггүй “хөгжиж буй орон” гэдэг. Ингэснээр нөгөө Африк, Латин Америкийн орны хүмүүсийг өөртөө татаж байгаа юм л даа.

-Жоу Эньлай чинь аль 60-аад онд Африкт хандаж тэндхийн олон орон дамнасан айлчлал хийж байсан даа. Одоо ч энэ бодлого үргэлжилж явна. Бид ойрхон шүү гэсэн сигналаа хөгжиж байгаа орноороо дамжуулж хүртэл өгч байна аа даа?

-Тийм. Бид та нарыг дэмжиж байгаа шүү гэж.

-Гэхдээ социализм гэдэг дээрээ явж байгаа нь хэвээрээ биз дээ.

-Социализм гэдгээ энэ ХХI зууны дунд гэхэд дуусгана.

-Хятадын томоохон нийгмийн ухааны эрдэмтэд ЗХУ, ОХУ-ын талаар  хятад хөгжлийн моделио зөв гэхийн хажуугаар ЗХУ-ын задралыг их буруутгах юм билээ.

-Хятадууд яагаад Зөвлөлт задарсанд харамсаад байна вэ гэж. Намайг Бээжинд перестройкийн үеэр сурч байхад тэд: “Орост шинэчлэл хэрэгтэй. Энэ нь зөв юм. Гэхдээ улс төрийн шинэчлэлээс эхлэх нь буруу” гэж үзэж байсан. Хятадтай адил эдийн засгаас эхлэх ёстой гэдэг байв. Харин ЗХУ-д Ленин ч гэж хэн билээ.Сталин ч гэж хэн билээ, гээд бүгийг үгүйсгээд эхэлсэн. Олон намыг тогтолцоотой болж бүхнээ үгүйсгэсэн.

-Сайн ч бай, муу ч бай нэгдмэл үзэл санаагүй ард түмэнд хоосролт явдаг юм биш үү. Мао Зэдун хичнээн муу юм хийсэн ч Хятадууд өнөөдөр 70 хувь сайн, 30 хувь нь муу ч бил үү? Нэг тиймэрхүү юм ярьцгаадаг.

-Мао Зэдуныг муулдаг хэрнээ Мао дарга бол агуу гэдэг нь хэвээрээ.Төв талбай дээр зураг нь байна. Нийгэмд ямар нэг юманд итгэх, даган шүтэх хэрэгтэй байхгүй юу. Тэр нь Зөвлөлтөд байхгүй болсноос задарчихсан. Улс төрийн  шинэчлэл хийсэн 15 бүгд найрамдах улс бүгдээрээ салаад явчихсан. 1991 онд тэгээд 285 сая хүн амтай байсан улс. Суурин дээр нь 150 сая хүн амтай ОХУ болчихсон эдийн засаг нь бараг 20 дахин доройтсон байж байна.

-ЗХУ чинь муу ч сайн ч Дэлхийн 2 номерийн эдийн засаг байсан шүү дээ. 1990 оноос өмнө.

-Тэгэхээр Хятад үгүйлэх нь аргагүй. Одоо  Хятад нийгмийн байгууллын хувьд яг Зөвлөлт Холбоот Улс шиг байгаа. Олон улсыг нэгтгээд авчихсан. Гэхдээ хятад улс төрөөр биш эдийн засгаар нэгтэгчихсэн болохоор мөр бүтэн, өдөртөө гурван хоолтой, өлсгөлөнгүй болсон. 1980-аад онд Хятад улс Зөвлөлтийн эсрэг үзлийг шүүрч авсан. Тэгэнгүүт барууныхан мөнгө хаяад, хөрөнгө оруулаад эхэлсэн тэрэн дээр нь босчихсон. Коммунизмын эсрэг үзэл дээр босоод Зөвлөлтийн эсрэг үзэл дээр тусламж аваад Зөвлөлт задарчихлаа. Тэгэхээр хятад улс сонин хөдөлсөн байгаа биз дээ. 

-Та судлаачийн хувьд реформ эдийн засгаасаа эхэлсэн нь зөв гэж үзэж байна уу? Эсвэл...

-Зөв байхгүй яах вэ! Тэгээд л Хятад одоог хүртэл зөв явж байна.

-Ноён Баясах Та Хятадыг хоёр дахь ЗХУ болоод задрал үүсч магадгүй ээ гэж бодож байна уу?

-Задрал болно. Хятад чинь 40,50 жилд нэг задардаг айл шүү дээ. Түүхэндээ тийм зүйл их болдог тэгээд л төр солигддог. Хувьсгалын хөдөлгөгч хүч нь тариачид. Тэд бараг 80 хувь нь. Хэрвээ тэд босвол Хятад унах болно. Одоо тариачдаас татвар авахгүй байгаа.

-Хятадын ардчилал, задрал нь манай улсад хэр хамааралтай вэ. Тэд ардчилна уу, байна уу бидний санаа зовох зүйл үү? Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдэг дээ.

-Бидэнд нэг их санаа зовох зүйлгүй ээ. Нэг л аюул бий. Хятад хэрвээ задгай болоод ардчилсан, хүний эрх, эрх чөлөө гээд шилжилт хөдөлгөөн хийвэл дэлхий тэр чигтээ хятад  болох л аюул байна.

-Өнөөдөр ч гэсэн Украины иргэний дайн гүнзгийрээд цагаач Оросууд наашаа шилжилт хөдөлгөөнөөр орж ирвэл Монголд аюултай юу?

-Аюул байлгүй яахав. Украины энэ бүс нутагт болж байгаа иргэний дайн нь тав, зургаан сая орос үндэстний асуудал хамарсан бөөн асуудал болж байна. 
-Нийтдээ 12 сая ч гэдэг. Украин, Орос цус холилдсон гэвэл тоог нь ч гаргахад хэцүү байх.

-Гэхдээ Путин бол Оросын ашиг сонирхлын хувьд маш зөв зүйл хийсэн. Крымээ олоод авсан. Хар тэнгис дэх стратегийн гол байрлалаа буцаагаад авчихлаа.
-Севастополь, Симферополь

-Тийм.

-Сүүлийн хориод жилд бол ардчилал, Америк гээд яваад л байлаа. Гэтэл  Дэлхийн байдал өөрчлөгдөж байна. Орос орон хүнээр бол  биеэ татаад авч байх шиг. Хятад үнэн нүүрээ харуулж байна. Америк мөн адил. Манай гаригийн том тоглогчид хөдөлгөөнд орлоо. Энэ дээр Таны бодол?

-Хүчний өөрчлөлт явагдаж байна. Хүч гэдэг бөх эдийн засагтай. Батлан хамгаалахтай зэвсэгтэй. Техник, технологийг улс нь тодорхойлдог. Энэ бүгдийн тэнцвэр нь улстөрийн бодлогод нь нөлөөлдөг. Цөмийн зэвсэгтэй айл том утгаараа бодлого тодорхойлж байна. Цөмийн зэвсэгтэй 5 улс байна. Хоёр нь манай хөрш айл. Харин манайх эдийн засаг, худалдаан дээр суурилсан түншлэлийн маягтай шүү дээ.(инээв.) Украинаас болоод Монголд анхаарал хандуулж эхэллээ шүү дээ. Орос Хятад хоёр чинь Америкийн эсэргүүнүүд. Америк одоохондоо дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 60 хувийг нь үйлдвэрлэж байна.

-БРИКС?

-Брикс буюу Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн энэ тав дэлхийн ДНБ-ий дөнгөж 20 хувь.

-Тэгэхээр бид яаж биеэ авч явах вэ. Биеэ татах ч хэрэг байна уу?

-Аль болох хоёр хөрштэйгөө сайн харилцаа. “Гурав дахь” хөрштэй байх ёстой. “Гурав дахь” хүч гэхээр тэгш байдалтай тэнцэнэ гэсэн үг.

-“Гурав дахь хөрш” гэхээр Америкаас авахуулаад Япон, Ямайк хүртэлх энэ олон улс юм уу. Хаашаа юм. Би сайн ухаж ойлгохгүй л байгаа юм. (инээлдэв.)

-Европын холбооноос авахуулаад Ази, Номхон далай, Америк. “Хөндлөн” тэнхлэг. Хоёр хөрштэйгээ “босоо” тэнхлэгээр харилцаж байна. Нэг талд нь Европ нөгөөд нь Америк ингэж байж тэнцвэртэй болно.

-Манай хоёр аварга би-дэнд хэр боломж өгөх бол?

-Ер нь өгөхгүй байх санаатай байна ш дээ. Ойр ойрхон ирнэ гэдэг аль болох Америкаас холдуулаад өөрсдөдөө татах. Украинаас болоод “хүйтэн дайны” байдалд орчихлоо. Энэ хоёр чинь амь нэгтэй болчихож. Манайх сонин байдалд орно. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэж болохгүй шүү. Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзаад би 70 жил Оросын аманд явлаа. “Одоо хоёр мангасын аманд” орж болохгүй гэсэн.

-ШХАБ-д элсэх нь буруу гэлээ Та.

-Буруу. Би ч ганцаараа биш. Гурван жилийн өмнө Монголын эрдэмтэд цугларч яриад, “Ажиглагчаараа байя!” гээд тогтсон эд. Энэ дагуу зөвлөмж юм аа хүргэх газар нь хүргэчихсэн. Саяхан Хята-дын хэвлэлийн нөхөд надаас хэд хэдэн ярилцлага авсан. Си Зиньпин гуайн айлчлалын үеэр. Тэгэхэд: “ШХАБ-ын ги-шүүн орон болох болов уу?” гэж асууж байсан. Би: “Уучлаарай, би судлаач хүнийхээ хувьд орохгүй байсан нь дээр гэж бодож байна” гэж хариулсан.

Ер нь хүлээж сурах хэрэгтэй. Гэнэтхэн ингээд шуураад орчихож болохгүй. ШХАБ гурван измийн эсрэг тэмцэнэ гэж гарч ирсэн байгууллага.

-Тодруулбал.

-Терроризм, сепаратизм, экстремизм. Энэ гурван бодлогоо орхиод одоо эдийн засаг руу давхиад орчихсон. Украинаас болоод буцаад “3 изм” рүүгээ орох гэж байна. ШХАБ-ын дүрэмд гишүүн орнууд хоорондын харилцаагаа нэгдүгээрт тавина гэж байгаа. Хэрвээ манайх давхиад орчихвол Америктай харилцахад хэцүү болчихож байгаа юм. Узбекстан давхиад орсон. Гадаад хөрөнгө оруулалт зогсчихсон. Узбекийн Ерөнхийлөгчийн зөвлөх, академич Мухамед Хожиев гэдэг хүн надтай уулзахдаа аминчилж захиж байсан юм. Хятадад элчин сайд байсан.Түүхч хүн л дээ. Би Их сургуулийн 34 жилийн төгсөлтийн оюутнуудад багшилсан хүн. 1982, 2014 энэ хугацаанд төгссөн хүмүүс бүгд миний шавь нар. Нэрт орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатараас авахуулаад нэрт эрдэмтэн Шагдарсүрэн гуайн охин доктор Ш.Эгшиг гээд. Өвөө нь бол монгол хэлний толь бичгийн Я.Цэвэл шүү дээ. Гурав дахь үеийн эрдэмтэн байх нь байна шүү дээ.

-Та бол хоёр дахь үеийн Хятад судлаач.

-Тийм.

-Гурав дахь хүчинд хоёр хөрш таагүй гэсэн.

-Хамаагүй шүү дээ. Тэгж байж л явна.

-Стратеги судлаачийн хувьд Монгол Улсын “хар хайрцагны” бодлого гэдэг ч юм уу, ингээд дайн байлдаангүй явъя. “Эвсэлд үл нэгдэх  бодлого” ч гэдэг юм уу, тогтсон гүн бодлого нь юу вэ?

-“Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн” гээд хуучин ярьдаг байлаа. Тэр бол хүчгүй болчихсон. 1993 онд П.Очирбат Ерөнхийлөгч цөмийн зэвсэггүй бүс гээд гаргасан. Түүний цаана сууж хийсэн хүн нь Ж.Энхсайхан Элчин сайд байсан.

-Жаргалсайханы Энхсайхан?

-Тийм. Элчин сайд Энхсайхан гэж мундаг нөхөр бий шүү дээ. Энхсайханы толгойд байсан юмыг Очирбат гуай бодлого болгосон.

-Ам нээвэл уушиг нээ гээчээр Та Украиныг юу гэж бодож байна. Зарим нь Америкийн өдөөн хатгалгын золиос болчихлоо л гэх юм. Оросын золиос боллоо гэх юм. Та хөндлөнгийн экспертийн нүдээр хэрхэн харж байна вэ?

-XX зууны эхэнд Монголыг Их гүрэн 9 улс тоохоо больсон. 1911 онд монголчууд урд газар самуун дэгдлээ, “язгуурын эрх ашгаа сэргээе” гэсэн.

-1911 оны эрх чөлөөний хөдөлгөөн.

-Тэгээд Монгол улс байгуулснаа тухайн үеийн 9 их гүрэнд захиа илгээсэн. Монгол Улс тусгаар тогтнолоо, харилцаа хэлхээ тогтоое гээд тэгэхэд ганц нь ч хариу илгээгээгүй. Ганцхан Төвд л Монголтой найрамдлын гэрээ байгуулсан. Монгол, Төвд хоёр л бие биенээ хүлээн зөвшөөрсөн.  Тэр үед дэлхий дээр 9 их гүрэн л тоглож байсан байна.

-Тэр үеийн Монгол яаж тоглуулав?

-Үгүй ээ, Монгол чинь гурван хэсэг болоод л үлдлээ шүү дээ. Украины байдал тэр үеийн Монголыг санагдуулдаг. Одоо 8 их гүрнээс Оросыг хасаад 7 байна. Украины буруу нь  Америкийн үгээр их явсан. Украины Ерөнхийлөгч агсан Кравчук солиотой ном бичсэн. “Украин бол Орос биш” гэдэг нэртэй ном. Уг нь нэг л язгууртай ард түмэн. Хэлний аялгуу ялгаатай. Ингэхээр хоёр өөр үндэстэнг адил гэлээ. Чи хазгай хэлтэй гэж Украиныг доромжиллоо гээд манай барууны талын нөхдүүд их дургүй.

-Өнөөгийн Украин ноёд ард түмнээ аргадаж, улс үндэстнээ манаж чадсангүй. Бусдын буруу үгээр зөв юм хийх гээд яваад байх шиг. Хохол, кацапдаа хүрсэн дайн болж байх шиг.

-Хохол гэснээс энэ үг чинь монгол үг. Монголын харьяан дахь улсын эрэгтэйчүүд нь “хөхөл” тавьдаг. Хүүхнүүд нь үсээ хоёр хуваагаад шивэргэл тавьдаг байж. Тэгээд он цагийн явцад “хөхөл” нь “хохол” болохгүй юу.

-Сонин юм байна.

-Дашрамд хэлэхэд, манж нар Монголчуудаас тав гэзэг хуульчлан тавихыг сурсан. Тав гэзгээ авсан хүн бол толгойгүй болдог байсан. Монголын тэр ёсыг манж нар хэтрүүлэн авч хэрэглэсэн. Орос, Украин хоёр язгуур нэг улс.

-Хөхөл тавьдаг, тавьдгүйгээрээ ялгаатай юм байна. Нээрэн Украины утга зохиол, кино энэ тэрд хөхөл сахал хоёр элбэг шүү.

-Украин эцэстээ XX зууны эхний Монголтой яг адилхан байдалд орчихоод байна. Их гүрнүүд тоглочихсон. Хэн нь буруутай вэ гэж хэлэхэд их хэцүү.

-Бүгд л өөр өөрсдийнхөө гоё гоё юмыг яриад байдаг. Одоо хаачих вэ?

-НАТО-д элсэнэ гэхээр Украин Оростой хил залгаа учраас Орос дургүй байгаа юм. Орос дургүйлхээд зүүн Украины хэдийг хатгаад байдаг. Нөгөө талаас нь Америкууд хатгаад энэ чинь эцэстээ “иргэний дайн” болчихлоо. Хэн нь буруутайг хэлэхэд хэцүү. Эцэстээ Украин Орос хоёр хоёулаа хохирч байна.

-Орос яагаад хохирдог билээ?

-Тэр олон цагаачийн хөлд нь үрэгдчихэж байгаа юм. Яг энэ үйл явдлаас болоод Орос Хятадын дунд байдаг Монгол Улсын нэр эрс өсч байна. Хоёулаа дараалж манайд айлчиллаа.

-Их гүрнүүдийг тоглоом гэж Та хэллээ. Хятад, Орос хоёр Америкийн эсэргүүн гэсэн. Тэгвэл Америкийн хамгийн чухал стратегийн зорилго нь Орос, Хятад хоёр хоорондоо байлдах явдал аа гэж дэмий ярьдаг хүмүүс байдаг л даа.

-Тэр чинь Америкуудын хэлсэн үгэнд байдаг юм. Энэ хоёр улс бол “нэг хөнжил дотор байгаа хэрнээ хоёр өөр тийшээ хараад унтаж байна” гэж.  Бүтэн янаг биш байх нь л дээ. (инээлдэв.) Нэг хөнжилд яагаад орчихвоо гэвэл Америкийн эсрэг байгаа болохоор л оржээ. Америк бол хөөрхий  өрөвдөлтэй орон юм. 1991 оноос хойш 2011 он хүртэл ердөө 10 жил ноёрхолоо тогтоож чадлаа. Монгол бол 1200 оноос 1500 он хүртэл ноёрхлоо тогтоосон улс юм л даа. Одоо хүчний их том хуваарилалт явж байна. Монгол том явсан дахиад учиргүй жижиг боллоо. Одоо буцаад хоёр хөршийн хувьд маш чухал улс болж байгаа юм. Түүхэндээ анх удаа “Монголыг хөгжүүлье, дэмжье” гэсэн уур амьсгал энэ хоёр улсад зэрэг бий болоод байна.

-Удаан үргэлжлэх үү. Бас хэтэрхий манайд сайн хандвал манайд бас өөр төрлийн бэрхшээл үүснэ гэж яриад байгаа юм л даа. Та юу гэж бодож байна?
-Хуучин манайхыг судлаачид хэлдэг л дээ. “Москвад найтаахад Монголд ханиад дэлгэрдэг” гэж. Тэрэнтэй адилхан энэ хоёр өвдөх юм бол манайд их хэцүү. Найрамдвал бидэнд сайн. ШХАБ-д Монгол элсэхгүй дахиад10 жил явахад бидэнд хэрэгтэй. Аягүй бол “урд хөршид тариачдын бослого” гарч төр нь эргэнэ гэж таамаглаж байна.

-Та саяхан Тайваньд лекц уншсан сониноосоо ярихгүй юу?

-Монгол Улсын тухай л ярилаа. Яагаад хоёр улс тоох болов? Монгол Улс үүнээс юу хүлээв? Эд Монголоос юуг хүсээд байна? гэхчилэн. Хариулт бол ойлгомжтой л байгаа байх. Украинд юм боллоо, Монгол үнэд орлоо. Украйнд юм болоогүй бол Япон Хятад хоёр байлдах байсан. Украинд гарсан иргэний дайнаас Япон Хятадын дайн хойшиллоо.

-Ийм сүрхий юм байх гэж үү?

-Энэ хоёр дайтвал хоёулантай нь стратегийн түншлэлтэй. Бид яахав? Хүнд асуудал байхгүй юу. Япон, Хятадын алийг нь алаг үзэх вэ. Ер нь энэ хоёр улс дайтах хэмжээнд хүрчихсэн шүү. Ер нь Вьетнам, Хятад хоёр дайтна эсвэл Япон, Хятад хоёр дайтна. 
-Дэлхийн гурван том сургуульд Та сурч, эрдмийн зэрэг хамгаалсан байна. Ленинградын Их сургууль, Москвагийн Их сургууль, Бээжингийн Их сургууль. Та уншигчдад сонирхолтой байх. Харьцуулж ярьж өгөөч!

-ЗХУ гэж агуу том улс байжээ. Зөвлөлтийн ард түмэн хамгийн их ном уншдаг ард түмэн гэгддэг байлаа. Тэр нь бас үнэн. Дэлхийн шинжлэх ухааны бүтээл, зохиолын тавин хувь нь орос хэл дээр гардаг гэж яригддаг байлаа. Тэгээд эрдэмтэн болохын тулд оросоор ном зохиол уншдаг байсан. Орос орон үнэхээр их эрдэмтэн судлаачид төрүүлсэн агуу улс юм. Хими гэхэд Д.Менделеев. Сансар гэхэд л Циолковский. Хятадад ийм эрдэмтэд ховор. Ганц сайн эрдэмтэн нь Күнз байна. Күнзийн институтыг 70 улсад байгуулжээ. Би есөн сарын сүүлээр Күнзийн хуралд сууна.

-Гэхдээ би юу асуух гээд байна гэхээр Ленинградын Их сургууль гэж ямар сургууль вэ? МГУ, Бээжин. Та л харьцуулж чадна.
-Ленинградын Их сургууль бол Эзэн хааны их сургууль.Орос, Зөвлөлтийн нэг номер сургууль байсан.

-300-гаад жилийн уламжлал, түүхтэй (290 жил.ред).
-Тийм. Дорно дахины судлал гэхэд 50 гадаад хэл заадаг. Азийн бүх хэл. Тэнд Оксфордын жишгээр “хэл- түүх”, “хэл утга зохиол”-ын гэсэн хоёр анги байна.Би хэл түүхийн ангид сурсан.Тэгэхээр би хэлээ ч мэднэ.

-Бас түүхээ ч мэднэ.

-Тийм л юм. (инээлдэв.)

-Ленинградын (одоогийн Санкт-Петербургийн) Их сургууль бол шинжлэх ухаан судлалын хувьд бол лүнзгэр юм байна?

-Агуу. Оксфордтой энэ зэрэгцэнэ гэж яригддаг юм даа. Бээжингийн Их сургууль Хятаддаа маш том. Манай Их сургуулиас хойно Олон улсын их сургуулийн холбоонд орсон Их сургууль шүү дээ. Гэхдээ Манжийн үеийн сургууль. Бээжин гэдэг нэрээр байгаагүй. Тэр үед Янжин гэдэг байв. Шинжлэх ухааны хувьд Орос агуу.

-Гэхдээ л 1800 оны сүүлийн үед байсан сургууль. (1898 он. ред.) Манай их сургууль гэхэд 1942 он. Хол зөрөөтэй.

-Яг оныг нь мэдэхгүй. Янжингийн Их сургууль гэж анх нэрлэгдэж байсан байх.
-МГУ (Москвагийн Их сургууль)?

-Би МГУ-г өдгөө тааруу байгаа гэж хэлнэ. Их сургуулийн рейтенгээрээ эхний 100-д багтаж байна уу? Үгүй юу? Том асуулт шүү. Москвагийн Их сургуулийн хувьд.

-Ер нь тэр Барууны үзүүлэлтэд бизнесийн утга углуурга их нөлөөлдөг юм биш үү?

-Тэр байна л даа. Гэхдээ огт “начин болохооргүй” хүнийг бас ч гэж “начин болгохгүй” шүү дээ. МГУ төгссөн дипломтой нөхөр хөгжингүй орнуудын их сургуульд орж чадахгүй байна шүү дээ. Финландад дипломыг нь баталгаажуулж байж сая дараачийн сургуульд орж байна шүү дээ.

-Монгол Улсын Их сургууль маань хаагуур цогьж явна.

-18000-д яваа.

-Арван найман мянга дахь сургууль юм байна шүү дээ.

-Тийм.

-Та Монголд хүлээн зөвшөөрсөн эрдэмтэн. Та дээр сонин үг хэллээ. “Би Ардчилсан намын гишүүн. Туг дарцгийг нь барьж яваагүй гээд намайг тоодгүй” гэсэн утгатай. Гадаадад улс орондоо хэрэгтэй хүмүүсээ өөд нь их татдаг бололтой юм. Аналитик төв, хүрээлэнгийн тэргүүн ч байдаг юм уу. Тэгтэл та  бол албажихгүй байна. Ядаж сургуулийн захирал биш юм аа гэхэд дороо албат гэхээ больё. Туслах судлаач залуучуудыг бойжуулах нөхцөлгүй байна.  Манай Монголын оюун санааны цул байх  процесс алдагдаад байна. Яахаараа манайд ийм байдаг юм бэ?

-Уг нь “эрдэмтэй хүн гэдэг бол улсын эрдэнэ юм” гэнэ лээ. Чингис хаан болоод бусад Богд дээдэс тэгдэг гэсэн. Социализмын үед энийг тоохоо больсон, гаднын үгээр явна. Одоо бол бүр сүүлдээ манайхан тэр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк руу бурууг түлхэнэ.

-Гэхдээ л социализмын үед чинь Хятад судлал, синолог гээд байдаг.
-Манайхаар Нанхиад судлал гээд байгаа юм.

-Энэ тэр чинь хөөрхөн бас яваад байсан биз дээ.

-Тэр чинь Хятадтай дайсан байсан учраас төр анхаарсан хэрэг.

-Миний асуулт бол Баясах гэдэг хүнийг яагаад албажуулахгүй байна вэ гэдэг л... Ингэж олон жил явчихаад нэг сул профессор, уучлаарай. Энэ нь Танд хэрэгтэй дээ биш улсын бодлогод хэрэгтэй болов уу. Орост гэхэд талийгаач Гайдараас авахуулаад хэрэгтэй хүмүүсээ байршуулаад аваад явдаг. Сох хаячихдаггүй. 85 настай академич Примаков гуайг одоо ч ашиглаад байршуулаад явж байна.

-Би дэлхийн 53 улсад явж лекц уншиж байна. Лондоны Стратеги судлалын хүрээлэнгийн жинхэнэ гишүүн. Энүүгээр бол би бахархдаг юм. Тэгээд 2000 оны  харьцуулсан улс төр судлалын абстракц төв гээд Парист байдаг юм, Тэнд 2800 сэтгүүл дотроос миний өгүүлэл нэгдүгээрт шалгарсан байдаг. “Монгол, Хятад, Орос гурван улсын харилцаа” гэдгээр бичсэн. Та бол энэ талдаа мундаг юм байна таныг энийг алтан СД-ROM-д бичлээ гээд. Тэрэнд бол би баярлаж явдаг юм. За тэгээд Америкийн Жорж Тауны Их сургууль намайг нэг удаа сургуулийн захирал болооч гэж урьж байсан. 1998 онд. Тэгэхэд манай аав амьд байсан. Би Америкийн цагаач бэлдээгүй гээд тэр урилгыг ураад хаячихсан.

-Дараа нь яав?

-Дараа нь 2006 онд Кембрижийн Их сургуулиас урилга ирлээ. Яг тэр үед аав: “Америкт хүүгээ явуулаагүй би их буруу юм хийсэн хүн” гэж байсан үе нь. Тэгээд би: “Кембрижийн сургууль намайг урьсан одоо явуулах уу?” гэсэн бас зөвшөөрөөгүй. “Аав нь хөгшин хонины ч насгүй боллоо” гээд явуулсангүй.

-Та айлын том хүү. Тийм учраас Та тэр хүний хувьд маш том орон зай эзэлж байж л дээ.

-Тийм. Би одоо 100-аад магистр бэлтгэсэн. Таван доктор бэлтгэсэн байна.  Тэд бол миний бахархал.

-Та Кембриж явсан бол Монгол охид, хөвгүүд хожих байж дээ. Тархины урсгал гэдэг шиг...

-Дөнгөж сая нэгэнтэй нь уулзлаа. Хубилай хааны бичсэн бичиг илрүүлчихсэн. Энийг нэг сайхан сэтгэлтэй монгол хүн Монголын төрд өгөх гэж байгаа. Тэрийг нь би Тайваньд лекц унших гэж очихдоо үзүүлж байгаа юм. Энэ ХIII зууны үеийн бичиг мөн үү биш үү гэж. Бичгийн хэлбэрийг нь хар! Найрлагыг нь хар! Тэгээд компьютерээр буулгасан таван үсгийг нь таниагүй. Таван үсгийг нь яаж таних вэ гэсэн дөрвөлжин үсэг. Дөрвөлжин үсэг мэддэг Жанчив гээд нэг шавь байсан. Өнгөрчихсөн дөө хөөрхий.

-Жанчив сайн эрдэмтэн хүн сэн. Овгийн үсэг нь?

-О.Жанчив. Дөрвөлжин бичиг мэддэг нэгэн байв. Хубилай сэцэний бичгийг сая нэг шавьдаа өгсөн. Чи энийг үз хар гээд. Доктор Эгшигт өгсөн. Ер нь шавь байна уу, байна. Төр тоож байна уу, тоохгүй байна.

-1000 шавьтай ламыг хувилгаан гэж манай Монголчууд үздэг байсан юм гэнэ лээ
-Тэр яах вэ. Манайхан ухаалаг төр болно гээд л баахан юм ярилаа тэр нь  цаасан дээр л ухаалаг байлаа. Би яараад “том төрд эрдэмтэн хэрэггүй юм байна, ухаалаг төрд эрдэмтэн хэрэгтэй юм” гэж сонинд ярилцлага өгсөн.

-Би энийг цаад утгаар нь яагаад асуугаад байна вэ. Манайхан энэ хоёр хажуу дахиа их сайн мэддэг гэж бодоцгоодог байх. Нарийндаа ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр зэрэг яагаад энэ дээр анхаарал тавихгүй байна аа. Синолог ч ховор. Советолог ч байгаагүй. Одоо энэ орос судлаачийг юу гэдгийг мэдэхгүй.  Энэ тэнд нэг сул профессорууд яваад байгаа нь үнэн ш дээ...

-Би Академид ажиллаж үзлээ. Тэнд дэндүү хуучинсаг судалгааны аргатай. Их сургуульд сургалт гээд хичээлээр шахаад, лекц уншуулаад байдаг. Тэгэхээр би өөрөө судалгааны төв байгууллаа. АСЕАН, Хятад  судлалын төв. Тэгээд энд судалгаа хийнэ, сургалт явуулна. Тэгээд бизнесийг холбож өгөх гэж. Санхүүжилт төсөл нь боловсруулаагүй байгаа төрөөс очиж мөнгө авах ёстой байхгүй юү. Одоо жишээ нь, дулааны  цахилгаан станц энд тэнд барина гээд л байна Тэгтэл одоо манай судалгааны төвөөр дамжуулаад бид нар нэг компанитай холбож өгөөд л нэг таван хувиа авна гэдэг ч юм уу ийм юм яримаар байгаа байхгүй юү

-Одоо та юу хийе гэсэн бодолтой байна?

-Одоо Күнзийн их хуралд оролцоно. Күнзийн их хурлаас Дэлхийн холбоо байгуулна. Тэр холбооны гишүүнээр намайг оруулж байгаа юм.

-Төв нь хаана байх вэ?

-Бээжинд байна. Нөгөөх нь Шандуны Их сургуульд буй. Энэ сургууль эхний 100-д явж байна. Гэтэл манай Их сургууль чинь 18000 дахь сургуульд явж байна.  Ичмээр байгаа биз.

-Орос, Хятад хоёрт хүмүүсээ сургах боломж их нээгдлээ. Өнөөдөр Монголчууд Хятад, Оросын ямар сургуульд сурвал хүлээн зөвшөөрөгдөх вэ. Ойлголт алга.  Жишээ нь, Орос, Хятадын 20-иод сургуулийг төгсөхийг хүлээн зөвшөөрчихсөн байна лээ. Манайхан чинь арай л тосгон гацааны сургуульд л байдаггүй байх. Энэ талаар та ярихгүй юу?

-Хятадад шилдэг 10 сургууль бий. Тэрэнд тэнцсэн хүмүүсээ нэгдүгээрт тавих хэрэгтэй. Орост техникийн чиглэлээр төгссөн хүмүүс сайн байдаг. Уул уурхайн инженер, текнологич гэх мэт. Хуульч гэвэл Ленинградын Их сургууль байна. Одоо энэ Их хурлын Ц.Нямдоржийн төгссөн сургууль шүү дээ. Орос шилдэг 10 сургуультай. Эдгээр сургуулийг төгссөн хүмүүсийг л шууд ажилд авах хэрэгтэй. Одоогоор  Орос оронд 200 хүн сурч байна. Монгол оюутнууд Хятад улсын Засгийн газрын тэтгэлгээр 400 оюутан сурч байгаа. Хятадад техникийн чиглэлээр сураад ирсэн хүн энд гадаад орчинтойгоо зохицож чадахгүй. Орост сураад ирсэн хүн бол “аккумулятор” гэхэд ойр байх жишээтэй.

-Оросууд buffer–ийг буфер гэнэ. Манайхан орос техникийн буферийг гупер гэнэ.  Дажгүй ойлголцоод байх нь. Техник талдаа?!

-Тэгэхээр Орос улсын инже-нер нь илүү байх жишээтэй. (инээлдэв) Оросуудыг оюуны хөгжил сайн гэдэг. Би дэлхийн олон орноор явж телевизийн нэвтрүүлэг үзлээ. Орос нэвтрүүлэг шиг мундаг нэвтрүүлэг бэлтгэдэг газар алга байна. Хятад бол солонгос, япон хэдэн кино л гаргаад байдаг. Эсвэл дундуур нь нэг дуу явна. Өөрийн болгоод, өөрийн маягаар тайлбарласан нэвтрүүлэг байхгүй. Ер нь их ховор. Орост жишээ нь, хэдэн жүжигчдийн амьдрал ахуйг л янз янзаар бичиж  нэвтрүүлэг хийж байна. Улс төрийн амьдралаар гарах нэвтүүлэг нь гайхалтай. Орост олон үндэстний бүтээл тэр талын юмыг сурахад бол чөлөөтэй. Харин Хятадад сурахаар зөвхөн Хятадын л юмыг сурна. Хятадад сурвал Дэлхийн хэмжээний хүн болохгүй. Орос бол дэлхийн хэмжээний оюун ухаантай хүмүүс л дээ.

-Танд их баярлалаа. 

P.S: Түүнтэй ярихад их сонирхолтой юм. Шулуун яриатай. “Юмыг буруу хэлчих болов уу”  гэсэн. Эсвэл бусдаас болгоомжилсон айдасгүй. Амар юм. Яриа маань ингээд өндөрлөлөө. Учир нь тэр: “Тэнхим дээр хуралтай гээд дуудаад байна” гээд яаруухан алга болов.

Х.БҮРЭНТОГТОХ
Эх сурвалж http://www.info.mn
Ж.Баясах: Чи монгол хүн. Монгол бичгээ сурна аа
Ж.Баясах: Чи монгол хүн. Монгол бичгээ сурна аа
Ж.Баясах: Чи монгол хүн. Монгол бичгээ сурна аа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив