Ингэх гээд л байж
2014 оны 10 сарын 8
Ингэх гээд л байж
ИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бусдыг “Шоу хийлээ, улстөржүүллээ” хэмээн загнаж байгаа өнгө аясаар ярих нь олонтаа. Тэгвэл өөрөө шинхэнэ “шоуны манлайлагч уу” гэж асуумаар. Учир нь тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өргөн барьсны дараа намынхаа бүлгээр авч хэлэлцэх бодолтой байгаа. Бүлгийн хувьд улс төр нь тогтвортой, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, шаардлагад нийцсэн ийм бүтцийг хүлээж авна. Хэрвээ үүнд нийцвэл дэмжээд явна, нийцэхгүй бол бүлэг өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ” хэмээсэн удаатай.

Гэтэл Ерөнхий сайд гэнэт л Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг оруулж ирснээр УИХ дахь намуудын бүлэг зав чөлөөгүй хуралдаж, байр сууриа нэгтгэж байгаа. Харин УИХ-ын гишүүдийн ихэнх нь “Оновчгүй бүтэц оруулж ирсэн” гэж шүүмжилж байгаа гэх. Гэвч шүүмжлэлтэй байгаа бүтцийн өөрчлөлт АН-ын бүлэгт ихэд таалагдсан бололтой. Тэр дундаа Д.Эрдэнбат даргад. Тус бүлгийн зарим гишүүн бүтцийн өөрчлөлтийг оновчтой болгох ёстой гэдгээ илэрхийлж буй. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд “Би Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдыг ажлаа олигтой хийж чадахгүй байгаа гэж үздэг. Олон ч удаа хэлж байгаа. 16 яам, 18 сайдтай дэнхийсэн, үрэлгэн Засгийн газрыг хэн байгуулсан бэ, Н.Алтанхуяг гэдэг л хүн. Үүнээс болоод иргэдийн амьжиргаа эрс муудсан. Мэдээж энэ Засгийн газарт хийсэн юм бий. Хэдэн сайхан зам барьсан, инженерийн шугам сүлжээ татсан. Үүнийг нь дэмжиж, хүлээж авч байгаа. Гэхдээ иргэдийн амьжиргааг сайжруулах нь Засгийн газрын үндсэн үүрэг. Засгийн газрын ажлыг нэг зүйлээр дүгнэнэ. Барьсан замаар нь биш иргэдийн бодит амьдрал сайжирсан уу, муудсан уу гэдгээр дүгнэх юм. Яг энэ Засгийн газрын үед иргэдийн амьдрал эрс муудсан. Тийм учраас энэ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ явах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Харамсалтай нь АН-ын бүлгийн дарга “Ерөнхий сайд өргөн мэдүүлсэн төсөлдөө Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай, Эрчим хүчний яамыг Уул уурхайн яамтай, Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэж, нийт 13 яамтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тусгасан. Энэхүү бүтцийн өөрчлөлтийг нийгмийн, улс төрийн, эдийн засгийн нөхцөл байдалдаа тохирсон өөрчлөлт” гэж онцолсон хэрэг. Үнэн хэрэгтээ тэрбээр хэлж, ярьснаа үгүйсгэдэг болох нь үүний тод жишээ гэмээр. Мөн эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног эхэлж байх үед "100 хоногийн дараа эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно" гэж мэдэгдэж байсан.  

Харин Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрт УИХ дахь МАН-ын бүлэг хангалтгүй дүн тавьсан. Өөрөөр хэлбэл, “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авснаас 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж,16 чиглэлийн ажлыг  дөнгөж эхлүүлсэн. Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй байна. Энэ нь Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүлжээ гэж үзсэн. Тэгвэл АН-ын бүлэг “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд зорьсон ажлаа хангалттай хийсэн гэж дүгнэснийг Д.Эрдэнэбат өчигдөр танилцуулчихлаа. Тэгэхээр энэ шоу юу гэж асуумаар. Тэрбээр “Эдийн засгийг идэвжүүлэх “Эзэн 100” тогтоолын  төслийг тойрсон олон санаа өнцөг  байгаа ч  нэн түрүүнд эдийн засгийн идэвхжлийг сэргээх эрхзүйн болоод эдийн засгийн суурь нөхцлийг бий болгохыг зорьсон. Бүтээн байгуулалтын гол ажлуудаа дуусгах, валютын нөөцийг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулах , экспортыг жигдрүүлэх зорилгыг тавьж ажилласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын мэдээллийг сонсч 100 хоногийн хугацаанд  зорьсон ажлаа хангалттай хийсэн гэж дүгнэлээ” гэсэн нь үнэхээр нэг талд үйлчилсэн үү гэдгийг анхаармаар. Гэхдээ эцсийн эцэст Д.Эрдэнэбат шоу хийж, ингэх гээд байсан нь ойлгомжтой биз. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив