Ирэх жилийн төсөвт цалин, тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлнэ
2014 оны 10 сарын 13
Ирэх жилийн төсөвт цалин, тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлнэ
2013 оны Улсын төсвийг тодотгосон, энэ жилийн төсөвт 1700 төгрөгт хүрсэн ам.долларыг 1384 гэж бодит бусаар тооцсон. Монгол Улс хоёр, гурван төсөвтэй болсон, “Жинхэнэ төсөв” хэзээ орж ирэх вэ гэдэг шүүмжлэл жилийн жилд гарсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын төсвөө алдаатай, хууль зөрчин баталсан гэх асуудалд ороод байгаа. Тэгвэл энэ намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг болох 2015 оны Улсын төсвийн төсөл ямар онцлогтой, эдийн засгийн хөгжлийн тэнцвэр үзүүлэлтийг хэрхэн тусгаж, төсөв шиг төсөв баталж чадах уу гэдэгт нийгэм анхаарч буй хэрэг.

Харин Сангийн сайд Ч.Улааны хэлснээр 2015 оны Улсын төсвийн төсөл гурван онцлог, ялгаатай юм байна. Нэгдүгээрт, орон нутагт төсвийн ерөнхийлөгчин захирагчид эрх мэдэл, үүрэг, хариуцлагыг цогцоор нь шилжүүлж байгаа аж. Нэг үгээр хэлэхэд, орон нутаг биеэ дааж, ард түмнийхээ хяналтан дор ажиллахын чацуу үр дүн, хариуцлагаа хүлээх тогтолцоонд орж байгаагаар онцлог гэнэ. Хоёрдугаарт, ард түмний амьжиргааг дээшлүүлэх үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд төсөвт байгаа боломжийг илүүтэй дайчлах зарчмыг баримталж ажилласан аж. Тиймээс өнгөрсөн жил цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулж байсан хөрөнгийг ирэх жил 2.5 дахин нэмэгдүүлэх зорилт агуулжээ. Гэхдээ цалин тэтгэвэр, тэтгэмжийг үе, шаттайгаар нэмэгдүүлэхийн зэрэгцээ цаг хугацааны хувьд ялгавартай байх нь. Өөрөөр хэлбэл, инфляцид сөрөг нөлөө үзүүлэхээргүй ард иргэдийн амьдралд бодит нэмэгдэл, дэмжлэг болгохоор төлөвлөжээ. Энэ нь ирэх жилийн төсвийн хоёр дахь том онцлог юм байна. Гуравдугаарт, Хөгжлийн банк, “Чингис” бондын эх үүсвэрийг 2015 оны Улсын төсөвт суулгах юм байна. Ингэснээр гадуур эргэлдэж байгаа хөрөнгийг нэг төсөв дор нэгтгэн оруулж ирж байгаагаар онцлог гэнэ. Нөгөөтэйгүүр Монгол Улс нэг төсөвтэй болж, ард иргэд төсвийн хэрэгжилтэд хяналт тавьж байх бололцоог бүх талаар хангах аж.

Мөн ирэх оны төсвийн орлого энэ жилийнхээс 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь. Төсөв бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжсэн учир зарлагын хувьд тодорхой зүйлд дээд зэргийн хязгаарлалтад орох юм байна. Өөрөөр хэлбэл, бүсээ чангалсан шиг чангалахаар болжээ. Үүний зэрэгцээ 2015 оны төсөвт орон тоо, удирдлагын зардал, шат дамжлагыг нэмэгдүүлэх байх чиглэлээр “Огт нэмэгдүүлэхгүй байх таван зарчим”. Түүнчлэн “Байгаа түвшинд нь хязгаарлах таван чиглэл” ийг тодорхойлсон бол ирэх оны хувьд “Тэвчиж өнгөрөх таван зорилт” ийг бий болгожээ. Нэг ёсондоо эд хогшил, тавилга, сандал ширээг солихгүй байх, албан контор байгуулахгүй байх, үр өгөөж өгөхгүй зардлыг тэвчих зорилтыг тодорхойлсон байна. Гэхдээ зайлшгүй нэмэгдүүлэх зорилтод цалин, тэтгэврийг бодитой нэмэгдүүлэх талаар оруулжээ. Мөн хөгжлийн үндэс, суурь тавигдаж байгаа зардлыг шаардлагын хэмжээнд нэмэх нь. Харин энэ оны гүйцэтгэлээс ирэх жилийн төсвийн зарлага нэг их наяд гаруй төгрөгөөр нэмэгдэж байгаа юм байна. Гэхдээ орлого, зарлагын өсөлтийг баланслуулах зарчим баримталж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шалгуур үзүүлэлтийг хангасан төсөв болж байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Улаан онцоллоо.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив