Д.Лүндээжанцан гишүүний ”Төрийн эрх мэдлийн хуваарилалт” номын нээлт болно
2014 оны 10 сарын 15
Д.Лүндээжанцан гишүүний ”Төрийн эрх мэдлийн хуваарилалт” номын нээлт болно
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан, ардчилсан төрийн байгууллагын үндсийг тогтоож төрийн эрх мэдлийг хууль тогтоох байгууллага-УИХ, төрийн тэргүүн-Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх, прокурорын байгууллагад тэнцвэржүүлэн хуваарилж, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлсон билээ.

Энэхүү номын зохиогч УИХ-ын гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцан ардчилсан шинэ Үндсэн хууль батлахад гар бие оролцож, эхийг нь барьсан хүний нэг юм. Д.Лүндээжанцан "Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт" сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж "Төрийн эрх мэдлийн хуваарилалт" номын анхны хэвлэлийг 10 гаруй жилийн өмнө гаргасан байна. Энэхүү хоёр дахь хэвлэлд өнгөрсөн 10 гаруй жилд Монгол Улс төрийн эрх мэдлийг хуваарилах онолыг хэрэгжүүлэхэд хуримтлагдсан туршлага, сургамж, шинэ чиг хандлагаар баяжуулсан болно.

Эрх зүйн ноёрхол тогтоох буюу хуулийг дээдлэх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын гол баталгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нөхцөл нь төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд зөв тэнцэржүүлэн хуваарилснаар бүрддэг. Иймд төрийн эрх мэдэл хуваарилах нь төрийн засаглалын институтууд бие биенээсээ үл хамаарч бие биенээ хянан барьж байхын зэрэгцээ харилцан тэнцвэртэй байхад оршдог тухай энэ номонд онол арга зүй, түүхэн сургамжуудыг багтаан тайлбарласан болно. Эрх мэдлийн хуваарилалт үгүй бол хүний эрх, эрх чөлөө баталгаагүй, иргэний нийгэм төлөвшин тогтоогүй бол ардчилал жинхэнэ ёсоор тогтохгүй юм. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх нь олон түмэнд нээлттэй, ойлгомжтой, орчин үеийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ололтыг ашигласан, мэргэжлийн мэдлэг ур чадварт суурилсан байх нь цаг үеийн шаардлага болсон байна. Харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд авилгаас ангид, хэний ч, ямар ч нөлөөнд үл автах шударга шүүхийг төлөвшүүлэх нь нэн тэргүүнд тавигдах юм.

Энд парламентын ардчиллын хэлбэрийг тусгайлан авч үзэхдээ парламентын олонхи засаглах бус, харин аль болох олон хүн, олноороо засаглах Зөвшилцлийн ардчилалд ач холбогдол өгч онцолсон байна. Номын бүлэг бүхэнд эрх мэдэл хэрэгжүүлэгч институтийн онолын үндэс, түүхэн уламжлал, шинэчлэл, хоорондын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхой задлан бичсэн нь эрдэмтэн судлаачид, улс төрчид, их дээд сургуулийн багш, оюутнууд болон нийт уншигчдын оюуны хэрэгцээг хангах дорвитой бүтээл болсон юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ