Ерөнхий сайд фракцийн тэнцвэрийг хадгалж, Ерөнхийлөгчийн “дан дээл”-ний саналыг дэмжив
2014 оны 10 сарын 21
Ерөнхий сайд фракцийн тэнцвэрийг хадгалж, Ерөнхийлөгчийн “дан дээл”-ний саналыг дэмжив
Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийн төслийг өчигдөр үдээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад шинэ сайд нарын нэрсийг оруулж ирээгүйд зарим гишүүн шүүмжлэлтэй хандав. Энэ асуудалд хачир нэмсэн Ц.Нямдорж гишүүн төрийн ордонд юу болоод байгаа, хэн нь шантаажчин болох талаар хэлээд авна билээ. Гэвч өчигдөртөө батлуулахаар оруулж ирсэн Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийн төсөл хэсэгтээ гацаанд орсон ч оройхон асуудал өөрөөр эргэв. Үнэн хэрэгтээ шинэ сайд нарын томилгоог АН-ынхан Гүйцэтгэх зөвлөл, бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, тохиролцсон нь энэ. Ингэснээр Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарыг дэвшүүлэв. Мөн УИХ дахь "Шударга ёс" эвслийнхэн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын оронд Н.Энхбаярын эмчлэгч эмч байсан Л.Жамбалжавыг томилох асуудлыг оруулснаар шинэ сайд нарын нэрс тодров.

Уг нь Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Уул уурхай, эрчим хүчний сайдад УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар өдгөө Н.Алтанхуягийн танхимд ажиллаж буй А.Гансүхийг томилох тохиролцоог АН дахь фракциуд хийсэн байсан гэдэг. Гэтэл нэр нь дуулдагсад тойргийн гадна үлдэв. Тэр дусмаа энэ засагт дан дээлтэй байсан хоёр сайдыг суудлаас нь буулгах төлөвлөгөө, бас эрх баригч хүчин хэн хэнийгээ гомдохгүй тохиролцоог хийчихэв.
 
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын бүрэлдэхүүний талаар баримталж байсан байр суурь 100/60 хувьд биелэв. Түүний хувьд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нартай уулзах үеэрээ “Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно. Шинээр томилогдох сайд нарыг “Дан дээлтнүүд”-ээс томилоорой. Засгийн газрын бүтцийн тухай хуулиас харахад, долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сайдыг шинээр томилох талаар УИХ хэлэлцэх юм байна” хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл эрүүл мэндийн салбарыг өөр хүнээр толгойлуулахаар болж, таван сайдыг шинээр томилохоор шийдвэрлэснээс үзэхэд 60 хувь нь “дан дээл”-тэй үлдсэн нь “давхар дээлт”-нүүд байв. Ингэснээр Ерөнхий сайд АН-ын фракцийн тэнцвэрийг хангалж, Ерөнхийлөгчийн “дан дээл”-ний саналыг дэмжсэн нь энэ. Д.Зоригт, Ц.Цолмон нарын хувьд энэ УИХ-д данстай гишүүд. Өөрөөр хэлбэл, "давхар дээл"-тэй сайд болох нь. Л.Жамбалжав МАХН-ын хүн. Үндсэндээ шинэ бүтцийн өөрчлөлтөөр “Шударга ёс” эвслээс хоёр сайд орж ирэхээр болж. Тэд уг нь дөрвөн сайдын квоттой. Харин нэг сайдаа хэнд бэлгэлсэн бэ гэдэг сонирхолтой хэрэг. Гэхдээ АН-ын фракциуд удаан зөвшилцсөний эцэст “МҮДН”-аас Д.Зоригт, “МоАХ”-аас Л.Пүрэвсүрэн, “Шонхор”-оос Р.Жигжид нарыг сайд болгохоор бүлгийн хуралдаанаар 100 хувь дэмжжээ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив