МҮАН-ынхан сайдын суудлаа МАХН-аас харамлав
2014 оны 10 сарын 21
МҮАН-ынхан сайдын суудлаа МАХН-аас харамлав
-Эвслийн бүлгийн Ерөнхийлөгчийн эсрэг “ажиллагаа”-

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд бүтцийн өөрчлөлтөөр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам оногдсон. Ингээд энэ яамны шинэ сайд хэн байх вэ гэдэг таавар нэлээд удаан үргэлжлэв. Төрийн ордонд нисэлдсэн “бор шувуу”-гаар Ц.Цолмон гишүүнийг сайдад томилохоор нэрийг нь санал болгожээ гэх мэдээлэл гарсан. Гэвч өчигдөр хуралдсан тус бүлгийн ээлжит бус хурлаар асуудал 100 хувь эргэсэн хэрг. Учир нь бүлгийн дарга Н.Батцэрэгийг энэ яамны сайдад дэвшүүлэх тухай ярилцаж, 100 хувийн саналаар дэмжсэн гэх албан бус мэдээлэл гарсан юм. Гэхдээ Н.Батцэрэгийн нэрийг өнөөг болтол УИХ-д өргөн мэдүүлээгүй байсаар байна. Тэгэхээр тус бүлгийнхэн нэг сайд томилох гэж хоорондоо хөлөө жийлцэж, сайдын суудлаа булаалцалдаж байгаа бололтой.  

Харин АН-ын шинэ сайд нарын нэр тодорхой болсон ч энэ томилгоог хийхэд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийг хүлээх болж байна. Тэд нэрээ тодорхой болгож, өргөн мэдүүлсэн тохиолдолд сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх учиртай. Гэтэл эвслийн бүлэгт нэг сайдын томилгоо мянган лангийн үнэтэй эрдэнэ мэт болж байх шиг. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын бүрэлдэхүүний асуудалд тов тодорхой байр суурийг хэдийнэ илэрхийлсэн. Учир нь УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нартай уулзах үеэрээ “Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно. Шинээр томилогдох сайд нарыг “Дан дээлтнүүд”-ээс томилоорой” гэж захисан. Тэгвэл эвслийн бүлгийн одоогийн байгаа нөхцлөөр “гурван давхар дээл” тэй сайд төрөх нь. Н.Батцэрэгийн хувьд УИХ дахь эвслийнхээ бүлгийн даргаар ажилладаг гишүүн. Хэрвээ сайдаар томиллоо гэхэд давхар, давхар дээлтэн төрөх нь тодорхой. Энэ бол томилгоотой холбоотой хэрэг. Гэхдээ сайд болголоо гэхэд дараагийн бүлгийн дарга хэн байхыг хэлэлцэх биз. Харин эвслийн бүлэг энэ үйлдлээрээ Ерөнхийлөгчийн үгийг үл тоосон зүйл болж байгаа юм.

Нэр нь дуулдаж байсан Ц.Цолмон ч УИХ-д данстай гишүүн. Гэвч түүнээс энэ суудлыг харамлах шалтгаан бий. Учир шинэ бүтцээр бий болж байгаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам эвсэл дотроо МҮАН-ын мэдлийнх. Тэд М.Сономпилын орны хүнийг намаасаа томилно гэдэг зарчмаар Н.Батцэрэгийн нэрийг дэвшүүлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, МАХН-аас харамлаж байгаа нь тодорхой. Нэгэн цагт Ц.Цолмон М.Энхсайханы МҮАН-ын гишүүн байсан уу гэвэл байсан. Тэрбээр УИХ-д ороод удаагүй байхдаа намаасаа гарч МАХН-ыг сонгосон. Тэр ийм л шийдвэр гаргасан нь хожим нь МҮАН-ынхан түүнээс сайдын суудлаа харамлаж байгаа гол шалтгаан болов. Нөгөөтэйгүүр Д.Батцогт бүлэг, намаа орхиж АН-ын гишүүнээр элсчихсэн. Харин Г.Уянга гишүүн нам гэх байр суурийг баримтлахгүй явдаг. Тиймээс МҮАН-д Н.Батцэрэг гэдэг сонголт үлдэж, түүнийг сайд болгохоор зүтгүүлж буй нь ийн учиртай. Гэхдээ Н.Батцэрэгийн нэрийг дэвшүүлэхтэй зэрэгцээд Шадар сайдаар Ц.Шаравдоржийг томилох гээд тус бүлгийнхэнд шинэ сайдын асуудал хурцаар тавигдаж байна даа.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив