Ц.Оюунгэрэлийн яамыг татан буулгавал зөв биш үү, Ерөнхий сайд аа
2014 оны 10 сарын 30
Ц.Оюунгэрэлийн яамыг татан буулгавал зөв биш үү, Ерөнхий сайд аа
Засгийн газрын бүтцийг өөрчлөх хуулийн төслийг анхлан хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал гарч байсан юм. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанаар Ц.Оюунгэрэл сайдын яамыг татан буулгах асуудал гишүүдээс олонхийн дэмжлэг авч чадаагүй. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газраас шинээр байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлалын яам өрх бүтэн үлдсэн. Нэг ёсондоо өршөөгдсөн. Гэтэл эцэс сүүлдээ энэ яамыг татан буулгахгүй авч үлдсэн нь олны хэл амны бай болно гэдгийг хэн ч бодоогүй биз. Учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гэдэг хүн өнөөдөр хэр ёс зүйтэй вэ гэдгээ харуулчихсан нь харамсалтай хэрэг.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Салбараа удирдаж чадахгүй байгаа зарим сайдын статусыг өөрчлөх нийгмийн захиалгын үүднээс манай бүлгийн зүгээс Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг нэгтгэх асуудлыг хөндсөн. Энэ яамыг холбогдох яаманд нь нэгтгэж, байршуулъя гэдэг саналыг гаргасан юм. Бидний гаргасан энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцээд олонхийн дэмжлэг авсан ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэд хэн хүний саналаар унасан. Угтаа энэ санал бол соёлын болон спортын салбарынхны хүсэлт байсан юм. Яах аргагүй тамирчид, спортынхон маань өмнө нь ямар материаллаг баазтай үйл ажиллагаа явуулж байв. Гэтэл энэ яамыг дангаар нь байгуулснаар дордсон. Соёлын салбар өмнө нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд харьяалагддаг байхдаа төсөв мөнгө, цалин, нийгмийн хамгаалал гээд ахуй хангамж сайн байсныг салбарынхан ярьж байгаа. Өнөөдөр төрийн албан хаагчдын дундаж цалин 700-800 мянган төгрөг болсон байхад соёлын салбарынхан 400-500 мянган төгрөгийн цалинтай байх жишээтэй. Төрийн албан хаагч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэвэр авдаг бол соёлын салбарынхан 12 сарын тэтгэмж авдаг. Иймэрхүү байдлаар орон нутагт соёлын салбарынхан хүнд байдалтай байна. Товчхондоо, энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй, төсөв нь хүрэлцэхгүй байна. Ийм учраас бид соёлын салбарыг зохих яаманд нь нийлүүлье гэдэг санал гаргасан ч харамсалтай нь дэмжигдсэнгүй” гэж ярьж байсан удаатай. Үнэхээр ч өөр яамтай нэгтгэчихсэн бол соёлын болон спортын салбарынхан хүнд байдлаас гарчих ч байсан юм билээ. Ямар ч байсан дахин бодох л асуудал болоод байна. Нөгөөтэйгүүр энэ яам хөл, толгойгоо олохгүй байгаагийн гол шалтгаан нь Ц.Оюунгэрэл сайддаа байна уу гэдгийг Ерөнхий сайд та яагаад харж болохгүй гэж.

Баримт 1: Ц.Оюунгэрэл сайд дүүгээр МИАТ-ийн дарга болгохоор зүтгүүлэв. Зам тээврийн сайд асан А.Гансүхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын дүү Ц.Бат гэгч залуу өөрийн твиттер хуудсаар дамжуулан гүтгэн доромжилсон байдаг. Харин Ц.Батын энэхүү үйлдлийг шүүхээс буруутгаж 100 хоног хорих шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцэж Ц.Оюунгэрэл сайд “МN-25” суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт орж, А.Гансүхийн болохгүй байгаа ажлыг ил тодоор шүүмжилсэн дүүг нь хорих ялаар шийтгүүлсэнд гомдож байгаагаа илэрхийлсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх “Монгол HD” телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийлж, тэр хоёрын тулаан нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Тэр байтугай Ц.Оюунгэрэл сайд дүү болох Ц.Батыг МИАТ-ийн дарга болгохоор ил цагаанаар ярьж явсан гэх. Тэгэхээр тэрбээр төрийн албыг төрлийнх болгох эхлэлээ тавьсан гэлтэй.

Баримт 2: Үлэг гүрвэлийн музейн дарга Н.Жавзмааг ажлаас нь халах тушаал гаргав. МАН-ын харъяанд байсан Лениний музейг Төрийн өмч болгон хураан авч, Үлэг гүрвэлийн музей болгох асуудал жил гаруйн хугацаанд маргаан дагуулсаар ирсэн. Шүүхийн бүх шатны шийдвэр ССАЖЯ-ны талд гарч, Лениний музей Үлэг гүрвэлийн музейгээр солигдсон. Хэдийгээр уг музейн үйл ажиллагаа эхлээгүй байхад Н.Жавзмааг дарга болгох тушаал нь хэдийнэ гарсан байсан юм. Гэтэл өнөөдөр хэрүүл маргаантайгаар байраа авсан хэрнээ Үлэг гүрвэлийн музейн даргаа халдаг сайд байх уу. Учир нь тус музейн захирал нь “Ц.Оюунгэрэл сайдын томилж явуулсан, өөрийнх нь хүмүүсийг ажил хийлгэсний төлөө өнөөдөр намайг даргын ажлаас чөлөөлж байгаа юм байна” гэж ярьж сууна. Өөрөөр хэлбэл, Үлэг гүрвэлийн төв музейн дэд захирал Б.Цолмонбаяр нь ажлаа мэдэхгүй. Тэр байтугай музейн талаар ямар ч мэдлэггүй нэгнийг Ц.Оюунгэрэл сайд томилоод явуулсаныг юу гэлтэй. Тэгэхээр Соёл, спорт, аялал жуучлалын яам гэдэг байгууллага таналын хүрээгээр ажиллаж, гарч байгаа үр нь “муу” гэсэн үнэлгээтэй байгаа учир бусад яаманд нэгтгэчихсэн нь хамаагүй дээр болж байх шиг байна, Ерөнхий сайд аа.


С.БАЯСГАЛАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ