Ардчилсан засагт өгөх зөвлөгөө
2014 оны 10 сарын 30
Ардчилсан засагт өгөх зөвлөгөө
“Ай хөөрхий, Азийн цээжин дэх Монгол Улсад ардчиллыг жинхэнэ утгаар нь цогцлоох гэж мөн ч удаан хүлээлээ. Одоо л нэг эх орон минь хөгжих нь. Одоо л монголчууд хүн шиг амьдрах нь” хэмээн орилж, “Хонхны дуу”-г “дэлхий сонстол” дуулж байсан цаг гэвэл ганц, хоёрхон жилийн өмнө. Арга ч үгүй юм. УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан нам олон суудал авсны дараа Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн ялалт байгуулсан.

Тэгвэл Монголд анх удаа Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан Ерөнхий сайд, нийслэл нь хүртэл Ардчилсан Засаг даргатай болсон энэ үед монголчууд ардчиллын сэвэлзсэн салхинд тэнүүн амьсгалж, тайван амьдрах бус албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх шуурганы хөлд сөхөрч, бүр туйлдаа хүрээд байна. Арван хэдэн жил ам хуурайгүй тэмцэж байж арайхийн байгуулсан хайрт ардчилсан засагтаа үнэн амьдралаа өчье гэвч үзэл бодол нэгт нөхөд, үнэнчээр дэмжсэн ард түмнийхээ үгийг сонсох ухаантай хүн одоогоор лав алга. Тиймээс хэнд хэлэхээ мэдэхгүй түмний дунд тэнүүчилж яваа үгсийг газраас тасарч тэнгэрт гарсан төр засгийнхаа удирдлагуудад хүргэе.

Ардчилсан засагт өгөх зөвлөгөө

Та нар анх

Монголчуудыг хүн шиг амьдруулна гэсэн
Монгол хүн тэгвэл одоо хоногийн хоолоо залгуулах, үгүйтэй байна.
Ардчилсан засагтай болсноос хойш
Ажлын хөлс нь нэмэгдэх байтугай
Төгрөгийн ханшийн уналтаас болж
Хүн байтугай амьтад ч
Хүнсэндээ хүч хүрэхгүй байна.

Та нар

Монгол хүн эх орныхоо баялгаас хүртэж
Тайван сайхан амьдарна гэсэн
Тэгвэл одоо тэд чинь Тавантолгой, Оюутолгойгоо харсаар
Тэвчээрийн хязгаар нь алдагдаж байна.

Та нар

Ард түмний амьдрал сайхан болно гэсэн
Ард түмэн чинь одоо идэх талхаа таллаж авъя гээд зогсож байна.
Тэгэхдээ тэд төр засгийн удирдлагуудын үгэнд орж
Тансаг хэрэглээ болох тахианы өндөгнөөс татгалзаагүй
Бусдын үгэнд орж будаанаас гараагүй
Байгаагаараа амьдаръя, гэвч
Барьсан мөнгө нь хүрэлцэхгүй байгаагаас тэр.

Та нар

Монголчуудыг баян болно гэсэн
Монгол хүн тэгвэл өрөнд баригдаад дуусч байна.
Улс эх орон нь бондын өр
Унаж тустлаа ажиллах иргэд нь цалингийн зээл...
Ардчилсан сайдын хэлж байгаагаар
Хэвлийдээ бойжиж буй үр хүүхдүүд л
Тэр их өрийг төлөх юм байх.
Гэтэл та нар
Зээлээр авсан мөнгөө өлөн барс шиг идчихээд
Төсвөө бүрдүүлэх гэж ард түмнийхээ халаасыг “суйлж” байна.

Та нар

Хувийн өмчийг хуулиар хамгаална хэмээчихээд
Хувьдаа машинтай хүн болгоныг
Хулхи нь буутал оролдож байна.
Нэг өдөр хөл хорио тогтоосон нь багадаад
Нэмж татвар нэхэхээр улайрч байна.
Сүүлдээ бүр илүү харж, билүү долооно гэгчээр
Монголоо Монголоор нь авч яваа хэдэн муу малчдынхаа
Хоттой хонь руу өлсгөлөн чоно шиг мярайж байна.

Та нар

Гэр хорооллыг Хаус хороолол болгоно хэмээн
Гэмгүй сайхнаар амласан хэрнээ
Одоо болохоор Дахин төлөвлөлт нэрийн дор
Алга дарам газрыг нь булаах шахам авч байна.

Та нар

Төрийн албыг төгөлдөржүүлнэ гээд
Түмэн сайд, буман цэрэгтэй болсон
Тэр түм буман хүн чинь одоо
Төрөө зүхээд цомхтголд орж байна.

Та нар

МАН-аас салж МАНАН-г арилгана гэчихээд
МАХН-тай урт хугацааны гэрээ хийж байна.
МАН, МАХН хоёрын угшил нэг гэдгийг
Маниасаа илүү мэддэг байлтай.

Та нар

Авлигатай тэмцэнэ гэж
Аймаар чанга дуугарсан хэрнээ
Авлигатай тэмцэх газрынхны
Ажлыг хийлгэхгүй элдвээр аяглаж байна.

Угтаа та нар

Жанжин Сүхийн хөшөөний дэргэд жагсаал цуглаан хийн
Өлсөж, цангасны хүчинд өнөөдрийн нийгмийг цогцлоосон гэдэг
Жагсах гэсэн иргэд тэгвэл өнөөдөр
Жанжины хөшөөнөөс хойш гишгэх эрхгүй болчихоод байна.
Төр засаг чинь тухайн үед та нарыг эрхлүүлж байсан бол
Та нар өнөөдөр өөрсдийгөө дархан цаазтай амьтан шиг болгочихоод байна.

Эцэст нь хэлэхэд:

Та нар, Уулнаас унаагүй монгол эхээс төрсөн
Та нар, Улс дамжиж ирээгүй Монголд мэндэлсэн
Тар нар, Эрийн сайнд засгийн эрхэнд гараагүй монголчууд сонгосон
Та нар, Өндөрт гарсан шигээ буцаад бууна гэдгээ мэдэж байгаа.
Тэгэхээр засгийн эрхийг гартаа атгагч та бүхэнд нэгэн зүйлийг хэлье!
Монголчууд та нарын эрх хүүхэн шиг аальгүйтэхийг удаан харж суухгүй
Монголчууд та нарын улс эх орноо хэрхэн сүйрүүлэхийг харж тэвчихгүй
Тиймээс та бүхэн нэг бол амьдралыг бодитоор хар. Үгүй бол одоо боль оо! 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив