Монголын хамгийн том компани аль нь вэ
2012 оны 5 сарын 28
Монголын хамгийн том компани аль нь вэ
Монголын хамгийн том компани гэхээр “М-Си-Эс” групп, “Монголын алт” групп, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК,  “Энержи ресурс” ХХК, “АПУ” ХК, “НИК” ХК, “Мобиком” групп, “Таван толгой” ХК гээд олон компанийг санал болгох хүн олон гарах байх. Гэхдээ дээрх хувилбарт орсон компаниудыг Монголын хамгийн том аж ахуй нэгж гэж бодож байгаа хүмүүс байгаа бол та бүхэн андуурчээ. Монголд хамгийн томд тооцогдох хоёр компани л байгаа. Энэ нь Монгол ардын нам, нөгөө нь Ардчилсан нам юм.

Ардын намд “М-Си-Эс” групп, “Монголын алт” групп, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Энержи ресурс” ХХК,  “НИК” ХХК зэрэг томоохон компаниудын эзэд хамаарагддаг. Тэд энэ намыг харж, хандаж, эргэж тойрч энэ намаас сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжуулан өөрийнхөө компанид хэрэгтэй, хэрэгцээтэй хуулиудыг батлуулж бизнесээ улам өргөжүүлдэг гэдэг.

Харин Ардчилсан намд “Таван толгой” ХК, “АПУ” ХК, “Шунхлай групп” ХХК, “Скайтель” ХХК, “Талх чихэр” ХХК,  “Бодь” групп, “Голомт” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банк, Монголын Залуучуудын холбоо, “Монос” групп зэрэг  олон компани болон олон нийтийн байгууллагуудын эзэд хамаардаг. Дээрх байгууллагуудын уирдлагууд Ардын намынхнаас дутахгүй намынхаа үйл хэргийг дэмжиж үйл ажиллагаанд нь оролцож мөнгө хаях үедээ хаяж, олох үедээ цөм олдог л улс даа.
Энэ мэт олон компанийн захирлууд дээрх хоёр нам гэсэн нэртэй компанид орж орлого ашгаа өсгөхийн тулд үхэлдэн тэмцэлддэг.

Сүүлийн үед бас нэгэн шинэ компани улс төрд хүч түрэн орж ирсэн бөгөөд энэ компанийг Монгол ардын хувьсгалт нам гэдэг. Энэ нам Ардын намтай олон зүйлээрээ төстэй бөгөөд Ардын намын хуучин нэрийг хуулийн дагуу авсан гэдэг. Энэ компанид одоогоор жижиг гарын наймаачид олон байдаг бөгөөд тэд том болж, тод амьдрахаар зүтгэж намдаа маш их хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ энэ компанийн захирал, дээр үед хамгийн том компанийг удирдаж явсан Н.Энхбаяр цагдаад шалгагдсан учраас Ардын намаас гурван СЕО-г урвуулан авчираад байгаа. Мэдээж энэ гурван СЕО их мөнгөний амлалт авсан учраас МАХН компанийг сонгосон нь дамжиггүй.

Сүүлийн үед дээрх компаниудад залуучууд маш олноороо ажилд орж байгаа бөгөөд цалин өгөхгүй гээд байхад хүртэл анкет бөглөж өгөөд байгаа юм байна.  

Б.ЭНХМӨНХ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ