Би айж байна-2
2014 оны 11 сарын 10
Би айж байна-2
Намайг Мөнхбаясгалан гэдэг. Би Улаанбаатар хотын унаган иргэн. Саяхан нийслэлчүүд маань Улаанбаатар хотын түүхт 375 жилийн ойн баяраа тэмдэглэхдээ хоёр тэрбум төгрөгийг зарлагадсан. Өөрөөр хэлбэл, Үндсэний их баяр наадамдаа хоёр тэрбум төгрөг зарцуулах гэж хумсаа мэрдэг хирнээ их хотынхоо баярыг нэг өдөр хийхэд хоёр тэрбум төгрөг байтугай зүйлийг зарцуулав. Тиймээс хотын удирдлагадуудын больчимгүй шийдвэрийг хараад айх, эмээх давхцав.

Би энэ мэтчилэн олон зүйлээс айж байна. 19 настай охин төрөөд 24 цаг болоогүй хүүгээ орцны үүдэнд орхиод зугтааж, нярай нь осгоод үхчихсэн байхыг сонсон та ч гэсэн эмзэглэсэн биз. Монгол охид тэгтлээ хүн чанараа гээчихсэн нь айдас төрүүлэв. Бас болоогүй Их нарангийн орчимд хүүхдээ тавьж орхисон эх “Хэн нэгэн хүн аваад өсгөх байх гэж бодсон чинь осгоод үхчихлээ” гэж уйлаад зогсох нь харамсалтай сонсогдоно. Бидэнд үнэхээр зүрх сэтгэл гэж үгүй болсон уу. Хүний нандин холбоог тасалж буй тэнд ч итгэх итгэл хөсөрдөв.

Би дэлхийг зочроож буй халдварт эбола вирусээс айж байна. ДОХ гэх аюулт өвчин гарч, Монголд хэдийнэ тархаж олон хүн шаналж буй. Гэтэл ДОХ гэх өвчнийг эдгээх боломж одоо болтол анагаах ухаанд гараагүй байхад эбола вирус заналхийлж байгаа нь аймшигтай. Дэлхийн есөн улсад 13633 хүн энэ вирусээр өвчилж, 5000 хүн нас бараад буй. Нийт 523 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 269 хүн нас барсан нь энэ вирус ямар аюултай болох нь тодорхой. Тиймээс Монголд энэ өвчин бүртгэгдэхвий гэхээс би айж байна.

Иргэд ядуурч байгаад би айж байна. Авдаг цалин, тэтгэврийн хэдэн төгрөг нь идэх талх, махнаасаа хэтрэхгүй болж байгаа нь өнөөдрийн бодит амьдрал. Талхыг таллаж, махыг граммаар авах нь байтугай тансаг амьдралд умбаж байсан цаг монголчуудад бий. Гэтэл өнөөдөр ийм байдалд хүрч, өлсгөлөн амьдралтай монголчууд болж хувирч байгаад айдастай байна.

Улсын өрийн хэмжээ сүүлийн дөрвөн жилд 2.9 дахин нэмэгдсэнээр ДНБ-ний 58 хувь, эдийн засгийн идэвхтэй нэг хүнд ногдох хэмжээгээрээ есөн сая төгрөгт хүрчээ. Энэ байдлаараа улсын дундаж цалингаар цаашид өсөн нэмэгдэж буй гадаад өрийг төлөх ямарч боломжгүй. Улс нь өрийн дарамтад орж, иргэд нь цалин, тэтгэврийнхээ зээлд нухлагдаж буй Монгол орон боллоо. Ирэх жилүүдэд гаднаас авах өрийг улам нэмэгдүүлэхээр төр засгийнхан төвлөчихсөн. Харин бидний үр хойчид өрийн дарамт үлдэнэ. Тиймээс би өртэй Монгол байхаас айж байна.

Би өдрөөс өдөрт гэмт хэргийн гаралт нь өсөж байгаа нь, хэдийнэ чимээгүй үргэлжлэх аюулын харанга болсон хар тамхитай холбоотой хэргээс айж байна. Монгол иргэд маань хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэдэг, худалддаг, борлуулан зуучилдаг гээд киноноос үзэгдэг зүйлийг тэгтлээ хүсэх болсон нь харамсалтай. 2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байна. Харин эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлдэж байгаа нь харамсал төрүүлнэ. Харин тэд өөрсдийнхөө гараар өөрийнхөө амьдралыг булшилж байгаад айж байна.

Би өдөр бүр гарах болсон барилгын ослоос айж байна. Гадаа гудамжинд явж байгаа иргэд дээрээс төмөр унаж, эвсэл хөдөлгөөнд оролцож буй жолоочийн машинд төмөр зоогдохвий гэж болгоомжилж, айдастай яваа. Харин өдрөөс унаж, дүүжин өргүүр нь тасарснаас олон хүний амь насыг авч одож байгаа барилгажилтын ажлаас айж байна. Ажил хөдөлмөрөө эрхлэж явсан иргэд буруутай компанийн үйл ажиллагаанаас болж нэг л өдөр хорвоог орхиж, олон ээж, аавын элгийг эмтэлж байгаад би айж байна.

Сэтгүүлчдийг “Засаглалын тэргүүнийг бичлээ” гэснийх нь төлөө ТЕГ-т шөнө дөл хүртэл байцааж байгаагаас би айж байна. Үгээ хэлэх, эрх чөлөөг нь хэн ч хорьж болохгүй. Гэтэл өнөөдөр хэн нэгэн эрхтэн, дархтаныг хэвлэлийн хуудаснаа бичсэний төлөө цагдаж байгаад ардчилсан Ерөнхийлөгч үгээ хэлэх нь зөв биз. Харин өнөөдрийн нийгэмд хэн нэгнийг магтаж болно, хэн нэгийг муулах эрхгүй гэдэг хууль үйлчилж байгаа мэт. Тиймээс эрээ цээрээгүй хүмүүсээс айж байна.

Би УИХ-ын гишүүд, нам, эвслийн иргэд, сонсогчдоо боддоггүй муйхар зангаас айж байна. УИХ-ын 76 иргэдийн сонголтыг авч энэ УИХ, засагт орсон. Гэтэл өнөөдөр төрийн толгой дээр суучихвал хэний ч шийдвэрийг үл тооно гэсэн зарчмаар иргэдийн сонголтыг хөсөрдүүлж байгаад миний адил ард түмэн айж суугаа нь лавтай. Тэд гоё амлалт өгсөн. Одоо амлалтаа хэрэгжүүлэхэд хоёр жил үлдлээ. Харин нэгнийхээ шийдвэрийг эс зөвшөөрч, нөгөөхийнхөө улыг шагайснаар амжилт олохгүй болов уу. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив