Урвагчид
2014 оны 11 сарын 10
Урвагчид
Ерөнхий сайдыг огцруулах асуудал мордохын хазгай гэгчээр эхэлсэн гэхэд болно./Лхагва гарагт буюу өчигдөр/ Учир нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үеэр “огцруулахыг дэмжиж байна” гэсэн кноп дарчихсан юм. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынх нь бүлгийн дарга товчлуур андуурч дараад суух нь буруу хөл дээрээ боссоных биз. Тиймээс энэ өдрийн анхны “урвагч” байсан гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй.

Харин гэнэт зарлагдсан чуулганы ээлжит бус хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн мэдүүлсэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах асуудлыг хэлэлцэхэд АН-ын “Шонхор” фракцийн Д.Арвин, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ болон МоАХ-ын Ш.Түвдэндорж, Д.Ганбатаас гадна бие даагч С.Ганбаатар, “Шударга ёс” эвслийн бүлгийн Ц.Оюунбаатар,  Ч.Улаан нар хуралдаандаа ирээгүй нь түүнийг огцроход томоохон дэмжлэг болсныг хэн бүхэн харж байсан. Тиймээс энэ өдрийн дараагийн “урвагч”-д “Шонхор” фракцийнхан бултаараа нэгдэн орсон нь Ерөнхий сайдыг “Женко” Х.Баттулгатай хүч хавсран унагахад томоохон түлхэц болчихсон юм.



Тиймээс тэдэнд баяр хүргэх нь зүйн хэрэг биз. Гэвч танхимдаа орж ирээгүй, цөөнхийн бүлгийн саналыг дэмжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн “урвагч” гишүүдийг АН-ынхан намаасаа хөөх тухай ярьж эхэлсэн. Гэхдээ цөөнхийн бүлэгт “шагнал” авахад АН-ын зарим гишүүний хүчин чармаайлт нөлөөлсөн нь санал харуултын явцаас харж байгаа байх.

Энд “Ерөнхий сайд” гэх суудлын мөнхийн өрсөлдөгч Х.Баттулгаас эхлээд нэр нь зурайж байгаа юм. Үүний даргаараа Ерөнхий сайдаа байнга баалж, сайдын суудал горилж ирсэн Ж.Батзандангийн нэр тод харагдана. М.Зоригт гишүүний хувьд Ерөнхий сайдыг аль нэг намын эрх ашгийн үүднээс огцруулах бус Дэнзэнгүүдийг өөгшүүлж буй Ерөнхий сайдын үйл хэргийг шүүмжилсэндээ огцруулах кноп дарчихсан гэдэг. Энэ нь хувь улстөрийн хэрэг байх. Гэхдээ л тэр Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулахад нэг саналын илүүг нөгөө талд өгсөн нь бас л үнэн.



Р.Бурмаа гишүүний хувьд нам дотроо хамгийн ардчилагч нэгэн. Өөрөөр хэлбэл, ардчиллын үзэл баримтлалдаа үнэн ч явдгийн хувьд Н.Алтанхуягийн талаар хувь хүн талаас нь сонголт хийж, кноп дарсан. Мөн энэ дунд бялуу хүртэлгүй, нам гэхээс илүү хувь улстөрийн амбицийг гаргаж явдаг Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдыг огцруулахад цөөнхийн гишүүдийн талд орсон нь Н.Алтанхуягт өнөө хэр гомдож явдгийг харуулчихсан юм. Нэг ёсондоо Х.Баттулга, Р.Амаржаргал, Ж.Батзандан нарын Н.Алтанхуягийг шүүмжлэгчид энэ өдөр ёстой жинхэнэ урвагч царайгаа харуулчихсан нь АН-ынхны дургүйг хүргэж суугаа. Тиймээс тэднийг олны хэл амны бай болсон урвагч гэж нэрлэхэд төвөггүйхэн байдал үүсгэчихлээ. Харин “урвагч”-ийг хэрхэдгийг АН-ынхан одоо л харуулах цаг болжээ. Гэхдээ өчигдрийн хувьд цөөнхий гишүүдийн талд “үйлчилсэн” гишүүд, танхимдаа суугаагүй тэднийг намаас хөөх дүрэмтэй гэдгийг АН-ын зарим нэг улстөрч илэрхийлсэн. Тэгэхээр урвагчдын царай баргар байгаа биз ээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив