Хуан Мата: Намайг Испанид үнэлдэггүйг мэднэ
2014 оны 11 сарын 15
Хуан Мата: Намайг Испанид үнэлдэггүйг мэднэ
Испанийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” клубийн хагас хамгаалагч Хуан Матагийн сонирхолтой ярилцлагыг хүргэе. Тэрбээр Испани, Английн хөлбөмбөгийн хэв маяг, ялгаа, “Манчестер Юнайтед” клуб, дасгалжуулагч Луи Ван Гааль болон хамтран зүтгэгчдийнхээ тухай илэн далангүй өгүүлсэн юм.


-Жозе Моуриньог 2013 оны зун “Челси”-д ирэхэд баярлаагүй хүний нэг нь та мөн үү?


-Моуринью ирснээр миний талбайд гарах эрс багассан. Энэ нь бидний сайн, муу харилцаанаас болсон хэрэг биш. Харин ч бидний хооронд ямар нэг харилцаа, харилцан яриа, ойлголцол огт байгаагүй. Тэр надтай ярилцаа ч үгүй. Надад сайхан байгаагүй ч гэсэн би өөрт байгаа бүхнээ багтаа зориулж, тэднийг хүндэтгэдэг байсан.

-Испанийн шигшээ баг таныг дахин дуудах болов уу?


-Намайг Испанид үнэлдэггүйг би мэднэ. Би шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаагүй байлаа ч уучлал эсвэл зөвтгөл эрж хайдаггүй. Харин ч байнга хичээн зүтгэж, бэлтгэлээ чармайн хийсээр байгаа. Тиймээс намайг шигшээ багт дуудах эсэхийг дасгалжуулагч Висенте Дель Боске л гаргана.

-“Манчестер Юнайтед”-ын тоглолтын тухай юу хэлэх вэ?


-Хүч чадал гэж чухам юу болох нь энд мэдрэгдэж байдаг. Энэ бүхнийг хөгжөөн дэмжигчдийн уухайгаас эхлээд клубийн бүтэц, зохион байгуулалтаас олж харах болно.

-Клубийнхээ дэврүүн үзэл, мухар сүсгийн тухайд юу хэлэх вэ. Өнөөдөр дээрх чанарууд алдагдсан уу?


-Тийм байж ч магадгүй. “Манчестер Юнайтед” өнөөдөр маркетинг болон ашиг орлогод тулгуурлаж байна. Ийм хандлага нь Английн “Премьер лиг”-т зонхилдог. Харин Испанид бол тийм биш шүү. Жишээ нь “Ла лиг”-т тоглолтын хуваарийг өөрчилж солих нь амар хялбар.  Харин Англид онцгой шалтгаан л байхгүй бол телевизийн эрх гэх зэргээс үүдээд өөрчлөх бараг боломжгүй.

-Таны хамгийн хэцүү өрсөлдөгч хэн бэ?


-Робин ван Перси, Гарет Бэйл, Луис Суарес нар. “Ливерпүүл”-тэй тоглож байхад Суарес биднийг ганцаархнаа хожиж чадах юм байна гэсэн мэдрэмж намайг эзэмдэж байлаа. Тэр багийнхаа 70 хувь нь байсан юм шүү.

-Таныг өөр ямар тоглогч гайхашруулсан бэ?

-Би Уэйн Рүүни шиг дээд зэрэглэлийн хэд хэдэн тоглогчтой хамт тоглож байгаа. Гэхдээ Аднан Янузай намайг ёстой ангайлгаж байгаа. Тэр бол агуу тоглогч. Би түүнийг өдөр бүр харж байгаа болохоор зүүн хөлөөрөө ямар агуу тоглодгийг нь мэднэ. Гэхдээ тэр тэвчээрээ үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал Янузай хэмээх агуу тоглогчийн талаар хүн бүр ярих болно.

-Тэгвэл Английн хөлбөмбөгийн талаар юу хэлэх вэ?


-“Премьер лиг”-ийг нэг л үзчихвэл түүнд дурлахаас өөр аргагүй. Надад Английн хөлбөмбөг ямагт таалагддаг байсан. Түүнчлэн британичуудын соёл, амьдралын хэв маяг, дуу хөгжим, моод зэрэг хачин таалагддаг. Хөлбөмбөгчин хүнд энд амьдрах нь илүү амар тайван байдаг. Анхель Ди Мариа ч гэсэн үүнийг ойлгосон. Нууц далд байдал нь илүү хадгалагддаг. Харин Испанид сэтгүүлчид хөлбөмбөгчдөөс бэлтгэл сургуулилалтын үеэр нь хүртэл холддоггүй шүү дээ.

-Танай багийн “Шинэ цэрэг” Радамель Фалькаог ямар хувь заяа хүлээж байна вэ?


-Тэр бол тун даруухан, сайн хүн. Үүнээс гадна гайхалтай довтлогч. Эсрэг багийн торгуулийн талбайд бөмбөгөнд үсрэхэд бэлхэн нааш цаашаа холхиж байгаа нь яг л араатан шиг. Довтлогчийн мэдрэмж нь асар гайхамшигтай. Хэдийгээр энэ оны эхээр хүнд гэмтсэн ч одоо бол бүрэн эдгэрчихээд байна.

-Та багийнхаа өнөөгийн тоглолтыг хэр үнэлж байна?

-Миний тоглож байсан багуудаас довтолгооны хүчин чадавхи нь хамгийн өндөр нь байж магадгүй.

-Танд дасгалжуулагч Луй Ван Гаалийн юу нь их таалагддаг вэ?


-Тэр асар их туршлагатай тул олон зүйл суралцаж болно. Хэрэгтэй бол хахир хатуу ч байж чаддаг. Дасгалжуулагч маань ямар нэг зүйлийг нэлээд хатуу шаргуу байдлаар тайлбарладаг ч дараа нь тоглогчидтойгоо халуун дотноор ярилцдаг. Бэлтгэл сургуу­лилалтын талаар биднээс санаа оноо авч хэлэлцэх дуртай. Заримдаа Пеп Гвардиолаг хэрхэн дасгалжуулж, түүнд хэлж ярьж, урьдчилан харж байсан тэр зүйлсийнхээ талаар ярьдаг. Ван Гааль тоглогчдоо багтаа амжилт авчрах тийм шийдвэр гаргах чадварт сургахыг оролддог хүн. Түүний хөлбөмбөгийг харах бас ойлгох өнцөг нь надад таалагддаг. Луи бид хоёр “Сайн хөлбөмбөгчин, дасгалжуулагч байхаасаа илүүтэйгээр сайн хүн байх нь илүү чухал” гэж үздэг хүн. Тэр бол сайн бөгөөд шударга хүн.

-“Манчестер Юнайтед”-ын хуучин дасгалжуулагч, алдарт Сэр Алекс Фергюсоны нөлөө танай багт байсаар байна уу?


-Би түүнийг бэлтгэлийн үеэр хэзээ ч харж байгаагүй. Түүнийг манай тоглолтыг үзэхээр ирд­гийг нь мэдэх ч үзүүлж байгаа нөлөөллийг нь мэдэрдэггүй. Гэхдээ л Сэр Алекс Фергюсон домог болсон хүн.

-Таныг “Олд Траффорд”-д ирэхэд багийнхан тань хэрхэн хүлээж авч байв?


-Намайг анх ирэхэд Райан Гиггз мессэж ирүүлсэн юм даг. Тэрбээр “Чамайг харах нь нэн сайхан байгаа ч багийнхаа хамгийн шилдэг солгой хөлтөн байхаа больсондоо харамсч байна” гэж бичсэн байлаа. Багахан ч гэсэн хөөрхөн хошигнол шүү.

-Хаалгач Икер Касильяс, Давид де Хеа нарын тухай юу хэлэх вэ?


-Би Касильяст маш хайртайн дээр хүндэлж явдаг. Икер ч надад ямагт сайн сайхнаар хандаж ирсэн. Харин хэвлэл мэдээллийнхэн түүнд хэтэрхий хатуу ханддаг. Ийм нөхцөл байдалд ажиллах хэцүү. Чамайг тоглолт бүрийн үеэр микроскопоор харж байгаа юм шиг байна гэдэг шударга биш хэрэг. Икер бол Испанийн шигшээ баг болон “Реал Мадрид”-ын ч төлөө бүхнийг хийсэн юм даг. Харин де Хеагийн “Манчестер Юнайтед”-ын төлөө өнгөрүүлсэн эхний улирал хүнд байсан. Английн хөлбөмбөгт дасахын тулд эхлээд булчин­гийнхаа хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй байлаа. Давидийг зарим нь шүүмжилдэг ч тэр сэтгэлээрээ хүчтэй хүн.

-Та голдуу нутагтаа амардаг байх, тийм үү?


-Тийм ээ, амралтын өдрүүдээрээ голдуу Астури руу явж, намайг насан туршид минь дэмжсээр ирсэн ойр дотныхон, андуудтайгаа уулзалддаг. Тэд ч Англид над дээр ирэх нь олонтаа. Лондоны гэр маань өнгөрсөн долоо хоногт дотуур байр шиг л болсон шүү дээ.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Юуг ч сонирхдоггүй, ямар нэг зүйл сурахыг хичээдэггүй тийм хүмүүсийг ерөөсөө ойлго­доггүй. Би эгэл жирийн хүн учраас өөдлөн дэвшиж байх, тэмцэх, хүнээрээ байх нь сайн хэрэг гэдгийг ойлгоод байгаа. Гэхдээ энэ маань биеэ хэрхэн авч явахаа мэдэхгүй байх, эсвэл ямар нэг дүрэм журмыг зөрчиж явна гэсэн үг биш л дээ.

Эх сурвалж: “СПОРЫН ӨНГӨ” сонин
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ