Биднийг гадуурхах эрх хэнд ч байхгүй
2014 оны 11 сарын 25
Биднийг гадуурхах эрх хэнд ч байхгүй
Хүн төрөлхтөний түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн үймээн самуун, тэмцэл, иргэний хөдөлгөөн, хувьсгалт үйл явц бүхний уг сурвалж нь эрх, эрх чөлөөг олж авах гэсэн туйлын хүслэнгээс бий болсон байдаг. Гэвч туйлын хүсэл бүхэн биелсэн нь үгүй. Шинжлэх ухааны хөгжил дэвшил, нэг нийгмээс нөгөөд шилжих үйл явцын ахиц бүхэн дэвшил авчиравч хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал ямагт шийдэл нэхсээр иржээ. Энэ нь өнөөдөр ч хэвээрээ. Ардчилсан хувьсгал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахаар зорьж буй манай улсын хувьд сүүлийн хорь гаруй жил хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал нээлттэй сэдэв байсаар ирэв. Үүнээс хамгийн ихээр эрх нь зөрчигдөж буй хүмүүс бол яах аргагүй ХДХВ- ын халдвар тээгчид. Мөн бэлгийн цөөнх. Түүнээс гадна бидэнд мэдэгдэхгүйгээр нийгэмд гадуурхагдсан хүмүүс ч бас байсаар байна. Гурван өөр хандлага, гурван өөр зовлон.

 Гэхдээ бидний дунд бодитойгоор оршин буй амьдрал. Уг нь манай улс НҮБ хэмээх их айлын нэг гишүүн. Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн хороо “Ялгаварлан гадуурхалт гэдэгт хүний арьс, өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, гарал үүсэл, хөрөнгө чинээ, төрсөн газар, нийгмийн байдал, бусад байдалд нь үндэслэн ямарваа нэгэн зайлуулах, гадуурхах, хориглох эсвэл дорд болон илүүд үзэх зэрэг үйлдлүүдийг ойлгох бөгөөд эдгээр нь хүн бүрт адил тэгш оноогдсон хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэх буюу устгах зорилго агуулсан байна” гэж заажээ. Харин бид нэг нэгнээ, бусдынхаа эрх, эрх чөлөөнд халдаж, ялгаварлан гадуурхалтыг чимээгүй зөвшөөрсөөр ирэв. Ялгаварлан гадуурхалт нь эрх тэгш байдлыг үгүйсгэж, хүний эрх зөрчигдөхөд хүргэдэг гэдгийг зүгээр л уншаад энэ чинь юу билээ гэж бодолгүй явсаар байна. Эхийнхээ сэтгэл шиг дулаахан нийгэмд амьдарч үзэхсэн Би заримдаа өөрийгөө өвчтэй гэдгээ бусдад нуулгүй хэлж, үлдэж буй өдөр хоногууддаа бусдын төлөө буян хийж, сайн үйлсийн аян зохиож, залуучуудад энэ аюулт өвчний талаар ухуулж, надаар л энэ бүхэн дуусаасай хэмээн хэлэхийг хүсдэг. Гэвч ХДХВ-тэй гэдгийг мэдсэн нь нэг л өөрөөр харьцаад эхэлдэг. Ялангуяа ойр дотнын хүмүүс биднээс бусад нь мэдчих вий гэж эмээдэг. Нэг л их нэр төрдөө хайртай хүмүүс эргэн тойрон бий болж, бидний нэр хүндэд сэв суулгалаа хэмээн гадуурхаад эхэлдэг. Гэтэл энэ өвчнийг би авья гэж гүйж, гуйж яваад олоод ирээгүй.

Залуу насны саваагүй, бодлоггүй явсаныхаа төлөөсөнд хэзээ хаанаас авснаа ч мэдэхгүй. Намайг халдвартай болсныг сонсоод хамгийн их айсан, түгшсэн, уйлсан, надаас ч илүү шаналсан хүн бол ээж минь. Өнөөдөр надаас илүү эмтэрч, эмгэнэж байдаг ч тэр бүхнээ надаас нууж, намайг удаан амьдруулах гэж, дэргэдээсээ нэг ч хором холтгохгүй гэж дотроо нурж, өтөлж, гаднаа инээж яваа хүн бол миний ээж. Надад үнэнч, цаг ямагт миний төлөө цохилох зүрх ганцхан миний ээжийнх гэдгийг л хамгийн ихээр ойлгож, ухаарч, энэ өвчний тээгч болсондоо өөрөө өөрийгөө би хангалттай яллан амьдарч явна. Гэтэл дээрээс нь нийгмийн зүй бус хандлага, хүмүүсийн үл ойлгосон харьцаа намайг давхар ялладаг. Эхийнхээ сэтгэл шиг дулаахан нийгэмд амьдарч үзэхсэн гэж би хүсдэг. Монголоо тийм болоосой гэж боддог. Би төрөхдөө л ийм байсан, үхэхдээ ч ийм л байна Эрэгтэй хүүхэд бүхэн буу барин байлдаж, тэр үеийнхэний хэллэгээр бол “дадаандаж”, элдэв машин барьж тоглодог бол миний хувьд олон охидтой айлд төрсөн, өссөн болоод тэр үү дандаа л хүүхэлдэй, элдэв гоё шил, өнгө өнгийн утас цуглуулдаг этгээд хүүхэд байв.

Хожим сургуульд ороод эмэгтэй хүүхдүүдтэй адилхан хувцаслахыг хүсдэг боловч тэгэх боломж олддоггүй байсан. Үеийн банди нарын дуу хоолой бүдүүрч, бие нь өсгөлүүн болж байхад миний хувьд улам турьхан, дуу хоолой минь шингэрч байв. Ийм байгаасай гэж би хүсээгүй. Байгаль эх өөрөө намайг ийм болгосон. Бусадтай адилхан байх гэж хичээгээд ч байж чадахгүй, байгалийн хуулийг сөрөх хүч надад байгаагүй. Өнөөдөр энэ бүхэнтэй би эвлэрэхгүй гээд яах юм бэ. Хүн бүхэн өөрийн хүртэх чинээгээр аз жаргалыг амтлах гэж энэ хорвоод ирдэг. Бусдын нүдээр харахад гажиг, этгээд байлаа ч миний хувьд хүртэж чадах аз жаргалыг минь надаас бүү булаагаач, бурхнаас надад оноосон хувь заяанд минь сүүдэр бүү унагаагаа ч гэж би хүмүүсээс гуйхыг хүсдэг. Би бусдын эдлэх аз жаргалаас булаагаагүй. Би ийм төрье гэж хүсээгүй. Эцэг эх минь ч, ах дүү минь, энэ нийгэм ч намайг ийм хувь заяатай болгоогүй. Төрөхдөө л би ийм байсан, үхэхдээ ч бас л энэ хэвээрээ хорвоогоос буцна. Нэгэнт өөрчилж болохгүй хувь заяаг минь гадуурхаж байгаад л би гомдолдог. Түүнээс биш монгол хүн болж, монголын сайхан оронд төрсөндөө харамсаж, гашуудсан удаа надад байхгүй.

Харин ч монгол хүн болсноороо омогшиж, хэдийгээр гадуурхагдаж, гашуун хувь заяа туулж яваа ч монголдоо л нэг насаа элээнэ. Ээж минь намайг ойлгодог, бас дэмждэг, энэрдэг, бүхнээс өмгөөлдөг, үрийнхээ аз жаргал эдлэх хором бүхнийг өөрийгөө ч хамаагүй зольж байгаад бий болгож өгөхийг хүсдэг ганц хүн. Даанч ээж шиг минь хүн дэндүү цөөхөн хорвоо юм даа. Уг нь биднийг гадуурхах эрх үндсэн хуулиар хэнд ч олгогдоогүй юм шүү дээ. Даанч үүнийг мэдэхийг, мэдсэн нэг нь биелүүлэхийг хүсдэггүй юм. Гадуурхал Ажилд орох гэж уг нь аль байдаг гоё хувцасаа өмсөөд л гардаг. Гэвч мэргэжилгүй, дипломгүй, хотоос зайдуу амьдардаг гэхээр л маргааш ир, утасны дугаараа үлдээгээд яв гэдэг. Гэхдээ би мэргэжил шаардсан, дипломтой хүн хийх тийм ажил хайгаагүй л дээ. Цэвэрлэгч, барилга дээр бол ёстой л хий гэсэн бүхнийг нь хийе гэж хүсдэг. Гэвч зарим нэг газар арваад хоног ажилуулж байснаа нэг л өдөр манайх мэргэжилтэй хүн таны оронд авах боллоо гээд буцаадаг. Зарим газар ажилласан хоногийн мөнгө гээд өгдөг бол зарим нь юу яриад байгаа юм, харин ч өдрийн хоолны мөнгөө нэхэлгүй явуулж байгаа нь их юм, яв зайл гэнэ. Тийм үед ёстой л нөгөө тэнгэр хол, газар хатуу гэдэг нь болно. Ядуу хүнд ноён олон гэж үг байдаг. Энэ ёстой л голыг нь олоод хэлчихсэн үг дээ. Заргалдаад ч нэмэргүй. Харин ч ямаан дээр тэмээний гарз гэгч нь болж, мөнгөтэй хүмүүсийн загатнааг ч гаргалгүй өнгөрнө шүү дээ. Авлигал ихтэй улс оронд хууль хүртэл мөнгө хараад инээдэг болчихдог юм шиг байна. Ер нь хаана л очно мөнгөөр л бүхнийг шийдэж байгаа нь харагддаг. Мөнгөтэй л бол юунд ч орно, юуг ч хийнэ, юуг ч аргална, ямар ч юманд түүртэхгүй. Мөнгөтэй хүнд бүтэхгүй, бүтээхгүй юм гэж байдаггүй учраас мөнгөгүй хүний зовлонг ойлгохгүй. Дарга нар хөрөнгөтэй учраас ард түмнийхээ мөнгөгүй амьдарч буйн зовлонг ойлгохгүй. Ажил их ч ажил хийх хүн олдохгүй байна гэдэг. Харин ч ажил хийх гэхээр хийх ажил нь олдохгүй байна. Ядуу байгаа нь ард түмний нэг хэсэг болсон иргэдийн буруу биш. Харин тэднийг ялгаварлан гадуурхаж байгаа нь л хамгийн харгис байна.

Зовлонгоо ярьж буй хүмүүс нэрээ хэ- лэхийг хүсээгүй. Бас нэрийг нь гаргах эрхийг ч сэтгүүлчдэд өгөөгүй. Яагаад гэвэл нийгэм энэ хүмүүсийг хүлээж авах дургүй байна. Уг нь тэд бидний ах дүүс, элэг нэгт ураг төрлүүд. Ядаж л монгол хүн. Тэдний өмнөөс бид амьдрах гээгүй. Тэд ч бидний амьдралыг сүйтгэх гээгүй. Харин ч тэд бидэнд тус болохыг, нийгэмд ил гарахыг олон жил хүсэв. Энэ үгээ ил далд хэлж ирэв. Монгол Улс ардчилсан улс болох гэж хорин жил зүтгэлээ. Болсон, болоогүй нь хамаагүй ямар нийгэмтэйгээс хамааралгүйгээр иргэ- дийнхээ эрхийг дээдэлсэн, хүн нь хүнээ хайр ласан, монгол жудагтай нийгэм л байгуулъя. Та бүхэн нийгэмд ил гар, харин бид дэмжье. Та бол Ардчилсан, хүмүүнлэг, энэрэнгүй Монгол Улсын иргэн билээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ