МАН-ын шинэ давалгаа
2012 оны 5 сарын 29
МАН-аас шинэ улс төр, шинэ мэдрэмж үнэртэж байна.
Аль ч утгаараа улс төрийн ууган хүчин шинэ цаг үе ирснийг анхлан зарлалаа. Үүгээрээ залуу үеийнхний залуур барих цаг айсуйг тунхаглав. Энэ бол ид насны залуустаа өгч буй том урам зориг, итгэл найдвар гэдгийг хэлэх хэрэгтэй. Нөгөө талаар залгамж үеэ бэлтгэх их ухаан, төрийн алтан хэлхээг төөрүүлэхгүй авч явах их зориг зарж буй хэрэг юм. Үүний хэрээр эрсдэл дагуулж буй нь ч бас үнэн. Гэвч эрсдэлээс айж эмээгээд байвал ирээдүйн зүг алхах хурд саарна гэдгийг тооцоолж чадсан нь олзуурхам. Магадгүй эрсдэл болоод итгэлийг хослуулан, шинэ, залуу үедээ замыг нь засч чадах улс төрийн хүчин МАН-аас өөр үгүй. Үүнд МАН-ын аливаа асуудлыг улс орны хэмжээнд, хэдэн аравнаар тооцон харж, урагшилж чаддаг төржсөн чанар оршиж байж ч болох. Юутай ч ард түмэндээ МАН залуу үеийнхнийг итгэн даатгаж, 1970-аад оныхон ачаа үүрэх цаг ирснийг зарлалаа.

Ийнхүү улс төрийн зоримог шийдвэр гаргаснаараа энэ нам сонгогчдын оюуныг дэлдэж, шинэ үеийг шинэ үеийнхэн тодорхойлох учиртайг сануулж байна. Тус намаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн 30 гаруй хувь нь 1970-аад оны залуус байгаа нь үүнийг харуулна. Тэр дундаа залуучууд нийт жингээрээ 51.3 хувийг эзэлж байна. Нэр дэвшигчдийн байдлаас харахад МАН олон хүний шүүмжилж байсанчлан хэлбэрийн төдий шинэчлэл хийгээгүй аж. Харин ч уугуул нэрээ сэргээж, үзэл баримтлалаа шинэчилж, үүнтэйгээ давхцуулан агуулга болоод мөн чанарын бүрэн өөрчлөлт хийж чадсаны гэрч нь энэхүү УИХ-ын сонгуульд залуу үеийнхэнд итгэл хүлээлгэн, илгээлт өвөрлүүлсэн явдал байлаа.
МАН-ын залуусын буухиаг өртөөлөгчдийн нэг нь л Оюун-Эрдэнэ. Түүнийг НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдох үед энэ эрхмийн намтар олонд танил болж, 1980 онд төрсөн 32 настай залууд нэгэн жигүүрээ удирдуулсан МАН-ын зүг нийгэм хачирхан харж байв. Гэвч энэ нь дөнгөж эхлэл байсан гэдгийг МАН-ын нэр дэвшигчдийн жагсаалтаас харж болно.

1970-1980-аад оныхон их улстөрд шинэ илгээмж, шинэ агаар, шинэ хүсэл зориг өвөрлөн орж ирлээ. Тэдний итгэл үнэмшил, мөрөөдөл, эзэмшсэн боловсрол шинэ Монголын ирээдүй байх учиртай. Энэ залуусын төлөөлөл Б.Амарсанаа МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал- Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх. 1970-аад оны төлөөлөл, 40 нас хүрээгүй энэ залуу мөн л шинэ үеийнхний хүчтэй төлөөлөл болон нэр дэвшлээ. Энэчлэн дурдаад байвал МАН-ын нэр дэвшигчид нас бие, намба эрэмбээрээ Монголын нийгмийг бүрэн төлөөлж чадах нь харагдана. Ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөллөөс бүрдсэн эл нэр дэвшигчдийн дунд хууль, эрхзүйч мэргэжилтэй 12, эдийн засагч 14, инженер 20, багш, эмч долоо, улс төр судлаач, сэтгүүлч найм, бусад мэргэжлийн 14 хүн бий. Тэдний дундаж нас нь 41 гээд бодохоор МАН-ын хэрэгжүүлж буй бодлого нийгмийг шинэчлэн өөрчлөхөд чиглэх болсны цаад учир харагдана.

Нөгөө талаараа МАН өөртөө шүүмжлэлтэй хандаж чаджээ. Үүгээрээ бусад улстөрийн хүчинд дохио өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Улс төрд өндөр албан тушаал мөрөөдөн хөл тавьж, 1990 оноос хойш өнөөг хүртэл 20 гаруй жил бүтэлгүй дурлалаар амьсгалж ирсэн, байлаа гээд илүүдэхгүй, байхгүй гээд дутахгүй нөхдөөс татгалзах зориг хэрэгтэйг энэ намынхан бодит үйл хэргээрээ харууллаа. АН-ыг өнөөг хүртэл өмчлөн, өв хөрөнгө болгон өвлүүлэхээс буцахгүй байгаа, өөрсөдтэйгөө хамт тэтгэвэрт гаргаж ч мэдэх Ардчилсан хувьсгалын партизануудад үлгэр жишээ болохуйц алхмыг МАН-ын зүгээс хийсэн нь энэ. Өнөөг хүртэл улс төрд гологдож, гомдож яваа “Шударга ёс” эвслийн улиг болсон нэр дэвшигчдийн чихэнд ч мөн шинэ үеийнхэнд боломж олгох хэрэгтэйг МАН соёлтойгоор сануулсан гэж хэлж болно.

Ямартай ч МАН Монголын улс төрд үүр цайж буйг, улс орны хөгжлийг залуус тодорхойлох цаг ирснийг 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ байдлаар илтгэв. Ингэснээрээ улс төрийн том шийдвэр гаргалаа. Энэ намын дунд насныхан буюу 1960-аад оныхон төр барьж, түмний үйл хэргийг шийдвэрлэн хат суусан гэдгээ ажил үүргээрээ харуулж яваа. Тэдний араас идэр насныхан, ид хийж бүтээх цог золбоо өвөрлөн залгамжилж айсуйг МАН-ын нэр дэвшигчид нотолж буй. Залуу үеийнхнийгээ хөтлөн чиглүүлэх үүргийг Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан тэргүүтэй тулхтай, хүчтэй улстөрчид зангараг болон туршлагаараа өөртөө хүлээн, МАН-ын нэр дэвшигчдийн даацыг тодорхойлж буй бол Ж.Энхбаяр, Э.Мөнх-Очир, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Д.Зоригт, Ч.Хүрэлбаатар нар дунд үеийнхнийг төлөөлөн жин дарж байна.

МАН-ын дарга Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарт нас, эрэмбээрээ жагссан нэр дэвшигчдийнхээ эв нэгдэл эрхэм зорилгыг илэрхийлэх үүрэг оногдох юм. Гадаад дотоодод боловсрол эзэмшиж, дэлхийн жишгээс дээжилж ирсэн залуус маань “Бидэнд тулах цэг өгөөч, тэгвэл Монголыг хөгжүүлье” хэмээн хэлэх болсоор удсан. Тэгвэл МАН тэдэнд итгэн, хаалгаа дэлгэж, тулах цэг өглөө. Шинэ үе ирж байна. Энэ нь нөгөө утгаараа хуучин үе өнгөрч, моодноос гарсныг илэрхийлж буй хэлбэр юм.

Морьд гарааны зурхайгаас эргэлээ. Монголчууд залуу бөх төрж, түрүүлж гэмээнэ эр бяр тэнцсэн хойч үеийнхнээрээ бахархаж, ирэх жилүүдийн төлөвийг шинжин хэлэлцдэг ард түмэн билээ. Тэгээд ч даахин дор хүлэг, дахан дор эр гэж үг бий.

Р.ЭМҮЖИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...