Сөрөг хүчингүйгээр олонхи Ерөнхий сайдаа томилсон ч Х.Баттулга, Г.Уянга нар эсэргүүцэгчээр тодров
2014 оны 11 сарын 28
Сөрөг хүчингүйгээр олонхи Ерөнхий сайдаа томилсон ч Х.Баттулга, Г.Уянга нар эсэргүүцэгчээр тодров
Сөрөг хүчингүйгээр олонхи 28 дахь Ерөнхий сайдаа томилов. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Ч.Сайханбилэг нь хямралт байдлыг бий болгосны улмаас огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан учраас МАН-ын бүлэг дэмжихгүй. Ийм хүн улс орныг хямралаас гаргаж чадахгүй гэж үзсэн. Тиймээс УИХ-д олон суудалтай нам, тус намтай хамтран ажиллаж байгаа нам, эвсэл өөрсдөө асуудлаа шийдэж, ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээх ёстой гэдэг үүднээс МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Гэвч болдог юм болдгоороо болно гэгчээр олонхийн гишүүд Ч.Сайханбилэгийг дэмжиж, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилж, түүнд Ерөнхий сайдын тамгыг нь шилжүүлж өгөв. Ингэснээр Ерөнхий сайдтай болж, засаг бүрдэх ажлаа идэвхжүүлсэнээр чуулганы хуралдаан манатай юм болов, өчигдөр.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тамгыг нь шилжүүлж өгөх үедээ “Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон Ч.Сайханбилэгийн ажилд нь амжилт хүсье. Таныг улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, хууль, ёс зүйг дээдлэн, бусадтай гар нийлж, шуурхай, нээлттэй ажиллаж чадна гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцлов. Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэгийн хувьд чуулганы танхимын индэр дээрээс “Монгол Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд шинэ Засгийн газраас чухам юуг хийж бүтээх талаар товч үг хэлье. Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй, хэцүү байдал,  эдийн засгийн эсхүл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон хямралтай байна гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг энд дахин нуршмааргүй байна. Одоо харин үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал. Шинээр байгуулагдах  Засгийн газрын тэргүүлэх гол чиглэл юу байх вэ гэвэл гурван чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд 1. Эдийн засаг   2. Эдийн засаг 3. Эдийн засаг байх болно” гэсэн юм. Тэгэхээр хямралт байдлыг зогсоох аврал эрсэн Засгийн газар байгуулах нь ойлгомжтой боллоо.

Гэсэн хэдий ч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Баттулга нар эсрэг санал өгчихсан юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга чуулганы танхимд орж ирэлгүй эсрэг саналд тооцогдсон нь намынхнаасаа ганцаараа Ч.Сайханбилэгийг үгүйсгэж байгаа бололтой. Харин Г.Уянга гишүүний хувьд эсрэг санал өгснөө “Би үндэслэлээ хэлсэн. Хамгийн эхний хууль зүйн үндэслэл бол Шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулсан. Ерөнхий сайд огцорно гэдэг бол бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцож байна гэсэн үг. Тэгэхээр хариуцлага тооцсон сайдыг дахиж оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу. Ёс суртахууны хувьд ч буруу гэж үзсэн. Оюутолгойг буруу тийшээ, Монголын ард түмэнд улам ашиггүй чиглэл рүү явах хандлагыг Ч.Сайханбилэг явуулах болов уу гэсэн айдас надад байсан. Энэ айдас эсрэг санал өгөхөд нөлөөлсөн. Эсвлийн бүлэг олонхиороо шийдвэрээ гаргардаг. Би байр сууриа илэрхийлсэн” хэмээн тайлбарлалаа. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив