МАНАН үүсэх нь Ц.Нямдоржид биш, улс оронд ашигтай
2014 оны 11 сарын 28
МАНАН үүсэх нь Ц.Нямдоржид биш, улс оронд ашигтай
УИХ-д эсэргүү гэж цоллуулах болсон хэдэн гишүүн бий. Өөрөөр хэлбэл, тэд АН-ын угшигтай. Тэгвэл эсэргүү гэж цоллуулах дараагийн хүний нэгээр буюу цөөнхийн бүлгээс Ц.Нямдорж гишүүн нэгдлээ. Учир нь шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ажил ид хүчээ авч байхад тэрбээр чөдөр, тушаа мэт зангилаа үүсгэж, нүүрээ бараалгаж суух нь хачирхалтай гэхээс зуршил гэхэд болно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь нам, эсвлийн бүлэгт дараагийн Засгийн газарт хамтран ажиллах хүсэлтээ тавьсан дариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж намынхныг дарамталж “МАН засагт орвол намаасаа гарна. Генсек Ж.Мөнхбатыг хөөх ёстой” гэсэн дорвиун үг хаясан. Нөгөөтэйгүүр “Би 73-ын бүдүүн бүлэгт орохгүй” гэсэн гарчиг бүхий ярилцлага хэвлэлд өгсөн нь түүний тэрслүү зан энэ өдрүүдэд хүчтэй илэрсэн бололтой.

Ц.Нямдорж гишүүний хувьд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг цацагдсаны маргааш телевизэд ярилцлага өгөхдөө “Тэрслүү хүн чинь би” гэж өөрийнхөө зан чанарыг илтгэсэн. Түүний хэлснээр бол МАН-ыг засагт орох асуудалд нам гэхээс илүүтэй хувь улстөрчийнхөө тэрслүү занг гаргачихсан хэрэг. Тэгэхээр дараагийн Засгийн газар бүрэлдэхэд хамгийн чухал асуудал МАНАН бий болоход Ц.Нямдоржийн тэрслүү зангаас илүүтэй улс орны эрх ашиг чухал хэмээн үзэх хүн цөөнгүй байгаа юм.

Өчигдөр Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахтай холбоотойгоор УИХ дахь АН, МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй зөвшилцөх уулзалт хийсэн юм. Энэ үеэр МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийг ахалж байгаа Су.Батболд гишүүн “МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг нь ирэх баасан гарагт товлогдсон МАН-ын Бага хурлын гишүүдэд Засгийн газарт хамтарсан нөхцөлд эдийн засаг, улстөрд үүсээд байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд АН ийм санал нөхцөл тавьж байна. Харин МАН мөн ийм санал, нөхцөл тавьж байна гэдэг мэдээллийг өгнө. Гэхдээ асуудал нь улс төрийн эрх ашиг гэхээс илүүтэй улс орны эрх ашгийг тэргүүнд тавихаас аргагүйд хүргэж байгаа” хэмээсэн. Үүнийг ч АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг санал нэгтэйгээр хүлээж авсан гэдэг. Нэг үгээр хэлбэл, АН, МАН хувийн тоглолтоо дуусгавар болгож, хамтаараа улс оронд үүсээд байгаа эдийн засгийн хямрал, үүнээс улбаалсан ард иргэдийн амьдралд үүссэн бэрхшээл, хүндрэлийг даван туулах цаг ирсэн. Үүнээс ч гарах гарц байхгүй болсон. Тиймээс “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэж ярьдаг шиг улсыг удирдах тулхтай МАН АН-тайгаа эвлээд нэг үзвэл Монгол Улс хурдан хөгжих боломж бий. МАН-ын хувьд ч засагт орсноор хүнд хэцүүг даван туулж, ард иргэдээс оноо авах нөхцөл байгаа. Харин тэд энэ бүхнээс хойш сууж, ухарснаар ард иргэд л хохирно.  
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив