МАХН-ынхан уравгар байна
2014 оны 12 сарын 5
МАХН-ынхан уравгар байна
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр товлосон хугацаанаасаа цагийн дараа эхлэв. Учир нь хуралдаанд 100 гаруй гишүүн хүрэлцэн ирж, ирц 51 хувьд хүрсэнээр оройтсон нь энэ. Энэ удаагийн хурлаар өнгөрсөн амралтын өдөр МАН-ын Бага хурлаас гаргасан Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэрийн талаар болон их эвслийн Засгийн газрын газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, үүнд бусад хамтарч байгаа намуудын оролцоо хэр байхаар шийдвэр гаргахаар болсон.

Харин 51 хувийн ирцтэй хуралдсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн олонхи МАН-тай хамтрах нь зүйтэй гэж шийдсэн юм. Мөн Улс төрийн намын тухай хуулийг баталсны дараагаар АН-ынхан Их хурлаа хийхээр шийдвэрлэсэнээ дуулгалаа. Өөрөөр хэлбэл, аравхоёрдугаар сарын 8-нд АН-ын Их хурал хуралдахгүй хойшлов. Нөгөөтэйгүүр “Өмнөх засгийн үед гэрээ байгуулсан нам, эвслүүд дараагийн Засгийн газраа бүрдүүлнэ. Гэрээний заалтад МАН гэдэг нэр орохоос бусдаар өөрчлөгдөж байгаа зүйл байхгүй. Тиймээс МАХН-ынхан гомдлох шаардлагагүй” гэдгийг энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооноос гаргав. Гэхдээ дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэхээр шилжүүлснээр Ч.Сайханбилэгийн тэргүүлэх засаглалын танхимд хэн, хэн орж байгаа нь бас л таамаг мэтээр үлдлээ. Гэхдээ өнөөдрөөс Ч.Сайханбилэг Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг дэлгэх учиртай. Харин тэрбээр гартаа ямар хөзөр атгасан нь эхнээс задарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, МАН засагт орохдоо 6-7 сайдын суудлаар тохиролцсон гэх нь бий.

Гэвч өчигдрөөс гомдол мэдүүлж, засагт орохгүй гэдгээ илэрхийлсэн МАХН-ынхны царай уравгар байна. Учир нь гэрээ нь хүчин төгөлдөр байгааг  Үндэсний зөвлөлдөх хорооныхон мэдэгдсэн болохоор МАХН засагт орох уу, үгүй гэдэг сонголтын өмнө бий. Гэхдээ тэд МАН-тай нэг дээвэр дор эв нэгдэлтэй суух нь юу бол. “Шударга ёс” эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанд зөвхөн МАХН-ынхан засагт орохгүй гэдэг шийдвэрээ танилцуулсан. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт “Шударга ёс” эвсэл хамтарч оролцсоноор Шадар сайдын болон Сангийн яам, Эрчим хүч, Эрүүл мэнд яамыг өөрсдийн мэдлийнх болгосон. Тэгвэл Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн засагт МАХН хамтрахгүй гэхээр гурван яамны мэдэл өөр намд очих нь. Тэгэхээр тэд өөрсдийн мэдлийн яамыг бусдад бэлэглэх үү гэдэг сонголттой тулгараад байна. “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН-ынхан нэг сайдаа авч үлдэх үү. Энэ бас л ярвигтай асуудал. Тэгэхээр энэ удаагийн Засгийн газарт МАХН орохгүйгээр бие даагч гишүүдийн хамтаар сөрөг хүчний байр сууринаас хандах эсэхийг харъя. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив