МАХН шуналтаж, ИЗНН нэг суудлаа хадгалахыг хүсэв
2014 оны 12 сарын 5
МАХН шуналтаж, ИЗНН нэг суудлаа хадгалахыг хүсэв
Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх сүүлийн хугацаа энэ сарын 5-нд буюу маргааш дуусгавар болно. Гэтэл УИХ дахь нам, эвслээс байгуулагдсан ажлын хэсгүүд зөвшилцлийн ширээний ард хэдэнтээ суусан ч өчигдөр орой ойлголцолд хүрсэн бололтой. Нэг үгээр хэлбэл, тэд эрх мэдлийн хуваарилалт буюу яамдыг аль нам, эвсэл толгойлох вэ гэдгээ  тохиролцсоноор зөвшилцөл амжилтад хүрсэн ч цаанаа нь юу болов гэдэг эргэлзээтэй.

Уг нь шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн маш энгийн. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, эвсэл УИХ дахь суудлынхаа харьцаагаар засгийн бүрэлдэхүүнээ тодорхойлох оновчтой шийдэл гарсан. Гэтэл эрх мэдлийн тэнцвэр багасаж орж ирэх энэ хувилбар эвслийн бүлгийн ажлын хэсэгт таалагдаагүй байдаг. Тиймээс тэдэнд оногдох хоёр сайдын суудал хангалтгүй байгаас дөрөв биш юмаа гэхэд гурван байх ёстой гэдгээр зөвшилцлийг удаашруулсан. Энэ засгийг 13 яамтай, цомхон бүтцээр бүрдүүлэхийг МАН-ынхан дэмжиж байгаа ч “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн нэмнэ гэдэг шийдвэрээс болж яамдын тоо гацаа үүсгэсэн явдал бий.

Харин МАН-ынхан “13 яамтай байна. Дотор нь соёлын яамыг боловсрол руу нийлүүлж, зарим яамыг салгана. Харин тоог нэмэхгүй. Тэргүүн шадар сайдгүй, зөвхөн Шадар сайд байна. 13 яамаа дотор нь нэр, чиглэлийг нь өөрчилж болно” гэсэн саналдаа нэгдсэн байр суурьтай байгаа гэдэг. Нөгөөтэйгүүр энэ бүтцээр явуулахгүй бол батлагдсан төсөв дийлэхгүй. Ирэх жилийн төсвийг 13 яамаар батласан болохоор “Шударга ёс” эвслийн зүгээс тавьж буй гурван сайдаа авах тоглолт биелэх боломжгүй. 8 ,6, 2 гэсэн харьцаагаар бодохоор ИЗНН-д яам оногдохгүй ч тэд БОНХЯ-аа хадгалж авч үлдэх саналыг АН-д тавьсан. Тэгэхээр яамдын тоо улам нэмэгдэх болж байна. Тэгвэл шинэ засгийн бүтэц, бүрэлдэхүүний талаар хэн, юу гэв.

Г.Баярсайхан: -Монгол төрийг хүнд тохируулж бий болгоно, төвхнүүлнэ гэсэн ойлголт байж болохгүй.  Хамгийн эхний ээлжинд цомхон бүтцээ улс төрийн намууд хоорондоо ярилцаж тохирох хэрэгтэй. Мэдээж манай нам олонхи байгаа. Эдийн засгийн хямралтай энэ үеийн ачааг үүрэх ёстой учраас чухал ач холбогдолтой яамдуудыг авах нь зүйтэй. Жишээ нь, Сангийн яам байх ёстой гэж би үзэж байгаа. Дараа нь тухайн салбарт ажиллах боловсон хүчнийг дотроос байх уу, гаднаас байх уу гэдгийг сонгох нь чухал ач холбогдолтой биш гэж үзэж байна. Яагаад гэвэл, ажил хийж чадах хүн л хэрэгтэй. "Шонхор" фракци дотроо "За чи сайд болно шүү, би энэ удаад хойшоо суулаа" гэсэн яриа байхгүй. С.Эрдэнэ сайд нийгмийн чиглэлд ард түмэн рүү хандсан чухал хуулиудыг санаачилсан. Хамтын тэтгэврийн тухай хууль гэх мэт. Эдгээр хуулийн хүлээлт их байгаа. Тиймээс санаачилсан хүн нь цаашид үргэлжлүүлээд явах нь зөв, зүйтэй гэсэн байр суурьтай байна. "Шонхор" фракцийн хувьд С.Эрдэнэ сайдыг цаашид ажлаа үргэлжлүүлээд явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

Н.Номтойбаяр: -АН 19 сайдтай, манай намын зүгээс 16 сайдтай байх саналыг тавьсан. Энэ нь өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний  тухай хуулийн дагуу байх ёстой. Гэхдээ дотроо задаргаатай байж болно. Тухайлбал, ССАЖЯ-ыг бусад яаманд хуваарилах гэх мэт олон шаардлага бий. Ер нь энэ Зөвшилцлийн ажлын хэсэгт МАН өнгөрсөн хоёр жилд тавьж байсан шаардлага, зарчмуудынхаа хүрээнд л асуудалд хандаж байгаа. Харин яамны тоон дээр бид санал нийлдэхгүй байгаа. Тухайлбал, Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яам байна. Эдгээр яам эмээлийн хоёр тал шиг хамтдаа явж байх ёстой гэж бид үзэж байгаа. Энэ мэт зарчимдаа хатуу зогсож байгаа тул Зөвшилцлийн ажлын хэсэг түр завсарлага авсан. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив