Эрх тушаалын төлөөнөө тулаанд орох ёсгүй хүмүүс ЭЕРГҮЙ ТУЛААНД МОРДЛОО
2014 оны 12 сарын 8
Эрх тушаалын төлөөнөө тулаанд орох ёсгүй хүмүүс ЭЕРГҮЙ ТУЛААНД МОРДЛОО
Намын байр, даргынхаа нэр зүс хоёрыг мартсан нөхөд нам нь үнэд хүрэнгүүт гүйж ирнэ гэдэг урвагчидтай агаар нэгэн үзэгдэх дүр төрх буй заа. Нэрсийг нь хэлж болно. Гэвч муу хүмүүсийн нэрийг цөөн дурд гэж сударт байна аа.

1. Эрх тушаалын төлөөнөө тулаан ид өрнөж байна. Эрх чөлөөний төлөөнөө тулаанаас  ч хүчтэй байна. Уг нь зарчмын төлөөнөө тулаан. Ёс суртахууны төлөөнөө тулаан. Цаашилбал, хөгжлийн төлөөнөө тулаан байх ёстой бус уу. Өнөөдрийн энэ тогтож байгаа Засаг буюу Их эвсэл бол уг нь учиртай юм. Манай нийгэмд алдагдчихаад байгаа үнэт зүйлсийг эргүүлж авчрах Их шуурган байх ёстой билээ.

Хүмүүний  Ертөнцөд муу юм нь урсгалаараа бүтдэг. Сайн үйлсийг бүтээхэд хэцүү байдаг. Харин хамгийн авууштай нь сайн юмыг бүтээх хүсэл “муу” хүний дотоод сэтгэлд ч байдаг гэдэгт  баттай итгэдэг. Харин энэ хүслээ хувийн хэт амбици, ихэрхэг зан, авах гавьяагүйг авах гэх мэт олон дутуу чанараасаа болж хүн мартдаг билээ. Хүмүүн төрөлхтөн сайныг эрмэлзэж байгаа учраас шашин ёс, үзэл санаа, нам эвсэл гээд сайн сайхан руу тэмүүлсэн тэмүүллийг зохиож иржээ.

Эрх зүйг дээдлэнэ гэдэг эрх зүйт төрт Монгол Улсын суурь юм. Гэтэл бид эрх зүйгээ өөрсдөө цаас гэж боддогт бидний хамгийн том зовлон оршиж байна. Ийм учраас хуулиа сахихгүй, сахиулахгүй байгаа тохиолдолд нийгэм маань хаост  байна. Эрх зүй гэдэг цаасан дээр л бичигдсэн болохоос цаанаа том агуулга шүү дээ. Үүнийг энэ хамтарсан Засгийн газар хийх болтугай.
Эртний Римийн эрх зүйн тухай сайхан зүйр цэцэн үг байдаг гэнэ . “Pereat mundus, fiat justitia” гэж. Энэ юу гэсэн хэрэг вэ гэвэл “Ертөнц сөнөсөн ч хууль ёс мандтугай” гэжээ.

Ийм агуу зарчмын дор хүн төрөлхтөн эрх зүйт төрийн төлөө явж иржээ.
Бидэнд ядаж Дэлхий сөнөхөд хууль ёс мандахыг бодохоо больё гэхэд хүн чанар, совесть, ичих нүүр, ёс суртахуун гэдэг зарчмаа нийгмээрээ хадгалж үлдвэл анхны алхам юм.

2. Шинэ Засгийн газар байгууллагдах сургаар намын байрууд вокзал шиг болж байна. Ардчилсан нам ч яах вэ практик утгаараа сүүлийн зургаан жил төр барилцаж байгаа юм. Галт тэрэг хүлээж байгаа улс нь харагдаж үзэгддэг л хүмүүс байгаа биз!?

Гэтэл Ардын намд сүүлийн хоёр жил нэр нь сонсогдоогүй, зүс нь харагдаагүй хүмүүс билетгүй атлаа галт тэргэнд сууна гээд ичих нүүргүй бэлчинэ.
Замын дундаас орж ирсэн морийг барианд авдаггүй. Энэ бол монгол ёс. Энэ бол улс төрийн зарчим. Тэр хүн чинээлэг байна уу, чацтай байна уу хамаагүй. Улс төр  багийн тэмцэл. Баг хамтдаа байж, тасралтгүй үйл ажиллагааны тэмцэл явуулж байж амжилтад хүрдэг . Оролцоо бол оролцоогоороо явдаг золиг болчихож. Риск хийсэн бол оргилуун дарс ууна.

МАН-ын хувьд өнгөрсөн хоёр жил бол хамгийн хүнд он жил байлаа. Шоовдорлогдсон. Хүчинд автаж “зодуулсан”. Ордонд суулт хийсэн. Гудамжинд жагсаал хийсэн хоёр жил байв. 
Гэвч улс орны амьдрал цул хүчин байж ажил явна гэдгийг хэлж өглөө. Шаардлаа. Учир нь хямрал нүүрлэв.

Ганц дугуйтай морин тэрэг байснаас ядаж хоёр дугуйтай үхэр тэрэг байя гэдэг зарчим байна. Хямрал, гачаал үүсэхэд хаан хэрэгтэй болно. Өнөөгийн иргэншил ёсоор, нөгөө талаар азаар Монгол Улс үе дамжсан хаант засаглалтай орон биш юм. Хааныг Ерөнхийлөгч дээр нэмэх нь парламент дахь дор хаяж 66 хувь орлоно.
Хааныг бүрдүүлэгч нь АН, МАН, Шударга ёс эвсэл юм. МАН-тай эвсэж АН дээрхийг бүрдүүлнэ.
Энэ эвслийг зохиосон хүмүүсийн үзэл санаа энэ эвслийн тулгуур байх ёстой. Өөрөөр хэлбэл юу хийснээ мэддэг хүмүүс юу хийхээ мэддэг билээ.

3. Хувь заяа тохуутай. Ялсан цагт ямбатай байсан улс ялагдсан хойно цугларах нь ховор. Одоо бол шинэчлэл, шударга ёс ид ярина. Ийм хүмүүс МАН-ын байраар холхилдоно. Энэ бол Монгол хүний нам харьяалахгүй генид нь суусан зан. 1996 онд МАН ялагдахад Тусгаар тогтнолын ордны өмнө ганц хоёрхон машин зогсож байж билээ. Юу болсон, нөгөө намаа тойроод бөртийж явдаг хэд л үлдсэн байсан. 2000 онд Ардчилсан намын өмнө яг ийм дүр зураг гарч билээ. Өнөө юу ч болсон бөртийж явдаг л хэд байх.

Харин 2012 оноос хойш яах аргагүй намынхаа буурийг сахиж үлдсэн улс бол М.Энхболд, Ж.Мөнхбат, Т.Бадамжунай, Т.Гантулга, Ц.Сундуй, “Үнэн” сонины Б.Ганболд гээд нөхөд ил фронтод нүдэнд харагдаж байлаа. Улаанбаатар хотын хэмжээнд шүү дээ. Өнөө л Ц.Нямдорж, өнөө л Ө.Энхтүвшин, өнөө л Д.Хаянхярваа өнөө л Д.Оюунхорол, өнөө л Д.Сарангэрэл, Нинжийн Дэмбэрэл... олон хүн бий. Харин олон хүн харагдахаа больсон гэдэг. Гэхдээ МАН-ын УИХ дахь залуучууд чанга байв. УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Эрдэнэбат гээд залуучууд  зогсож, жагсаж чадаж байлаа. Урвагчид үнэд ордог болсон цагт энэ 26 гишүүнээс нэг нь ч урвасангүй.  26 мундаг байлаа. Ёстой өнөө Бакугийн 26 коммисар гэдэг шиг байлаа. Одоо бол эд үг хэлэх эрхтэй хүмүүс.

Хөдөө орон нутагт ялагдлын дараахь ялалтдаа найдаад тэмцэлдэж яваа хөвгүүд охид бас бий. Бас далд фронтын намдаа үнэнч зүтгэж байсан мянга мянган гишүүд энэ амжилтыг авчралцсан байх. Ийм хүнд үеийн “зодуурын” хүүхдүүдээс Засагт орно гэдэг амаргүй зам. Мэдээж зайлшгүй шалтгаанаар улс төрд орвол уруулчих гээд, үг хэлбэл үдүүлчих гээд байсан улс байсан л байх. Гэхдээ хүнд хоёр жилийг ил ч бай, далд ч бай мөр мөрөө түшиж давсан хүмүүс л гавьяатай.
АН бол хүнээр дутахын гачаал байсангүй. Яагаад гэвэл тэд эрх барьж байгаа. МАН-аас УИХ-д сууж байсан, энэ намаас УИХ-ын гишүүнд дэвшээд ялаад гарч ирсэн, хуучны онцгой журмын нөхөд нь хэлж байгаа үгээ сонсдог болов уу гэмээр л МАН-ыг дайрч давшилж “зодож” байлаа.
Хувь заяа тохуутай.

Харин намын байр, даргынхаа нэр зүс хоёрыг мартсан нөхөд нам нь үнэд хүрэнгүүт гүйж ирнэ гэдэг урвагчидтай агаар нэгэн үзэгдэх дүр төрх буй заа. Нэрсийг нь хэлж болно. Гэвч муу хүмүүсийн нэрийг цөөн дурд гэж сударт байна аа.

4. Дээрх бүх утгыг аваад үзэхэд “Хүнд үед  зүтгэсэн хүмүүс  амжилтын үед хүндэт суудалд сууна аа” гэсэн утгатай үгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гарч ирээд хэлсэн билээ. Энэ үг бол хүчтэй үг. Хүчтэй байх ёстой ч үг. Энэ үгийг үлгэрлэл болгож намдаа үнэнчээр явсан хүмүүс бий. Ерөнхий дарга нь энэ үгнээсээ буцахгүй бол намд ёс суртахуун ноёлох болно. Гэтэл өнөөдөр намын байраар хоёр жил харагдаагүй хүмүүс гоёлын костюмаа өмсчихсөн хүндэт суудлын төлөө тэмцэлдэн дарга, даамлуудын хаалга үүдийг онголзуулан ажлыг нь хийлгэхгүй явах нь нүдний бол чимэг, үзэл санааны бол гутамшиг болой.
  

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив