Хэн, хэн гомдлов
2014 оны 12 сарын 10
Хэн, хэн гомдлов
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өчигдөр УИХ-ын чуулганаар баталлаа. Ингэснээр шинэ засаг эмхлэн байгуулагдаж, эдийн засгийн хямралтай нүүр тулан ажиллахаар бие даагч гишүүдийг эс тооцвол УИХ бүхэлдээ анхаарал тавихаар боллоо. Нэг үгээр хэлбэл, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд бултаараа Монгол орныг хүндрэл, бэрхшээлд оруулсан хямралтай сөрж ажиллах юм.

Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газар нь 15 яамтай ажиллана. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийн хүрээнд. Аж үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, спортынх чиглэлийн яам байна. Харин Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 18 ажиллахын зэрэгцээ Цөмийн энергийн газрыг татан буулгаж, Тахарын ерөнхий газрын чиг үүргийг үндсэн хэвээр үлдэхээр болж байна.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг аль болох цомхон, чадварлаг байлгах зарчмыг барьсан. Энэ чиглэлээр эхний ээлжинд 460 гаруй хүний орон тоог цөөлөх замаар 13 орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Цаашдаа төрийн зарим байгууллагыг нэгтгэх, татан буулгах, аж ахуйн тооцооны зарчимд шилжүүлэх зэргээр 57 байгууллагын асуудлыг цэгцлэхээр төлөвлөж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа ийм үед бид хүссэн хүсээгүй энэ замаар явахаас аргагүй. Гэхдээ төсөв, орон тоо хэмнэх асуудлыг зөвхөн Засгийн газрын бүтцийн хүрээнд, яамдын хэмжээнд харах биш төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн өргөн хүрээнд харах ёстой. Нэгэнт шинэ Засгийн газрыг хамтран байгуулах асуудлыг парламентад суудалтай нам, эвслүүд зөвшилцөж шийдсэн учраас зөвшилцлийн хүрээний асуудлыг ийм бүтцээр хэрэгжүүлэх боломж байна” хэмээн онцолсон. Тэгэхээр шинэхэн Ерөнхий сайд хэрхэн хэмнэлт хийж, бүсээ чангалдгийг харуулахаар шаргуу, хурдтай ажиллахаа илэрхийлчихсэн хэрэг. Нөгөөтэйгүүр шинэ засгийн танхимд ажиллах сайдын нэрс эхнээсээ яригдаж эхлэв. Хэн, хэнийг сайд болгох вэ гэдэг уралдаан энэ өдрүүдэд эрчимтэй өрнөж байна. Гэхдээ Н.Алтанхуягийн танхимд байсан сайд нарыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээшээ дэвшүүлэх үү, эсвэл... гэдэг асуултын хариулт таамаг хэвээр бий. Харин зарим нэг нь шинэ засгийн бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдуулан гомдол мэдүүлэв.

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин: -Би Р.Амаржаргалаас ч тэр, Ч.Сайханбилэгээс ч сайдын суудал гуйгаагүй. Хуулийн салбарын шинэчлэлийг ахиулдаггүй юм гэхэд хүрсэн төвшингээс нь битгий унагаасай гэж хүссэн. Харамсалтай нь хүний эрхийг сандал ширээнээс дор харж байна даа. Улс төрийн бялуу болсон дэд сайдуудаа хасаад захиргааны байгууллагын тансаглалыг хязгаарлахад л гэрч хохирогчоо хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийг зохицуулах зардлаа гаргаад ирэх боломжтой байсан.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр: -Цөмийн технологийн салбар бол дэлхийн улс орнуудын хувьд геополитик болоод стратегийн өндөр ач холбогдолтой юм. Тэр ч утгаараа УИХ-аар батлагдсан бие даасан бодлого, хуультай мэргэжлийн тохируулагч агентлаг. Тиймээс аливаа нэг газрын хатавчинд аваачих, түүгээрээ төсөв хэмнэх тухай ярих нь өрөөсгөл. Цөмийн энергийн салбарт өгч байгаа төсвийг энгийнээр харьцуулж хэлбэл улсын төсвийг 10 мянган төгрөг гэж үзвэл түүний нэг төгрөг ч хүрдэггүй тийм бага юм. Үүнийгээ үйл ажиллагаагаараа эргүүлээд төлчихдөг. Харин энэ салбарт гадна, дотнын дорвитой хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж шинжлэх ухаанч монгол хөгжинө.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл: ССАЖЯ-ыг татан буулгаад хамгийн хүнд сурталтай яамдад хувааж нэгтгэсэн нь хамгийн буруу шийдэл. Зургаан сайд нэмснээ ганцхан ССАЖЯ-ыг устгахаар оруулж ирж. Энэ яамыг ажиллуулахад махны урамшууллаас 10 дахин бага мөнгө зарцуулдаг. АН засгаа унагаасны, МАН засагт орж ирсэний үр дагавар, төлөөс нь Монголын соёл, спорт, аялал жуулчлалын салбар болж байгаа нь эмгэнэлтэй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: -“Шударга ёс” эвслийн гэрээ үргэлжилж байгаа. Тийм учраас бидэнд Шадар сайдын суудал байх ёстой. Энэ бол намуудын хоорондын итгэлцлийн асуудал. Хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, бидэнд. Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Энэ бол нэр хүндийн асуудал. Мөн Тахарын алба байх ёстой. Гэрч өнөөдөр хуулиар далайлгасан тохиолдолд яаж эрхээ эдлэх вэ. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив