Шинэ сайдуудын чихэнд хонх “уяав”
2014 оны 12 сарын 10
Шинэ сайдуудын чихэнд хонх “уяав”
Шийдлийн Засгийн газрын тэргүүн хурдан, шуурхай ажиллах зарчмынхаа хүрээнд өнгөрсөн баасан гарагт ёстой нэг шуурхайлав. Учир нь УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг сайдад нэр дэвшигчээ тодруулахыг яаравчлуулсаны дараагаар УИХ-ын даргад ээлж, дараатай өргөн мэдүүлэв. Угтаа “Шударга ёс” эсвлийнхэн гурван сайдаа тодруулах гэж маргалдааны хурц хэлбэрт орсон явдал нь сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлыг удаашруулсан. Гэхдээ ажлын хурдыг шаардсан баасан гарагт шинэ сайд нарын нэрсийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэнээр байнгын хороодыг хуралдуулж, чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 23:00 цагт эхэлсэн нь хурдтай, шуурхай байсан гэхээс алтай.  Ямар ч байсан Шийдлийн Засгийн газрын тэргүүн шинэхэн сайд Ч.Сайханбилэг:
 
1.Монгол Улсын Шадар сайдад -МАН-аас У.Хүрэлсүх
2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад -АН-аас С.Баярцогт
3.Сангийн сайдад -МАН-аас Ж.Эрдэнэбат
4.Гадаад хэргийн сайдад -АН-аас Л.Пүрэвсүрэн
5.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад -МАН-аас Д.Оюунхорол
6. Хууль зүйн сайдад -АН-аас Д.Дорлигжав
7.Аж үйлдвэрийн сайдад -АН-аас Д.Эрдэнэбат
8.Уул уурхайн сайдад -МАН-аас Р.Жигжид
9.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад -АН-аас С.Эрдэнэ
10.Хүнс, хөдөө аж ахуйн сайдад -АН-аас Р.Бурмаа
11.Эрчим хүчний сайдад -АН-аас Д.Зоригт
12.Барилга хот байгуулалтын сайдад -МАН-аас Д.Цогтбаатар
13.Хөдөлмөрийн сайдад -МАН-аас  С.Чинзориг
14.Зам тээврийн сайдад -МАН-аас  Н.Төмөрхүү
15.Монгол Улсын сайдад -МҮАН-аас  М.Энхсайхан
16.Батлан хамгаалахын сайдад -МАХН-аас Ц.Цолмон
17.Эрүүл мэнд, спортын сайдад -МАХН-аас Г.Шийлэгдамба нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тусгайлан танилцуулсан юм. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Анхаарах шаардлагатай асуудлуудыг хэлэхээс өөр арга байхгүй. Хуулийг дээдэлж, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах ёстой. Засгийн газрын гишүүн боллоо гээд амьдралаа өөд татах, ар гэр, хажуудаа байгаа найз нөхдөө татах, нам, хамт олноо харж үзэх зэрэг хууль зөрчсөн, авлигын шинжтэй үйл ажиллагаанд оролцохыг хэрхэвч тэвчихгүй. Үүнийг эхнээс нь хэлэх ёстой. Засгийн газар байгуулагдлаа гээд очоод янз бүрийн халаа солио хийх, ялангуяа мэргэжлийн, ажлаа сайн хийж байгаа хүмүүст халаа сэлгээ хийх үйл ажиллагаа ерөөсөө байж болохгүй” гэж шинэ сайд нарт анхааруулсан. Энэ бол хатуу анхааруулга. Нөгөөтэйгүүр өмнөх Засгийн газрын алдааг давтах ёсгүй гэдгийг энэ үгээрээ Ерөнхийлөгч илэрхийлсэн гэхэд болно. Тиймээс Ч.Сайханбилэгийн “шадар”-ууд төрийн албыг төрлийнх болгох эрх байхгүй. Ёс зүй, хариуцлагыг умартах ёсгүй. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч тэдэнд байнга санаж байх үгийг чихэнд нь хонх мэт уясан нь бодох л асуудал. Хэрвээ энэ бүхнийг зөрчвөл хонхны уяаг чангахан шиг татах хэрэгтэй биз.

Харин баасан гарагийн шөнийн 23:15 цагт эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ч.Хүрэлсүхийг Шадар сайдад томилохыг хэлэлцэв. Томилгоотой холбогдуулан  асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул нэр дэвшигчийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98,3 хувь нь дэмжив. Гэтэл С.Баярцогтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох асуудалтай холбогдуулан гишүүд шүүмжлэлтэй хандсанаар чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш үргэлжлүүлэхээр болсон юм. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив