Зөв шийдэл: Хүүхдийн эмнэлэг шинээр байгуулна
2014 оны 12 сарын 25
Зөв шийдэл: Хүүхдийн эмнэлэг шинээр байгуулна
Шийдлийн Засгийн газрын сайд нар бүрдснээр анхны хуралдаанаа хийв, энэ сарын 10-нд. Харин нийгэмд тулгамдаад буй чухал асуудлын нэгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрынхан олж харсан нь нүдээ олсон шийдвэр байлаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг хүүхдийн эмнэлэг болгохоор тусгасан нь өнөө цагийн аврал болсон юм. Учир нь манай улсад том томуу, томуу төст өвчний хандалд сүүлийн үед нэмэгдэж, бяцхан үрсэд минь эмчлүүлэх эмнэлэг дутагдалтай байгаагаас энэ өвчин буурахгүй байгааг эмч, мэргэжилтнүүд хэлсээр буй. Нөгөөтэйгүүр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээгүй байдлаас болж шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаа эмгэнэлт дүр зураг өдрөөс өдөрт сэтгэл зовоож буй.

Энэ сарын 1-7-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 120.845 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.415 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон юм. Энэ үзүүлэлт нь өмнөх долоо хоногоос 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар их. Харин 10.000 хүн амд 52.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 16.8, өмнөх оны мөн үеэс 15.7 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байдалтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд 33.955 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.469 томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн нь ханиадны гаралтай вирусийн тархалт ихэссээр буйг илтгэнэ.  

Харин Засгийн газрын хуралдаанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэсэн нь төр засгаас эрүүл монгол хүүхдийнхээ төлөө итгэл үзүүлсэн хэрэг. Энэ эмнэлгийг ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэхээр холбогдох яамнуудад үүрэг өгсөн нь шинэхэн Ерөнхий сайдын зөв шийдэл болсон гэхэд болно.

Гэхдээ нийслэлийн хэмжээнд эмнэлгийн асуудал өдрөөс өдөрт сөхөгдөж байдаг. Чингэлтэй дүүргийн хувьд мэс заслын чиглэлийн эмнэлэг байдаггүй. Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байхдаа Чингэлтэй дүүргийн энэ асуудлыг шийдвэрлэдэг байсан юм. Гэтэл “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин булааж авлаа. Өргөтгөлийн байрыг эмнэлэг хэвээр нь үлдээж өгнө үү” хэмээн эмнэлгийн ажилчид мянга тэмцээд бараагүй. Харин өргөтгөлийн байрандаа 3,2 тэрбум төгрөг бүхий MRI аппарат суурилуулж, үйл ажиллагаа эхлүүлэх болоход эмнэлгийн барилгад Улсын ерөнхий прокурын 40, Хууль зүйн яамны 90, нийт 130 хүнтэй оффисын байр болгохоор тогтоол гаргачих байдаг. Өнөөдөр эмнэлгээр үйлчлүүлдэг төрийн тусгай албан хаагчид болон жирийн иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхээ зөрчүүлсээр буй. Тэгэхээр Шийдлийн Засгийн газар энэ эмнэлгийн асуудлыг орхигдуулахгүй Төрийн тусгай албан хаачдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн байрыг шийдвэрлэж, 3,2 тэрбум төгрөг бүхий MRI аппарат үнэгүйдсэнийг эрүүл мэндийн үйлчилгээгээр хязгаарлагдаж буй иргэдийн өмнөөс шийдэх өгөх биз.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив