Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгаа зөв оношлов
2014 оны 12 сарын 25
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгаа зөв оношлов
“Монголын эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар муудлаа” гэдгийг хоёр жилийн хугацаанд бишгүй олон удаа сонссон. Гэвч Шинэчлэлийн гэх тодотголтой өмнөх Засгийн газрын тэргүүн үүнийг үгүйсгэсээр ирсэн. Харин Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг эдийн засагт зөв онош тогтоож, Монголд хямрал нүүрэлснийг ард түмэндээ сонордуулсан нь Н.Алтанхуягаас өөр байлаа гэх хүн олон байв. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар мэдээлэл хийхдээ “Өнөөдөр бидний өмнө яг 2008-2009 оныхтой адил эдийн засгийн гэхээсээ илүүтэй төлбөрийн тэнцлийн, тэр нь даамжирвал санхүүгийн хямрал нүүрэлчихээд байна. Энэ бүхнээ зохицуулж чадахгүй бол эдийн засгийн хямралтай шууд нүүр тулна. Харин энэ удаагийн хямралын үр үндсийг бид нэлээд хэдэн жилийн хугацаанд өөрсдөө бий болголоо. Дан ганц том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг бэлнээр нь тараагаад, дутууг нь арилжааны зээлээр гүйцээх нь эдийн засгийн битгий хэл  улс төрийн хүссэн үр дүн авчирдаггүйг өнгөрсөн сонгуулиуд харуулсан. Бонд, зээл хэчнээн босгосон ч, байдгаараа эдийн засгаа тэлэх гэж оролдсон ч нөгөө гараа тайрвал бодлогоо зөв гаргаж, үр өгөөжөө зөв төлөвлөхгүй бол эдийн засаг хүссэнээр өсөхгүй байгааг бид харлаа” хэмээсэн. Ингэснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бурууг зөвтгөхгүй гэдгээр үнэнийг илэрхийлэхийг голчилсон нь энэ бололтой. Тэгвэл Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдож хэн, юу гэж хэлэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Төрийн албан хаагчдыг 15 хувь цомхотгоно гээд зарлачихсан. Эхлээд дэд сайдуудаасаа цомхотголоо эхэл. Түүнийхээ дараа төрийн албан хаагчдын асуудал руу орно биз. МАН-тай 15 дэд сайдтай байна гэж тохирчихоод 17 болгосон. Үүнийгээ та засчих. Мөн МАН-тай байгуулсан гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуул. Та бүхэн цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмнэ гэсэн. Гэтэл таны хэлж байгаагаар нэмэхгүй, төрийн албан хаагчдаа аваад явах юм ярьж байна. Хөрөнгө оруулагчид хэнд итгэдэг вэ гэвэл хэлсэн ярьсандаа хүрдэг, хэлснээ хийдэг хүнд л итгэдэг. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн болох хэрэгтэй. Үүнийг дагаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ.

УИХ-ын гишүүн А.Бакей:- Хямралыг ойрын хугацаатай холбож ярих юм бол сүүлийн дөрвөн жилийн бодлогын үр дагавар, дахиад цаашлуулж бодвол сүүлийн 10 жилийн бодлого, шийдвэрийн үр дагавар гэж харж байгаа юм. Яагаад гэхээр төсөв мөнгө хангалттай болохоор цамаан загнадаг, хомсдоод ирэхээр баахан өр, зээл тавьдаг. Тэгэхээр ийм нөхцөл байдалд хүрч, хүндэрснийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Яг энэ хүнд үед хамтарсан засаг байгуулагдаж, хувь заяатайгаа эвлэрээд хамтын шийдвэр гаргахаас өөр аргагүй болж байгаа. Ерөнхий сайдын мэдээлэлд санхүүгийн хямралд хүрсэн гэж дүгнэсэнтэй санал нэг байна. Төлбөрийн тэнцэл маш хүнд байдалд орсонтой мөн санал нэг байгаа. Ялангуяа худалдааны өсөлт сөрөг бууралттай, барилгын салбар мөн бууралттай байгаа нь илүү хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Ерөнхий сайд онош нь тодорхой байна, эмчлэх бас боломжтой гэж өөдрөг дүгнэлт хийсэн. Мөн хүндрэлээс гарах гол гол чиглэлүүдийг хэллээ. Ихэнхдээ үүнд санал нийлж байгаа. Гэхдээ эдгээр шийдвэрийг гаргахад зарим гишүүдийн хэлсэнчлэн тийм ч амар биш. Ихэнх шийдвэр УИХ-ын түвшинд ирж байж гарна. Тэгэхээр шийдвэрээ гаргах хамгийн урьдчилсан нөхцөл бол тавьж байгаа зорилт, арга замаа эхний ээлжинд Засгийн газрын кабинеттаа сайн ойлгуулж, санал нэгтэй байж, кабинет нь кабинетын зарчмаар ажилласан тохиолдолд гарна.

УИХ-ын дарга З.Энхболд: -2004 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад төрийн албан хаагчдын тоо 124 мянга байсан. Одоо 180 гарч 60 шахам мянгаар нэмсэн. Сүүлийн 10 жилд төсвийн орлого, зарлага, эдийн засаг гурвуулаа 10 дахин нэмэгдсэн. Зарлага бол 12 дахин нэмэгдсэн байгаа. Үргэлж зарлагаа давуулж зарцуулж ирсэн. Одоо хэн нэгэн хүнийг буруутгаад нэрийг нь хэлэх юм бол 2004 оноос хойш маш олон Ерөнхий сайдын нэрийг хэлнэ. Маш олон намын нэрийг хэлнэ. Үүний учрыг олох гэж явах юм бол цагийн гарз болно. Ийм зүйл хийснээ Ерөнхий сайд анх удаа УИХ-ын чуулганд хэлж байгаа нь өөрөө сайн хэрэг. Сүүлийн 10 жилийн мөнгөө хэрхэн буруу менежмент хийсний тайлан байгаа. Ерөнхий сайдын хэлсэн олон зүйл ажил хэрэг болохгүй байх магадлал байгаа. Тэр нь яагаад гэвэл энэ танхимд сууж байгаа 76 гишүүний олонх нь дэмжиж кнопоо дарахгүй бол аль нь ч ажил болохгүй. Зүгээр мөрөөдөл болоод дуусна. Засгийн газар ч хичээх хэрэгтэй. УИХ ч гэсэн ямар байдалд орсонтойгоо адилхан “нэг хуудсан дээр очно” гэж ярьдаг. Тэрэн дээрээ очих хэрэгтэй байна. Зарим гишүүний үгнээс ерөөсөө юу ч болоогүй, сайхан юм шиг энийг ч цомхотгож болохгүй, тэрийг ч цомхотгож болохгүй, тэрний маань мөнгө хэцүү шүү гэсэн яриа цухалзаж байна. Тэр бол нэг хуудсан дээр очоогүй байгаагийн шинж л дээ. Хуучин шигээ үргэлжилж болохоор юм шиг бодоод байгаа юм. Тэгж болохгүй цэг рүүгээ бид оччихсон. Одоо хэцүү ч байсан сая Ерөнхий сайдын хэлсэн алхмуудыг хийхээс өөр аргагүй. Хийхгүй байх арга бас байна. Үргэлжлүүлэн зээл аваад зээлийнхээ хүүнд гүйцэгдээд, ирээдүйд олж магадгүй төсвийн орлогоо одоо зээлж идээд өндөр хүү төлөх. Дэлхийн хөрөнгийн зах зээл “Чингис бонд”-ыг авч байсан шиг 4.5, 5.5 хувь одоо  байхгүй болсон. Өндөр хүүтэй зээл нь. Аль замыг сонгохоо УИХ-ын гишүүд 2015 оны төсвийн тодотгол ирэх долоо хоногт хэлэлцэгдэж эхлэхэд үүнийгээ ойлгомжтой илэрхийлэх хэрэгтэй. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив