ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хүүхдүүдээс эмнэлгээ харамлав
2015 оны 1 сарын 6
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хүүхдүүдээс эмнэлгээ харамлав
Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээгүй асуудлаас болж хаа хаанаа зовлон тоочих нь олонтаа болсон. Улсын хэмжээнд гэхэд өчигдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх долоо хоногоос 1,2 хувиар ихэссэн байдалтай байгаа юм. Нөгөөтэйгүүр лабораторийн шинжилгээгээр дэлхий дахинд тархаад байгаа томуугийн А хүрээний H3N2 вирус манайд тодорхойлдсон нь асуудал болж байна. Тиймээс амьсгалын гаралтай цомчмог ханиад хүрсэн хүүхдүүдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэн эмчилж боломгүй. Учир нь хүнд хэлбэрийн вирусын гаралтай ханиад зонхилж байгаа үед хүүхэд нэг бүрийг тусгаарлан эмчлэх нь юу юунаас илүү шаардлагатай болоод байгаа юм. Гэтэл хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ муутай, хүүхдүүд шалан дээр хэвтэж байгаа энэ байдлыг зарим нэг нь юман чинээ тоохгүй, өөрсдийгөө бодож суугааг юу гэх билээ.

Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой. Энэ жишгээр тооцвол Монгол Улсын хүүхдийн эмнэлгүүд нийтдээ 1800 ортой байх ёстойгоос одоогоор 1072 ор байгаа нь хангалтгүй. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс 728 ор шинээр нэмэгдүүлэх шаардлага тулгарснаар төрөөс энэ асуудлыг шийдвэрлэхээр шат шатандаа ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, ССАЖЯ-ны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн ч эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдэг асуудал тулгарсан. Харин Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм. Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн хувьд “Засгийн газраас нэгэнт эмнэлэг болгох шийдвэр гаргасан бол дагах ёстой. Хүүхдийн эмнэлэг болгоно гэж байгааг дэмжиж байна” хэмээн хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө яамны байраа суллаж өгөхөөр болоод байгаа. Гэтэл ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хүүхдүүдээс эмнэлгээ харамлаж байгаа нь харамсалтай.

Ханиад томууны тархалт их байгаа энэ үед эмнэлгийн хүрэлцээний асуудлаар Халдвартын эмнэлгийн нөөцөөс шийдвэрлэх боломжийг судлахаар гишүүд өчигдөр ажилласан юм. Юутай ч ХӨСҮТ-ийн 50 ортой нөөцийн тасгийг тодорхой хугацаанд хүүхдийн эмнэлэг болгон ашиглах боломж бий эсэхийг тодруулахаар очиход эмнэлгийн удирдлагуудаас “Үгүй” гэдэг хариулттай буцсан билээ.

ХӨСҮТ-ийн нөөцийн тасаг нь 50 ортой, гэнэтийн халдвар дэгдэх үед шуурхай ажиллах байнгын өндөржүүлсэн бэлтгэлтэй ажилладаг гэх. Харин өнөөдрийн байдлаар тус тасагт хэвтэн эмчлүүлж буй нэг ч өвчтөн байхгүй, орнууд нь сул байсан юм. Гэтэл тус төвийн удирдлагууд  томуу төст өвчтэй хүүхдүүдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчлэх нь тохиромжгүй гэдэг хариулт өгч байв. Шалтгаан нь олон төрлийн халдварт өвчний эмчилгээ явагддаг ХӨСҮТ-д томуу болон томуу төст өвчний улмаас дархлаа нь суларсан хүүхдүүдийг байрлуулах нь эрсдэлтэй. Мөн хүүхдүүдэд үйлчлэх мэргэшсэн эмч нарын баг байхгүй гэсэн юм. Гэхдээ тангараг өргөсөн эмч нар шалан дээр хэвтэж байгаа хүүхдүүдийг эмчлэх үүрэгтэй баймаар байсан. Тэр тусмаа өнөөдөр хүүхдийн эмнэлэг нь хүрэлцэхгүй байхад ХӨСҮТ-ийнхөн нэг тасгаа чөлөөлөөд өгөх сэтгэл баймаарсан. Харамсалтай энэ том эмнэлэг ханиад томуу туссан хүүхдүүдээс 50-хан ороо харамлаад байж байгаа эмнэлэгтэй гэхээс өөр юу гэх үү. 
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив