Инфо сайт улс төрийн онцлох үйл явдлыг нэрлэж байна
2015 оны 1 сарын 6
Инфо сайт улс төрийн онцлох үйл явдлыг нэрлэж байна
2014 оны 5 сарын 1: Ерөнхийлөгчийн “Давхар дээл” тайлах хуулийн төслийг АН-ынхан унагав

Сайд нарын дээлийг дан болгох асуудал нэг хэсэг маргаан дэгдээдсэн. Чуулганы танхимд Ж.Энхбаяр гишүүн "Сайд нар санал хураалтад оролцохгүй. Үүнийг УИХ-ын дарга сайд нарт сануулах хэрэгтэй” гэж байсан бол Ц.Даваасүрэн гишүүн "Ерөнхий сайдаас бусад нь давхар дээл өмсөхгүй байвал яасан юм. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьсан нь дээр байх. Толгой улстөрчид нь  булган дээл давхарлаж өмсдөг болсноо юу гэж үзээд байгаа юм" хэмээн ундуйцаж байсан удаатай. Эцэстээ олон хоног хэлэлцсэнээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “давхар дээл” тайлах хуулийн төслийг АН-ынхан унагаасныг манай сайд улс төрийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.

2014 оны 5 сарын 15: Х.Баттулга: Би хариуцлагаа үүрнэ

Х.Баттулга өөрийн хүсэлтээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаас огцрох хүсэлтээ гарсан юм. Өөрөөр хэлбэл, сайдын суудлаа өгье, гишүүнийхээ ажлыг хийсэн шиг хийж, Засгийн газрыг гаднаас нь харах боломжийг олгооч гэснийх нь дагуу дэмжсэн. Харин цөөнхийн бүлгийн гишүүд “Х.Баттулга улс төрийн хариуцлагаас зугтаж, огцрохоо мэдэгдэж байгааг хүлээж авах нь буруу. Монголын ард түмэнд амласан, ярьсан зүйлээ хэрэгжүүлж дуусах ёстой. Төмөр зам, Сайншандын паркийг хэнээс нэхэх юм” гэж үзэж байсан юм. Тэрбээр “Учир шалтгаан доторхой. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Засгийн газрын гишүүний зүгээс хуулийн төслийг дэмжсэн ч УИХ дээр унасан. Үзэл бодолдоо тууштай хандсан учир Засгийн газарт байгаад байх нь онцгүй юм гэсэн үндэслэлээр огцрох хүсэлтээ гаргасан. Гэхдээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхаа хийж эхлүүлсэн бодлогын ажлыг УИХ-ын гишүүнийхээ хувьд байнгын хороо, бүлэг, УИХ-д шахаж, шаардаад явна гэсэн бодолтойгоор ажлаа өгсөн. Өнөөдөр хамгийн том эмнэнэл намаараа талцаж, үүнээс болж янз бүрийн зүйл болж байгаа учир хувь хүнийхээ хувьд эсрэг явдаг. Монгол Улс хөгжих ёстой гэсэн бодолтой байдаг. Хариуцлага гэж яриад байна. Би хариуцлагаа үүрээд явна” гэсэн юм.

2014 оны 6 сарын 10: Д.Эрдэнэбат: Н.Батбаярыг огцруулах шаардлага бол бүдүүлэг

МАН-ын бүлгээс гаргасан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай асуудлыг АН-ын бүлгээс хойшлуулах горимын санал олон дахин гаргасан. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хүртэл "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага бол бүдүүлэг, хүний нэр төрд халдсан, асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна” хэмээн аргацаалсаар түүнийг огцруулах асуудлыг намрын чуулган руу шилжүүлсэн. Гэвч чуулганаар хэлэлцэлгүй явсаар Н.Алтанхуягийн засаг огцорч, Н.Батбаяр баяртай гэгч нь үлдсэн дээ.

2014 оны 8 сарын 25: Си Зиньпиний айлчлал юу өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад  БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлав. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээ хийсэн бөгөөд талууд хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан. Улмаар хэлэлцээрийн хүрээнд нийт 26 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн манай улс өмнөд хөршөөс 162 сая ам.долларын арилжааны зээл авахаар болсон бөгөөд уг зээл нь өнгөрсөн тавдугаар сард Төсвийн хүрээний мэдэгдэл дотор улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэхээр асуудал оруулж ирэх үеэр сонсогдож байсан юм. Тэгвэл зээлийн гэрээг айлчлалын хүрээнд хоёр улсын Хөгжлийн банк хооронд үзэглэсэн. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн хугацаа нь найман жил байх бөгөөд эхний жилүүдэд зээлийн хүүг хөнгөлөх асуудал яригдаж магадгүй гэсэн юм. Үүнд эдийн засагчид таагүй хандсан бөгөөд гадаад өр ихэслээ гэх шүүмжлэлийг хэлж байгаа.
Харин хүлээлттэй байсан нэг асуудал болох ялтан шилжүүлэх гэрээ үзэглэгдсэн. Тодруулбал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тус улсын Гадаад хэргийн сайд Ванг Итэй ялтан солилцох гэрээнд гарын үсэг зурснаар манай улсын 14 орчим иргэн өөрийн орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх боломж бүрдсэн.

2014 оны 9 сарын 3: ОХУ-ын Ерөнхийлөгчийг угтан авав

Есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлав.

Халх голын ойг тааруулан Монголд хийсэн түүний айлчлал дөрвөн цагийн хөтөлбөр багтав. Айлчлалын үеэр Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийж, зарим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурсан юм.


Мөн Оросын Ерөнхийлөгч Халх голын дайны 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барих, Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө. Ийнхүү түүний айлчлалын хөтөлбөр давчуу байснаар өндөрлөв.


2014 оны 9 сарын 8: МАН-ынхан Засгийн газар ”Эзэн-100” хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсангүй гэв



Засгийн газраас хэрэгжүүлсэн "Эзэн-100" хөтөлбөрийн талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар мэдээлэл хийв. Энэ үеэр “Монгол Улсын Их хурлаас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дугаар тогтоолыг баталсан. “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр амлалт авчээ. Үүнээс 18 чиглэлийн ажлыг хагас дутуу хэрэгжүүлж,16 чиглэлийн ажлыг  дөнгөж эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадаагүй байна. Энэ нь Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүлжээ” гэв.

2014 оны 9 сарын 12: Гурван талт уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Душанбе хотноо Кохи Сомон ордонд гурван талт уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд гурван талын уулзалтыг тогтмолжуулах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийн талаар ярилцсан талаар мэдээлсэн юм. Хоёр хөршийн төрийн тэргүүн манай улсад хэдхэн хоногийн зөрүүтэй айлчилсны дараа болж байгаагаараа дээрх гурван талт уулзалт онцлогтой байв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, гурван жил тутамд хийж байх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Улмаар тэрбээр “Манай хоёр хөрш орны төрийн тэргүүний энэ 8, 9 дүгээр сард хийсэн айлчлал нь маш ажил хэрэгч, цагаа олсон түүхэн айлчлал болсныг энд дахин цохон тэмдэглэхийг хүсч байна. Өнөөдөр бид харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ын тухай ярилцахаар энд цуглаад байна. Гурван улсын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийж байх тухай Монгол Улсын санал дараах хүчин зүйлтэй холбоотой юм” гэсэн билээ.

2014 оны 10 сарын 4: Засгийн газрын бүтцийн өөрчлөлийг МАН, АН-ын гишүүд таашаасангүй

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гарт байгаа хөзрөө дэлгэж, зургаан яамыг гурав болгож нэгтгэх болсноо ил гаргасан. Гэвч бүтцийн өөрчлөлт нь хүлээлт үүгэсэн шиг, бас цөөлсөн үү гэх зүйлийг авчраагүйд УИХ дахь намуудын бүлэг сэтгэл дундуур байв. Тэр дундаа УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд энэ өөрчлөлтийг нэг их таашаахгүй байгаагаа илэрхийлэв.  Ерөнхий сайдын хувьд  Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхай, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалт, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яамтай байх шинэ бүтцийг танилцуулсан.


2014 оны 11 сарын 5: Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцров

Харин УИХ-ын нэр бүхий 28 гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар эл асуудлыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар санал хураахад байнгын хорооны 11 гишүүн дэмжиж, зургаан гишүүн татгалзсан юм. Гэвч чуулганы ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүд үг хэлж, Ерөнхий сайд танилцуулга хийснээр санал хураав. Санал хураалтад 66 гишүүн оролцон 36 гишүүн дэмжиж, 54,4 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцрууллаа. Нэг ёсондоо АН-ынхан ардчилсан Ерөнхий сайдаа унагаав.

2014 оны 12 сарын 10: Шийдлийн Засгийн газар элэг бүтэн болов

Үндсэндээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн 18 сайдыг бултаар нь УИХ-ын гишүүд дэмжив. Харин нүүрийг нь улалзуулж байгаад үгээ хэлчихдэг Ц.Нямдорж гишүүн энэ үеэр дуугүй суусангүй. Шинэ сайд нарт захиас өгөв. “Бүх сайдад хэлье, даруухан байгаарай. Телевизээр сайхан ярьж, үндсэн ажилдаа ойртдоггүй сайдыг бишгүй л үзлээ. Ч.Сайханбилэг ээ, худлаа хэлдэг сайдаа таслан зогсоогоорой. Хоол идэж байгаа тогооноосоо хулгай битгий хийгээрэй. Муухай байдаг юм. Тендер гэдгээс зугтаж явахыг санал болгож байна. Нэг гарыг нь барихад нөгөө гараараа явдаг этгээд энэ дотор байгаа. Улсын мөнгийг цусладаг, ил далдаар иддэг этгээдийг нэн тэргүүнд хөөж явуулаарай. Мэргэжлийн бус сайд нарын дор мэргэжлийн хүмүүс бүрдүүлэхийг онцгойлон анхаархахгүй бол явахгүй” гэсэн юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив