Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2015 оны 1 сарын 20
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 сургууль барина

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэн ерөнхий боловсролын сургуулийн барилга барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 оны 10 дугаар сард шийдвэрлэсэн.

БСШУЯ тусламжийн хөрөнгөөр барих сургуулийн барилгын судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эхний ээлжинд 2015 онд нийслэл, хөдөө орон нутагт нийт  21 сургууль барихаар санал боловсруулжээ.

Нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн ачааллыг жигдэлж, хоёр ээлж рүү шилжүүлэх, мэргэжлийн хяналтын газраас тухайн сургуулийн барилгыг ашиглах боломжгүй, барилгыг буулгаж шинээр барих дүгнэлт гарсан, барилга барих зөвшөөрөл олгогдсон, техникийн нөхцөл хийгдсэн зэрэг зарчмаар сонголт хийжээ.

Эдгээр сургуулийн барилгын ажлыг нэг загварын зургаар ТЭЗҮ-ийг боловсруулж барих юм.

2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар улсын хэмжээнд 22 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаагаас 21 нь Улаанбаатар хотод байна.

Улаанбаатар хотын сургуулиудад жилд дунджаар 4000 орчим хүүхэд хөдөө орон нутгаас шилжиж ирдэг. Барилгын насжилт өндөрсч, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай байна.

 

Элчин сайд нарыг томилуулахаар санал хүргүүлнэ

 
Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилуулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ.

Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрах, Сингапур улсад Төмөрийн Лхагвадорж, Куба улсад Цэдэндамбын Батбаяр, Энэтхэг улсад Гончигийн Ганболд, Египэт улсад Чулууны Баярмөнх, Австрали улсад Батлайн Чулуунхүү, Польш улсад Нэмэхийн Батаа, Тайландын Вант улсад Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгох

ажлын явцын талаар танилцуулга хийлээ

 

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан.

Энэ консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хийгдсэн ажлыг хүлээж авч төлбөр барагдуулах, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд шилжүүлэх, 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, эргэн төлөгдөх нөхцөлтэй 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн зэрэг санал тавьжээ.  

Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр  үргэлжиж байна.  Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтжээ. Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг бөгөөд үүнд хэлэлцээр итгэлцэлд суурилах, санаа зовж буй байгаа бүх асуудлаа ярилцах, эдгээр асуудалд хамтарсан шийдвэр олохын төлөө бүтээлч санаачилгатай ажиллах зэрэг зарчим багтдаг байна. Хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж байхыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болголоо.

Тэрээр косжих нүүрсний зах зээлийн өрсөлдөөний талаар танилцууллаа. Тухайлбал,  Хятад улс нүүрсний төмөр зам гэж тусад нь хөгжүүлж байна. Энэ асуудлыг Шэнхуа тэргүүтэй төрийн өмчит томоохон компаниудтай хамтран хөгжүүлж байгаа.

Манай улс дэлхийд коксжсон нүүрсээрээ өрсөлдөхийн тулд

Том үйлдвэрлэл-Тавантолгойн нүүрсний орд газар, төмөр замын төслийг цогцоор нь хөгжүүлэх

Том тээвэрлэлт-Урт хугацаанд Монголын нүүрс дэлхийн зах зээлд  өөрийн гэсэн орон зайг тодорхойлох боломжтой болно.

Том борлуулалт- Хятадын төмөр замын сүлжээнд бүрэн нэвтэрч  гангийн үйлдвэрүүд төвлөрсөн бүс нутгуудад нүүрсээ нийлүүлэх төмөр замаар далайн боомт хүрч, гурав дахь зах зээлд гарах шаардлагатай гэлээ.

 Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоог буурууллаа

Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагч, төсвөөс цалинждаг зөвлөхийн орон тоог цөөлөх, зардал хэмнэх чиглэлийн хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоог 4 болголоо. Ингэснээр жилд 140 сая төгрөгийн хэмнэлт гарах тооцоо байна.   

 

Товч мэдээ

    - Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн болон Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж болон нийгмийн баталгааны тухай, төрийн албаны байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

    - Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Уул уурхайн сайд Р.Жигжид танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн талбайг Улсын нөөцөөс чөлөөлөх, судалгааны үр дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох, геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Үндэсний геологийн албыг байгуулах тухай асуудлыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.

- Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өнгөрсөн оны 5 дугаар сард өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татахаар тогтлоо.

- Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

- Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралт “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”д “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн төв байр, радио, телевизийн эфирийн студи, Хонхор дахь дамжуулах байгууламжийн радио, телевизийн төв” гэж нэмлээ.

- Төрийн өмчийн хорооны даргаас Д.Цогтбаатарыг чөлөөлж, Ц.Нанзаддоржийг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ