Гал тахих ёс
2015 оны 1 сарын 30
Гал тахих ёс
Гал тэнгэрийг үүсгэж залах
Үдшийн цагаан гэгээ тасарч харанхуй болон анхны од түгмэгц гэрийн эзэн хэт цахин гал гаргамагц уугисан уулыг гэрийн эзэгтэй тосч авч үлээгээд, сэвж хөгжөөн галаа ноцооход гэрийн эзэн цартай өвчүүг хоёр гардан авч, үүдний дотор талд дэвссэн шинэ тоног цагаан эсгий дээр гадагш хандан зогсоод, гурван удаа хурай хурай хурай гэж нар зөв хурайлаад, эргэж гал руу хандан бас гурван удаа хурайлан дусаал хэмээх тахилгын цацлыг адислуулан, гал тэнгэрийн билгүүн дүрсийг үүсгэн дүрсэлж, гал тэнгэрийн заллага айлтгадаг. Энэ үесэд галын сан уугиж байх бөгөөд лам галын сангийн судар уншиж байдаг.

Гал тэнгэрийн билгүүн дүр хийгээд хувилгаан, гэгээн, хийсгэлэн дүрийг дүрслэн өгүүлж, гал тэнгэр нөхөд лүгээ сэлтийг урин дуудаж ариун тахил өргөхийг амлаад, эртний тангаргийг нь дуртган, эгээрэл хүслийг маань бүтээж өгөхөөр энд өөд болон заларч ирнэ үү? гэж асралт гал тэнгэрт хандсан агуулгатай галын заллага айлтгадана.

Галын заллага
Айлдах энэрэхийн эрдэм хотол төгссөн
Амарлингуй догшин элдэр хувилгааныг үзүүлэгч
Асралт гал тэнгэр нөхөд лүгээ сэлтийг
Ариун тахил өргөхийн тулд энд урин залмой
Энэлгэт орчлонгийн амьтан бүхний
Эрсэн хамаг тусыг бүтээсүгэй хэмээн
Эрт цагт айлдсан тангаргаа дурдаж
Эдүгээнэ орноо өөд болон соёрх гэж заллага айлтгаад есөн хүж унгатгаж өвчүүн дээр хатгаад тулганы өмнө тавьж архи, амсыг тулганы дөрвөн зүгт тавиад мөргөл үйлддэг.

Гал тэнгэр нөхөдтэйгээ энд ирэгтүн гэсэн гол өгүүлбэрийг тодотгол үгийн чимгээр утга төгс найруулан холбож, гал тэнгэрийн дүрийг амьдчилан бүтээгээд, эрдэм чадал, рид хувилгаан асрал нигүүлсэл, андгай тангарагтан болгож, бадаг бадгаар өлмий тааруулан шүлэглэж, толгой холбон зохиожээ.
Галын мөргөл. Галын билгүүн дүрийг сэтгэлдээ үүсгэн зохиож, Галайханы бие, зарлиг, сэтгэл эрдэм үйлсэд бишрэх сэтгэлээр мөргөсөн мөргөл шүлэг юм. Мөргөлийн энэ хувилбарт цогт, хэмээх үгийг шад бүхэнд давтан холбож, өлмий бүжлийг бие, зарлиг, сэтгэлийг хотол төгссөн хэмээх үгээр чимж зохилдохуйн чимэг утгыг илтгэн, яруу төгс өгүүлжээ.
Цогт жавхлант хотол төгссөн биет
Цогт яруу эгшиг хотол төгссөн зарлигт
Цогт асран нигүүлэсхүй хотол төгссөн сэтгэлт
Цогт гал тэнгэр нөхөд лүгээ сэлтэд мөргөмүү

Гал. Доод өнгөнөөс дээшид өгсүүлэн биет, зарлигт, сэтгэлт хэмээх үгэнд утгын өргөлт оноож, Цогт гал тэнгэр нөхөр лүгээ сэлтэд хэмээх шадыг дээшид бадруулан, Гал тэнгэр хэмээх үгэнд туйл болгон өргөөд, доош бууруулж мөргөмүү гэдгийн муу үеийг эгшиглэх өргөлтөөр төгсгөдөг. Энэ нь гал залиран бадрах мэтээр үлгэрлэн дуудваас зохилтой.
Тахилын дуудлагын агуулга. Гал тахих өвчүү, шагайт чөмөг, дөрвөн өндөр хавирга, амс будаа, тос өөх, архи, сэмж, есөн зул, хүж, торго бөсийн өөдөс, хялгана хэрэглэгдэхүүнийг тодотгон чимэх ба тоочин өгүүлэх хийгээд гал тахилгын зан үйлийн үйлдэл, бэлэгдэл тэргүүтнийг шүлэглэж, тахил тавигийг дурдатгасан агуулгатай байдаг. Жишээ нь:
Шим чадал хурц амт бүхэн ариун төгссөн өвчүү
Тосны чанар төгссөн сэмж
Алимад харанхуйг гийгүүлэгч есөн зул
Анхилахуй сайхан үнэрт есөн хүж
Асар баясгаланг төрүүлэгч ундааны эрхин

Амтатын зүйл бүхэн хүртээлийн төгссөн дээд сайн будаа элдэв торго бөс гэх мэтээр өвчүү, сэмж, өвс, зул, хүч, архи, будаа, бөс торгыг зэрэгцсэн ба угсарсан тодотголоор хэмнэл тохируулан холбожээ.
Бас гал тахилгын тахилын дурдлагад гал тахих зан үйлийн бүхий л явц хийгээд үйлдэх зан үйлийн дэс дараа хөдлөл хөдөлгөөнийг нүдэнд харагдтал сэтгэлд хоногштол уран сайхнаар өгүүлсэн жишээ гал тахих ёсны судруудад элбэг бий. Үүнд: Урт ханцуйг удруулан суунам, ууц өвчүүгээр тахин суунам. Халим өөхийг алгаар өргөнөм, хар архийг аягаар дусаанам. Арван зургаан сэрвээ дэлгэрсэн ариун өвчүүгээр тахин мөргөнөм. Арт торго ар өвөрт өмсгөнөм. Амс будаагаар тахин мөргөнөм. Арз архи, амс будаа, өвчүүгээр тахин мөргөнөм. Арван их тахил, өргөн их өчгийг чинь өргөн дуудан мөргөнөм. Тэвшит шүүч идээний дээжээ өргөн тахинам. Бурам, тос, архи, сархадаа өргөн тахинам. Торго, дурдан, таж магнагаа өргөн тахинам. Уураг сүү, цагаан идээгээ өргөн тахинам. Арз хорз, амтат идээгээ өргөн тахинам. Хонины өвчүү арван зургаан сэрвээгээ өргөн тахинам. Алтат магнагаа өмсөн ариун тос дарсаар тахинам. Торгон ханцуйг удруулан суунам, тос өөхөөр мялаан суунам. Энэ өлзийт өдөр эх шар тэргүүт цагаан хонины өвчүүгээр тахинам гэх мэт зан үйлийг дурдатгадаг.

Галын тэнгэрт тахил өргөх дуудлага
Галд мөргөхийн хамтад тахил тавигийн зүйлийг магтаж, өвчүүгээ өргөж байгаад:
Шим амт чадал бүхэн төгссөн ариун өвчүүг
Шинэ цагаан утсаар үзэмжтэйеэ ороосон ба
Шагайт чөмөг, дөрвөн өндөр хавирга, лугаа сэлт
Шүтээн гал тэнгэрийн чуулганд тахил болгон өргөмүү
Хурц тосны чанар төгссөн сэмж ба
Хурднаа өрөвсөн бадрагч ялгана өвсийг ч
Хутаг хишиг нэмүүлэг дээд хан тэнгэр
Хувшгаан олон нөхдийн чуулган сэлтэд өргөмүй
Алимад харанхуйг гийгүүлэгч есөн зул
Анхилахуй сайхан үнэрт есөн хүж
Арц гал тэргүүтэн ба элдэв хувцдын зүйл бүгдийг
Аврагч гал тэнгэр нөхөд сэлтэд өргөмүй гэж өвчүү өргөөд тулганы тотгон дээр тавьж бадраахад галын хүрлэг хөгжиж, дөл нь цоролзож ирнэ. Энэ үед бусад зүйл тавигийг өргөж мөргөдөг.
Асар баясгаланг төрүүлэгч ундааны эрхин
Ард бүхний сэтгэлийг булаагч шимсийн зүрхэн
Амсах амт хийгээд анхилах үнэрийн эрдэм төгссөн
Архины дээж өөхөн лүгээ сэлтээр тахимой гэж хоёр зүйл архийг өргөөд, амс өргөж айлтгана.
Маш үлэмж нигүүлсэхүйн чанад хүрснээр
Маш хүссэн хэрэгтнийг хур мэт буулгагч
Маш их хүчит гал тэнгэрийн чуулганд
Маш биширхүй сүсгээр сөгдөн мөргөмүй. гээд хормойгоо дэвсгэж байгаад галд мөргөнө.

Ачит бие махбодийг дэгжүүлэх чадалт
Амьтдын тэжээлийн дээд нь болсон
Ариун сүү хийгээд тосыг сайтар нийлүүлсэн
Амтатын зүйл бүхэн төгссөн сайн будаагаар тахимой гэж будаа амсыг галд өргөнө.
Үзвээс нүдэнд зохист тунгалаг өнгөтэй
Үнэр нь хамарт зохист сайтар анхилсан
Үйл чадал, бие сэтгэлийг амуулагч эрхин умдан
Үйлшгүй сайн амтат сайн архиар тахимой гээд аягатай архиа өргөнө.
Хүссээр бүтэх галвирваасын хувцад лугаа адил
Хүүрэлцвээс биед маш зөөлөн амгалант
Хөнгөн нимгэн тэргүүтэн олон эрдэнэ төгссөн
Хүртээлийн дээд элдэв торго бөсийн зүйлээр тахимой гэж дуудахад бөс торгоны өөдсийг галд өргөдөг.
Ашид бие махбодийг дэгжүүлэхийн чадалт
Амьтан нугуудын тэжээлхэн дээд нь болсон
Ариун сүү хийгэд тосыг сайтар нийлүүлсэн
Амтатын зүйл бүгд төгссөн сайн будаагаар тахимой гээд будаа, амсаа галд өргөнө.

Хар архийг аягаар дусаанам
Халим өөхлөг аягаар өргөнөм
Урт ханцуйг удруулан суунам
Ууц өвчүүгээр тахин суунам
Торгон ханцуйг удруулан суунам
Тос өөхөөр мялаан суунам гэхэд архийг гурвантаа аягалан өргөх ба халим өөх алгаараа тосч галд өргөдөг.
Эрхт гал тэнгэр нөхөд сэлт бүгд бээр
Эртнээс энэ мэт тахил өргөдөг ёсчлон
Эдүгээ бид бүгд ч хүндлэн тахисан үүнийг
Энэрэн нигүүлсэхүйн чанад хүрснээр
Маш их хүчит гал тэнгэрийн чуулганд
Маш бишрэнгүй сүсгээр сөгдөн мөргөмуй гэж архи амс өөх өргөн сөгдөн мөргөж галын магтаал айлтгана.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ